Палестины Хамас бүлэглэлийн дайчид пүрэв гаригт Израилийн нийслэл Иерусалим болон Тель-Авив хотуудад дахин пуужингийн цохилт өглөө. Израилийн тал дайралтын хариуд Газа дахь Сунни-Исламист Хамас бүлэглэлийн байршлуудад цохилт өгөхөө илэрхийлсэн юм.Улмаар 2014 оны дайнаас хойш харьцангуй нам жим болоод байсан Израиль-Палестины мөргөлдөөн дахин хурцдаж, олон улсад нөхцөл байдал хяналтаас гарах болгоомжлол бодитоор бий болоод байна. Сөргөлдөгч талууд даваа гаригаас эхлэн хэд хэдэн удаа харилцан пуужин болон агаарын дайралт хийсэн. Палестины Эрүүл мэндийн сайд пүрэв гаригт Израилийн армийн агаарын довтолгооны улмаас өнөөдрийн байдлаар нийт 67 хүн нас бараад байна гэж мэдээлсэн. Харин Израилийн талаас долоон иргэн Хамас бүлэглэлийн пуужингийн цохилтод өртөж амиа алдсан байна. Вашингтон Газын зурвас дахь мөргөлдөөн даамжирч, дайн болохоос сэргийлэх зорилгоор Израиль болон Палестины талуудтай хэлэлцээ хийхээр тусгай илч илгээхээр төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден лхагва гаригт Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан.Цагаан ордны тэргүүн энэ үеэр талууд харилцан ойлголцолд хүрч, нөхцөл байдал намжина гэж итгэж байгаагаа илэрхийлсэн ч Израилийн тал өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэсэн байна. Харин Израилийн Засгийн газраас Газын зурвас дахь Хамас болон бусад террорист бүлэглэлүүдийн байршилд үргэлжлүүлэн цохилт өгнө гэж мэдэгдсэн юм.Израилийн Батлан хамгаалах яам Палестины Газа хот дахь террористуудын байршилд хийсэн агаарын цохилтоор Хамас бүлэглэлийн командлагчийг хөнөөсөн гэж мэдээлсэн. Тэгвэл Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание Израилийн армитай тулалдахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.