Замын хөдөлгөөний удирдлагын төв Эрүүгийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний зөрчлийг иргэдийн оролцоотой бууруулах зорилгоор E-police аппликейшныг өнгөрсөн оны аравдугаар сараас нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус аппликейшныг ашиглан 7000 иргэн замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлснээс 4000 зөрчилд хариуцлага тооцжээ. E-police аппликейшнаар зам тээврийн дараах есөн зөрчлийг мэдээлэх боломжтой. Үүнд
Түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон, тэмдэг тэмдэглэл зөрсөн
Явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан
Явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогссон
Үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэсэн, буцаж эргэсэн
Эгнээ, байр буруу эзэлсэн
Улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан
Утаа ихээр ялгаруулсан /бүрэн бус/ зэрэг зөрчилтэй учирсан иргэд уг аппликейныг ашиглан гурав хүртэлх зургаар баримтжуулж мэдээлэх тохиргоотой.
Иргэдийн илгээсэн зураг шаардлага хангасан, гарцаагүй баримт мөн эсэхийг холбогдох албан хаагчид шалгасны дараа зөрчил гаргагчдад торгууль оногдуулж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн иргэнд эргэн мэдээлэх юм. Замын хөдөлгөөнд нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил өдөрт 3000-5000 хооронд бүртгэгддэг бол хурд хэтрүүлэх зөрчил өдөрт 500-1000 гардаг байна. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал “Нотлох баримтын төвшинд мэдээллээ үнэлүүлэхэд тухайн объектыг нарийн дүрсэлсэн байх ёстой. Тухайлбал, зогсох хориотой газар зогссон тээврийн хэрэгслийн зургийг замын тэмдэгтэй нь хамт, байршлыг нь тодорхой явуулбал албаны хүмүүст нягталж, хариуцлага тооцоход ч дөхөмтэй мөн баталгаатай баримт болно” гэв. Мөн гэрлэн дохионы урд зогсож байхдаа эгнээ байраа солих, гүйцэт түрүүлсэн тохиолдолд торгууль оногдуулах журам зам тээврийн зөрчлийн хуульд шинээр нэмэгджээ.
Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч М.Гарьд “Иргэд зөрчлийн шийдвэрийг давхар хянах давуу талыг олгож буй E-police аппликейшыг тээврийн хэрэгсэл жолоодох үедээ ашиглаж болохгүй. Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас ашиглах нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээв.