Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь олон төрлийн хүмүүжлийг өгч болно гэж та бүхэн уншсан билээ. Хүүхдийн хөгжлийг эхийн хэвлийд бий болох үеэс анхаарах нь ургийн эсэн мэнд бойжих, түүнд тохирсон хүмүүжил, хөгжил нь насан туршийн амьдралд нь нөлөөлдөг гэдгийг та бүхэн мэддэг болсон.
Хүүхдийн хөгжлийн суурь төлөвшил хүмүүжлийн гол нас нь 0-6 нас байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өөр өөрийн орчинд өөр өөрийн аав ээжийн хүмүүжлийн арга барилаар хүн болдог. Хүүхдийн анхны орчин бол орон гэр, гэр бүл билээ. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөн торних нь чухал. Гэвч энэ бүхнийг аав, ээж нь зааж, үлгэр дуурайлал болох нь чухал. Хүүхдийн орчны хүмүүжилд эцэг эхийн оролцоо хэдий чинээ их байх тусам тэд орчиндоо биеэ зөв авч явах дадал хэвшил тогтдог ба нийгэмшилт нь төдий чинээ сайн байдаг.
0-1 насны хүүхдийн орчны хүмүүжил
Хүүхэд амьдралынхаа эхний долоо хоногуудад аав ээжийн халуун дулаан хайр халамжид өсөн торнихоос гадна өөрийн хөдөлгөөн, дуу хоолойгоороо юу хэрэгтэй байгаагаа мэдэгдэж байдаг. Хүүхдийг уйлах, хөдлөх бүрт ээж хүүхдээ юу хүсэж байгааг ойлгон хэрэгцээг нь хангаж чаддаг нь эх, хүүхдийн биологи-физиологийн холбоо юм. Эх үрийн энэ холбоо нь хувь хүний төлөвшил болон нийгмийн амьдралын үндэс болдог.
Хүүхдийг гадагш авч гарна гэдэг хэцүүхэн зүйлийн нэг байдаг. Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад гардаг хүндрэлүүд аав ээжийн санааг нэлээд зовоодог. Аав ээжүүд хүүхдийг авч явахаас зайлсхийн өвөө эмээ дээр нь орхин явах нь олонтой. Гэвч хүүхэд орчиндоо хэрхэн биеэ авч явах хүмүүжил хоцрогдох тул хүмүүжлийг аав ээжүүд маань тэдэнд төлөвшүүлэх нь зүйтэй. Олон нийтийн газар хүүхдийг авч явахад гардаг хүндрэлүүд дотор хүүхдийн хооллолт, бие засах байдаг.
Хүүхдийг багаас нь эрүүл хоолоор хооллох, зөв бие засаж сурах, зөв дадал хэвшилтэй болгох хэрэгтэй. Хүүхдийг хаа хамаагүй газар хоол идүүлэх нь эрсдэлтэй. Гэртээ зөв хооллож сурсан хүүхэд гадуур гарахдаа замбараагүй хооллодоггүй. Мөн зөв бие засаж сурсан хүүхэд биеэ зөв авч явдаг ба хаана бие засаж болох болохгүйгээ мэдэж, өөрийгөө барьж сурч үүнийгээ аав ээждээ мэдэгддэг. Бие засах болон хооллох дадлыг нялхаас нь зааж өгөөрэй.
-Нялх хүүхдийг бие засаж суртал нь живхтэй байлгаж болох ч өөрөөр нь тосож бие засуулахыг цаг цагаар сургах хэрэгтэй. Хэдий хэдхэн долоо хоногтой ч хүүхэд үүнийг сурдаг байна. Үүний тулд та түүнд уйгагүй цаг зарцуулах шаардлагатай. Эндээс хүүхэд нялхаасаа зөв бие засаж сурах болон биеэ хянах, өөртөө итгэлтэй, уйгагүй, тууштай зан нь төлөвшиж болох суурь тавигдаж болно. Тосож бие засуулах нь хүүхдийн давсагны үйл ажиллагааг сайжруулдаг. Живх нь хүүхдийг шээсээ хянаж сурах дал дээр муу талтай.
-Нялх хүүхэд цагаар хооллож сурах нь мөн л зөв хооллолтын дадал хэвшил сурч авна. Эхлээд хүүхэд хоолоо нэхэж уйлах нь ойлгомжтой. Ээжүүд хүүхдийг өлсөөгүй байхад нь хооллох хандлага ажиглагддаг. Нялх хүүхэд ч хоолоо олж идэхийн тулд уйлах нь өөрөө хүч гаргах ёстой гэсэн ойлголтыг авдаг байна.
-Хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн хүмүүжлийн зөв олгох нь чухал бөгөөд хүүхэд ой хүрэхэд бусдын үйлдлийг дуурайдаг. Бага насанд бусдыг дуурайх нь их тул аав ээж энэ үед нь үлгэрлэж, зааж сургах нь зүйтэй.
-Хүүхдийн ой хүрсэн ч гэсэн нялхад нь заасан зүйлээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ нь хүүхдийг ямар ч орчинд аваад явсан ч, цаашид хүндрэл багатайгаас гадна хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байна гэсэн үг.
-Ихэнх хүүхэд хоол идсэний дараа, унтаж босож ирээд, өглөөгүүр бие засдаг. Ээжүүд ч хүүхдийг хараад бие засах гэж байгаа нь мэддэг болдог. Хүүхдийг цагт нь хооллож, бие засуулаад гадагш нь авч явах хэрэгтэй. Тосуулж бие засаж сурсан хүүхэд дараагийн бие засах хүртлээ хангалттай хүлээж чаддаг. Нэгээс нөгөө бие засах хооронд та хүүхдийг салхилуулах, дагуулж явахад хялбар байх болно. Магадгүй бие засах хугацаа нь болсон бол та бие засах зориулалтын газар бие засуулаад явж болно.
-Аав ээжүүд хүүхдийг нялх хүүхэд гээд аяганд тосох, хаа хамаагүй газар бие засуулдаг. Ийм замбараагүй байж болохгүй. Бүх зүйлд өөр өөрийн газар, бүх зүйлийг тусгаарлаж хийдэг зориулалтын газар, сав гэж байдаг шүү дээ.
Энэ нь хүүхэд хаа дуртай газраа бие засахгүй, орчноо хүндэлж, орчиндоо өөрийгөө авч явах суурь нь болно.
1-3 насны хүүхдийн орчны хүмүүжил
Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн төлөвшиж хөгжөөгүй ч өөр өөрийнхөөрөө аливаа зүйлийг бодож, тунгааж, хэн нэгнээс үлгэр дуурайлал авч байдаг. 3 настай хүүхэд 25 нас хүрсэн том хүний хэл ярианы 75-80%-ийг ойлгож байдаг. Тиймээс бид хүүхдийн хүмүүжилд хариуцлагатай, болгоомжтой хандах хэрэгтэй.
Орчин нь хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бялдар, хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг. Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахад хүндрэл гардаг ч өөрийн хүүхдэд багаас нь төлөвшүүлэх нь зөв. 1-3 нас нь хүүхдийн хувьд ид хөдөлгөөнтэй, аливаа зүйлийг мэдэж таних гэсэн нас байдаг.
Хүүхдийг олон нийтийн газар авч явахад болон гэртээ дараах зүйлст анхаараарай.
-Гэртээ байхдаа хүүхдэд бусдын болон өөрийн орон зай байдаг гэдгийг ойлгуулах. Түүнийг хүндэтгэх, зөвшөөрөл авч байж үзэж сонирхох зэрэгт хүмүүжүүлэх. Хүүхдийг эд зүйлд хүрэх, авахдаа аав ээж өөрөө зөвшөөрөл авах. Аав ээж өөрийнхөө зүйл болон бусад тохиолдолд хүүхдийг зөвшөөрөл авхуулж сургах нь зүйтэй. Айлд дагуулан очихдоо мөн адил дээрх зөвлөгөөг хэрэгжүүлнэ. Зарим аав ээжүүд хүүхэд ойлгохгүй гэж тоодоггүй. Гэрийн эзнээс зөвшөөрөл авч аливаа зүйлд гарах хүрэх, авах зэрэгт хүүхдэд сонсогдох байдлаар ярилцана. Хагарах, гэмтэх эмзэг зүйлд гар хүрэхийг эрс татгалзах нь зүйтэй. Мөн айлд болон амралт зугаалгад явахдаа хүүхдэд хэрэгтэй бүхнийг авч явах хэрэгтэй. Горшок, тоглоом, хувцас гэх мэт. Хүүхдэд өөрийн хэрэглээг бий болгож сургаарай.
-Жижиг зүйлс, халуун, хүйтэн шингэн, хурц үзүүртэй зүйлс, давхарласан зүйл, гялгар уут, хутга шөвөг, зэргийг хүүхдээс хол байлгах, өөр олон олон аюултай байж болох зүйлс зэргийг ямар аюултайг тайлбарлан сэргийлэх. Хүүхдэд халбага, сэрээ, харандаа зэргийг зөв бариулах, хажууд нь хяналт тавина. Энэ хүүхэд биеэ хамгаалах, эрсдэлийг тооцоолж сурна.
-Хүүхдийг олон нийтийн таагүй харилцаа болон орчноос хол байлгах. Хүүхдийн дэргэд архи тамхи хэрэглэхгүй байх. Яагаад байж болохгүй талаар тайлбарлан өгөх. Хүүхэд архи тамхины талаар энгийн л хэрэглээ юм байна гэсэн буруу ойлголттой болдог. Өөрөө ч хожим буруу зуршилтай болох үндэс нь тавигддаг. Тиймээс аав ээжүүд анхааралдаа аваарай.
-Хүүхдийн сэтгэл зүйг бэлтгэх. Үүнд айлд орхих болон цэцэрлэгт оруулах зэрэг асуудлууд багтана. Хүүхдийг өвөө эмээ, хамаатан садандаа бага багаар орхиж танихгүй орчинд дасгах нь чухал. Цэцэрлэгийн талаар үлгэр, ном унших, тэнд дандаа гоё зүйлс байдаг ойлголтыг өгөөрэй. Хүүхэд аав ээждээ хэтэрхий дасах нь танихгүй орчинд ороход нь стресстүүлж, айдастай, тавгүй болгодог. Орчинд дасгахдаа аажуу тайвнаар нөлөөлөөрэй.
-Аав ээжүүд хүүхдээ ажиглан, юу хэлэх гээд байгаа дохио зангааг мэддэг болохыг хичээгээрэй. Хүүхдэд хийж байгаа үйлдлээ үг яриагаар тайлбарлах, санаа бодлоо хуваалцах, ярилцахад ашиглах зарим үгсийг хэлж өгөөрэй. Түүнийг анхааралтай сонсож, хэлэхийг оролдож байгаа зүйлд нь анхаарал хандуулах нь чухал. Ялангуяа таагүй зүйлд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зааж өгөөрэй. Ямар нэг аюул тулгарахад аав ээждээ мэдэгддэг дохио зангаа зааж өгөөрэй.
-0-1 наснаас эхлэн зөв бие засуулж сургах зөвлөгөөг ч энэ насанд нь тасралтгүй зааж сургаарай. Горшоконд суулгаж сургахыг харин энэ насанд нь зааж өгнө. Хүүхдийг тайван бие засуулж сургах нь хүүхдийн зан төлөвт ч нөлөөдөг. Хүүхэд өөрийн бие организмын асуудлаа тайван шийдэж сурах нь аливаад хүлээцтэй ханддаг байна.
-Хүүхдийг өөрийгөө хайрладаг, хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлээрэй. Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн орчноо, бусдыг хүндэлдэг. Энэ хүмүүжлийг хүүхэд аав ээжээсээ олж авдаг.
-Хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлээрэй. Үүнд хүүхэдтэйгээ ярилцах, сонсох нь чухал. Энэ насанд хүүхэд аав ээжийгээ асуултаар дарах нь элбэг. Илэрхийлэх чадвар хөгжсөнөөр хүүхэд нээлттэй харилцах, бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх ухаанд суралцаж байна гэсэн үг. Энэ чадварыг аав ээж хүүхэдтэй төвөгшөөхгүй ярилцах, сонсох, цагийг хамт өнгөрөөх, хүүхдийг хүндлэх, ном уншиж өгөх зэргээр хүүхдэд төлөвшүүлдэг.
4-6 насны хүүхдийн орчны хүмүүжил
Хүүхдийн хүмүүжлийн гол төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-6 нас байдаг. Хүүхэд хорвоод мэндлэх, хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн зургаан нас хүрэхэд ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг. Энэ нь сургуулийн өмнөх нас хүний төлөвшлийн чухал үе болдог. Тиймээс хүүхдийг аль болох бага наснаас нь асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах нь чухал.
Аав ээж хүүхдийг бүр нялхаас нь нас насанд нь тохируулан орчиндоо биеэ авч явах талаар хэрхэн яаж сургах зөвлөгөөгөө хүргэсэн билээ. Хэрэв хүүхдийг багаас нь төлөвшүүлж чадаагүй бол энэ нь хүүхдэд өөрт нь болон аав ээж, бусдад нэлээдгүй асуудал болдог. Тиймээс хүүхэдтэйгээ уйгагүй, тасралтгүй, тогтвортой хүмүүжүүлэх, арга барилаа олох, мэдэхгүй чадахгүй зүйлээ уншиж судлах, мэргэжлийн хүнээс асуух гээд олон талаар аав ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаарай.
-Сургуульд суралцах сэтгэл зүйг нь бэлдээрэй. Хэрэв хүүхдэд цэцэрлэгийн сэтгэл зүйн бэлтгэлийг нь сайн хийсэн бол сургуулийн бэлтгэл асуудалгүй. Хүүхдэд сургуульд яагаад суралцах талаар ойлгуулж, багш гэж хэн, гэрийн даалгавар яагаад хийх ёстой гэх мэтээр сургуулийн орчинтой танилцуулах зэрэг сэтгэл зүйн бэлтгэлийг нь хийгээрэй.
-Урьд урьдын зөвлөгөөнүүдийг ч энэ насанд нь хэрэгжүүлээрэй. Нойр, хоол, хайрын хэрэгцээ нь зөв хангагдсан хүүхэд орчиндоо өөрийгөө зөв авч явдаг. Мөн хэн нэгнээс ирэх харилцааны таагүй байдлыг даван туулах сэтгэлийн хат хүүхдэд суугдсан байдаг.
-Хүүхдэд биеэ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй болгох. Аав ээжүүд охин хүүхэд хэрхэн хувцаслах, яаж суух, юуны талаар мэдвэл зохилтойг болгоомжтой үгээр тайлбарлан хэлэх ба хэрхэн биеэ хамгаалах, аюул тохиолдвол аав ээждээ яаж мэдэгдэх талаар заах нь зүйтэй. Эрэгтэй хүүхдэд ч мөн ялгаагүй. Бид хүүхдүүдээ багаас нь сургах ба танихгүй хүний машинд суухгүй, танихгүй хүний гуйлтанд яаж хариулах гэх мэт. Хамгийн гол нь хүүхэд аав ээжээсээ хараанаас гараад юу харсан, юу болсныг илэн далангүй яриулж сургаарай.
-Үгүй гэж хэлж сургаарай. Хүүхдийг бусдын заавраар хөдөлдөг сул дорой биш өөртөө итгэлтэй нэгэн болгох нь чухал. Аливаа хүсээгүй, чадахгүй зүйлдээ “үгүй” гэж хэлэх нь зарим томчуудад ч дутагддаг чанар юм шүү. Тиймээс багаас нь үгүй гэж хэлүүлж сургах хэрэгтэй.
-Байгаль орчин, хүрээлэн буй орчныг хайрлах нь хувь хүний бас нэг орчны хүмүүжил. Хүүхдэд энэ чадварыг мөн л багаас нь төлөвшүүлдэг. Хүүхэд энгийн зүйлээс л жишээ авч суралцах болно. Аав ээж хогоо хэрхэн хаях, зажилсан бохио яаж хаях, ургамал модыг гэмтээхгүй байх, байгальтай хэрхэн харилцах, хүндлэх талаар ярилцаарай. Өөрөө үлгэр жишээч байж, хүүхдэдээ энэ чадварыг суулгаарай.
-Хүүхдэд өөрийн гэсэн өмчлөлийг бий болгоорой. Хүүхдэд өөрөө хэрэглэдэг аяга, сэрээ, алчуур, саван, хувцсаа хийдэг шүүгээний нүд гэх мэт. Ийм өмчлөлтэй байхын мэдлэг мэдээлэлтэй болгоорой. Хүүхэд өөрийн хэрэглээг бий болгож сурах нь эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй хамгаалж чаддаг болно.
-Хүүхдэд зориулсан мөнгөн хуримтлал, түрийвч, гахайтай болгоорой. Багаасаа мөнгөний талаар зөв ойлголттой болж, хурааж хадгалах, зарцуулах ухаан сууна. Гэхдээ мөнгийг хадгалахын тулд биш хэрэглэхийн тулд цуглуулдаг гэдгийг ойлгуулах. Энэ нь аажимдаа хүүхдэд өөрийн гэсэн зарцуулах мөнгө бий гэсэн итгэл бий болгодог. Огт хэрэглэхгүйгээр хадгалах нь хүүхдийг харамч, нарийн зантай, амиа бодсон болгоно. 0-6 насны хүүхдэд мөнгийг хэрхэн яаж хуримтлуулах, хадгалах, зарцуулах талаар үлгэр дуурайлал өгөхөөс гадна ажил хөдөлмөр эрхэлж байж мөнгө олдог талаар тайлбарлаж өгөөрэй.