"Ковид-19" цар тахлын улмаас өргөн хэрэглээний барааны үнэ хэр байгаа талаар статистикуудыг багцлан хүргэе.
Нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн
Дөрөвдүгээр сарын 15-наас БНХАУ талаас Монгол Улсаас өдөрт 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгаа билээ. Хилийн тээвэрлэлт удааширч байгаагаас болж улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй нэгж, зарим тээвэрлэгч жолооч нар өөртөө давуу байдал үүсгэж үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсчээ. Зохиомлоор нийлүүлэлтийн хомсдол үүсгэсний уршгаар нарийн ногооны дундаж үнэ дунджаар кг тутамд 22.2 хувиар өссөн байна.
ШӨХТГ-аас энэхүү үйлдэлд холбогдуулан Зөрчлийн хэрэг нээж, тээвэр гүйцэтгэсэн есөн иргэн, нэг ААН-ийн хууль бус орлого болох 234,000,000 төгрөгийг хурааж, 3,000,000 төгрөгийг торгууль ноогдуулжээ.
Нийслэлийн статистикын газрын мэдээлснээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12,669 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 14,967 төгрөгийн үнэтэй байна. Мөн үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар, хонины ястай мах 1.8 хувь, цул мах 3.1 хувиар буурчээ.
Хамгийн хямд: Хархорин зах /Үхрийн ястай мах-12,800 төгрөг, хонины ястай мах-10,500 төгрөг/
Хамгийн үнэтэй: Е-март, Саруул, Их наяд зах /Үхрийн ястай мах-16,500 төгрөг, Емартад хонины ястай мах-14,500 төгрөг/
Хүнсний ногооны үнэ өсчээ
Монгол луувангийн дундаж үнэ долоо хоногийн хугацаанд 5.5 хувиар өсч 1997 төгрөгөөр, монгол байцааны дундаж үнэ 6.2 хувиар өсч 2965 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хамгийн хямд: Оргил супермаркет /Байцаа-2500 төгрөг, лууван-1500 төгрөг/
Хамгийн үнэтэй: Меркури, Баянзшүрх зах /Байцаа-3500 төгрөг, лууван-2500 төгрөг/
Гурилын үнэ тогтвортой байна
“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1300-1600 төгрөг, хоёрдугаар зэргийнх 969-1100 төгрөг байна.