Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлаг 5 жилийн ойн босгон дээрээ анхны бие даасан цомгоо “Honey moon” нэртэйгээр гаргажээ. Цомогт поп, каунтри, dance хөгжмийн урсгалуудаар туурвисан 12 дуу багтсан байна. Үүнээс, “I Love My Luv”, “Хаа хүрэх гэж”, “Дурлалын сезон”, “DR.Love”, “Хүндэт аав ээждээ”, “I Just party”, “Хар дарсан зүүд” зэрэг сонсогчдын хүртээл болсон хит дуунуудаас гадна хамтлагийн дуу хөгжмийг илүү шинэлэг түвшинд илэрхийлэх 5 шинэ бүтээл оржээ.
“HONEY MOON” хамтлаг цомгийнхоо продюсерээр ажилласан бол дуунуудыг хөгжмийн продюсер Ганг, Аранза, Оки, Байдраг, Ариука, Нацагаа нарын уран бүтээлчид зохиож, дуу бичлэг, дуунуудын тохируулгын ажлыг “Namuun”, “Ocean Grey”, “New Star” зэрэг монголын тэргүүлэх студиуд хийж гүйцэтгэсэн байна. Аливаа цомог гадаад өнгө төрх буюу “өмссөн хувцсаараа” бусдын харааг булааж байх ёстой. Тэр ч утгаараа цомгийн зураг авалт, дизайныг “IC”Creative Division төгс хийж гүйцэтгэжээ.
“Honey moon” цомгийн дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан бөгөөд хамгийн чухал нь хайрыг олон талаас нь мэдэрч, аялгуулан шүлэглэж, дуулж болдог гэдгийг онцолсон цомог юм. Өнгөлөг, халуун дулаан уур амьсгал, өөдрөг өнгө төрх, эерэг гэгээлэг хандлагыг илэрхийлсэн цомгийн бүх дуунууд нь үнэн хайр, эрч хүчийг сонсогч та бүхэнд түгээх болно.
“Honey moon” цомгийн албан ёсны борлуулалт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 16.900 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд шинэхэн цомгийнхоо өдөрлөгийг 6-р сарын 12-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд сонсогчдынхоо дунд зохион байгуулахаар товложээ. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний сонсогчиддоо “Honey moon” шинэ цомгийг бэлэглэх юм байна.