Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн есөн дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгчээ.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Д.Баярсайхан, Ш.Үнэнбат, Д.Мөнхбат, Ё.Цацралтуяа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, ЦЕГ-ийн Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.
Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба "НИТХ, Нийслэлийг ГХУСАЗЗ-ийн зүгээс иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах орчиныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагад чиглэл өгч олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Энд олгогдож байгаа 17 автомашиныг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг 2017 оны арваннэгдүгээр сард НИТХ-аас тогтоол гарган Нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. 2018 онд Нийслэлийг ГХУСАЗЗ-өөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн олон ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсүүдэд автомашин олгох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, гудамж талбайг камержуулах гэх зэрэг олон ажлыг нэрлэж болно. Ямартай ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгуулагын ажилтан албан хаагчдын албан ажлын орчин нөхцөл, техник, хэрэгслийг сайжруулах, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бид 9 дүүргийнхээ цагдаагийн хэлтэст парк шинэчлэл хийж, эдгээр тусгай тоноглолын авто машинуудыг өнөөдөр гардуулан өгч байна" гэв.