Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү: Өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдээллийн үеэр иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар нийт 43 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. Гэтэл энэ тоо өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдэж 89 болсон байна. Үүнээс нэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал тавиад шилжүүлсэн. Мөн нийт найман хэрэг бүртгэлийн хэрэг Тагнуулын байгууллагаас шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах 5, иргэний сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх 2, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 хэрэг байна.
Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуул, Цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөөр байтал зарим нам, эвсэл улс төрийн хүчин, нэр дэвшигчид цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндийг гутааж, сонгогчийн саналыг худалдан авахаар мөнгө тараах зэрэг үйлдэл гаргаж байгаа тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат: Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 1118 дуудлага мэдээлэл ирсэн. Үүний 518 нь нийслэлд, 600 дуудлага мэдээлэл нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээллийн тодорхой хувийг сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, шатахуун тарааж байна гэх дуудлага мэдээлэл тэргүүлж байна. Иймд иргэд сонгогчдын саналыг худалдан авч сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлогуудыг цагдаагийн алба хаагчид тухай бүр илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлж байна.
1. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын сонгуулийн штабын ажилтнууд 2020 оны зургадугаар сарын 5-ны өдөр тус сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хашаа барьж өгсөн тухай асуудал шалгагдсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шүүхэд шилжүүлж зургадугаар сарын 17-ны өдөр холбогдогч Б-д 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг оногдуулсан.
2. Зургадугаар сарын 12-ны өдөр иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгалтыг явуулахад Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоциклыг тойрог дээрээ хадгалж байсныг илрүүлсэн.
3. Зургадугаар сарын 18-ны өдөр УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч 80 гаруй иргэнийг шатахуунаар хангаж тооцоог нь хийсэн хэрэг гарсан.
4. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчийн гэр бүлийн хүн өөрийн төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр иргэдэд бэлэн мөнгө тараасан гэх асуудал гарсан.
5. Зургадугаар сарын 16-ны өдөр иргэнээс ирсэн гомдлыг шалгахад нэр дэвшигч П-ын сурталчилгааны менежер Б гэх этгээд бэлнээр 40 сая төгрөг авч явсан гэх хэргийг илрүүлсэн.
6. Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа А-ын сонгуулийн штабын ажилтан сонгогчдын саналыг авахын тулд нэр бүхий долоон хүнтэй урьдчилан уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг илрүүлсэн. Дээрх хэргүүдийг цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Эдгээр зөрчлүүд нь шалгалтын явцад үйлдэгдсэн нь тодорхой болбол СЕХ-оос нэр дэвшигчийг эргүүлэн татна.