Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн сурагчдад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын 25 суманд 2019-2023 онд хэрэгжих юм байна. Нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд бүрэн дунд сургуультай, ядуурал ажилгүйдлийн төвшин өндөр, Монгол улсын баруун, зүүн, төвийн болон хангайн бүсийн төлөөлөл болох 14-24 насны эмзэг бүлгийн сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй, 6000 өсвөр насны залуучуудыг хамруулна.
Монгол Улсад боловсролын түвшин нэмэгдсэн ч сургуулиас завсардсан буюу завсардах эрсдэлтэй хөдөө орон нутгийн эмзэг залуучууд хөдөлмөрийн зах зээлд ороход бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ нь ажлын байр хомс, түүнчлэн ажил мэргэжлийн хувьд өсөн дэвших, хувиараа хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн болон нийгэм сэтгэл зүйн ур чадваргүйгээс шалтгаалдаг. Нийгэм-сэтгэл зүйн ур чадварт өөрийгөө удирдах, зорилгоо тодорхойлж чиглүүлэх, хувь хүний хариуцлага, шийдвэр гаргах чадвар зэрэг багтана. Төсөл нь энтрепренершип буюу бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, залуучууд болон тэдний ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, ажил олгох салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулахад чиглэсэн сургуульд суурилсан, олон нутгийн санаачилгад тулгуурласан хөтөлбөрөөр дамжуулан хөдөөгийн залуучуудад зориулан явуулах сургалтын чанар, хамаарлыг сайжруулах замаар дэмжлэг үзүүлнэ.

Энэ талаар, Дэлхийн Банкны Монгол Улс Хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, “Сургалт явуулж, танхимд сурсан зүйлээ дадлага хийх боломжийг олгосноор төсөл нь хөдөө орон нутгийн залуучуудын сурлагын амжилтыг дээшлүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх замаар ирээдийн ажил мэргэжлийн өсөн дэвших боломжийг сайжруулахад туслах юм” гэв.
Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.
Тиймээс төслийн хүрээнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлнэ. Мөн сургалтын хөтөлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлнэ. Түүнчлэн тэдэнд менторшипийн дэмжлэг үзүүлж, туршлага солилцох уулзалт зохион байгуулах юм байна. Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нөлөөлөл, олон нийтийн кампанит ажлуудаар дамжуулан төслийн сайн туршлага, үр дүнг бусад орон нутгуудад түгээн, энтрепренершипийн боловсролыг дэмжих бодлогын орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төслийн үйл ажиллагаа нь зорилтот орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд гэх мэт 20,000 орчим иргэнд хүрэх юм байна.