Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Эмч зөвлөж байна: Амны хөндий болон шүдээ эрүүл байлгахад дараах зөвлөмжийг дагаарай

Эмч зөвлөж байна: Амны хөндий болон шүдээ эрүүл байлгахад дараах зөвлөмжийг дагаарай
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 15
Амны хөндийн эрүүл мэнд болон шүдний өвчлөлийг үүсгэдэг хүчин зүйлсийн талаар Индранил шүдний эмнэлгийн хүүхдийн нүүр амны их эмч Б.Солонготой ярилцлаа.
-Амны эрүүл мэндийн тухай зайлшгүй ойлгох, хэвшмэл болгох хэрэгтэй зүйлсийн талаар зөвлөгөө өгөн үү?
-Монголчуудын хувьд амны хөндийн эрүүл ахуйн ойлголт нь төдийлөн хангалтгүй байдаг  учраас шүдний өвчлөл нь бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байдаг.  Шүдний өвчин нь халдварт өвчин учраас жирэмсэн ээжүүд төрөхөөс өмнө амны хөндийгөө эрүүлжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхэд төрсөн цагаас амны хөндийн арчилгаа хийх, шүд ургасан даруйд сойз ашиглан угаах, заавал өвдсөн хойно нь биш шүдний үзлэгт тогтмол үзүүлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эрүүл байхад амны хөндийн арчилгаа маш чухал бөгөөд шүдний эмнэлэгт гурван сар тутамд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй юм.
-Танай эмнэлэгт хүмүүс шүдний ямар өвчлөлөөр ихэвчлэн ханддаг вэ. Тухайн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Хүмүүс ихэвчлэн шүдний цоорол, цоорлын хүндрэл, шүд авахуулах болон мэс заслын эмчид хандсан эмчилгээ авах гэж ханддаг. Ихэнх иргэд урьдчилан сэргийлэх эмчилгээ гэхээс илүүтэйгээр шүдний цоорлын хүндрэл болгож ирэх нь элбэг байдаг. Цоорлын хүндрэл гэдэг нь ямар учиртай вэ гэхээр сувгийн эмчилгээнд орох цаашлаад шүдийг авах заалттай болтол нь эмнэлэгт хандалгүй явчихсан байдаг. Тэгэхээр шүдний цоорол болон цоорлын хүндрэлээс сэргийлэхэд амны хөндийн арчилгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгийг хэвшмэл болгох хэрэгтэй.
-Маш олон төрлийн оо, сойз байдаг. Оо, сойзоо  зөв сонгох нь чухал уу?
-Шүдний оо гэхээс илүүтэй, сойзоо зөв сонгох нь чухал юм. Шүдний сойзоо сонгохдоо сойзны үсийг анхаарах хэрэгтэй. Сойзны үс нь таны дээд доод хоёр үүдэн шүдний хэмжээтэй ижил, дунд зэргийн байх шаардлагатай. Үс нь жижиг байх тусмаа өнгөрийг сайн авдаг гэсэн үг юм. Мөн та сойзоо үс нь арзайсан тохиолдолд л солих хэрэгтэй байна. Шүдний оо-ны хувьд ургамлын, цайруулах, эмчилгээний гээд олон төрлийн оо байдаг. Эдгээрээс фторын агууламжийг нь харж байгаад авах хэрэгтэй. Үүнд том хүн 1000-1500 ppm фтор агуулсан оо-г хэрэглэх шаардлагатай бол хүүхдийн хувьд нас насны онцлогоос нь хамаарч фторын агуулагдах хэмжээ өөр, өөр байдаг.  Жишээ нь хоёроос дөрвөн насанд 250 ppm, дөрвөөс зургаан насанд 400 ppm, 6-8 насанд 500 ppm фтор агуулсан оо хэрэглэх нь зүйтэй юм шүү. Түүнчлэн эмчилгээний зориулалттай оо-г хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчээс зөвлөгөө авах шаардлагатай байна.
-Шүдний чулуу ихэссэнээр амнаас эвгүй үнэр ялгаруулдаг. Үүнийг хэрхэн багасган, эрүүл болгох хэрэгтэй вэ?
-Шүдний чулуу нь ихэвчлэн дээд, доод үүдэн шүдний дотор талд, зарим тохиолдолд араа шүднүүдийн дотор талд үүсдэг бөгөөд шаргал, хүрэн бараан өнгөтэй харагдах зүйлийг хэлдэг. Шүдний чулуу нь амны хөндийн арчилгаа муу, шүд угаалт дутуу, хоол хүнсийг хэт зөөлрүүлж идэх, шүдний өнгөрөө дутуу арилгаснаас болж чулуу үүсдэг. Түүнчлэн тамхи татах, кофе их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шүд мэдэгдэхүйц чулуужсан байдаг. Хэрэв шүдний чулуу нэгэнт үүссэн бол түүлгэж, цэвэрлүүлэх шаардлагатай. Харин шүдний чулуугаа түүлгэсний дараа амны хөндийн арчилгааг сайтар сахиж, шүд угаалтыг улам сайжруулснаар амны эвгүй үнэр ерөнхийдөө арилна.
 -Шүдээ угаахдаа юуг сайн анхаарах хэрэгтэй вэ?
-Шүд угаахад анхаарах зүйлс нь шүдээ өглөө, өдөр, орой болгон буюу хоол идсэний дараа гурваас таван минутын турш угаах нь зохистой юм. Шүд угаах боломжгүй буюу гадуур эсвэл ажил дээрээ байгаа тохиолдолд хоол идсэний дараа амаа усаар зайлах,  алим идэх гэх мэтээр амны хөндий цэвэр байлгаж болдог. Гэвч энэ арга нь тухайн үедээ л аргалах болохоос шүд угаах хэмжээний амыг бүрэн цэвэрлэж чаддаггүй. Мөн нэмэлтээр шүдний утсыг хэрэглэж занших хэрэгтэй. Яагаад гэвэл сойз нь хоёр шүдний хоорондох өнгөр хоолны болон үлдэгдэл зэргийг бүрэн цэвэрлэж чаддаггүй учраас шүдний утсыг хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр шүдний завсрын цоорол үүсэхээс сэргийлж, өнгөрийг бүрэн арилгаж чаддаг байгаа юм. Шүдийг буруу угааснаар өнгөр бүрэн арилаагүйн улмаас шүдний цоорол буйлны үрэвсэл амны салстын өвчин, шүдний чулуу гэх мэт олон өвчин үүсэх аюултай.
-Зарим хүн шүдээ угаахад буйлнаас цус гарч байна гэж ярьдаг энэ нь юутай холбоотой вэ?
-Буйлнаас цус гарах нь хэд хэдэн шалтгаантай юм. Үүнд:
Нэгд буйлны үрэвслээс шалтгаалж болно. Энэ нь амны хөндийн арчилгаа хангалтгүй буюу шүд дутуу угаагдсанаас болж өнгөр ихээр хуримтлагдаж цус гарамтгай болгодог юм.
Хоёрт шүдээ буруу угаах буюу, хатуу шүдтэй сойзоор хүчтэй буйланд даралт учруулж угаахад буйлнаас цус гардаг юм
Гуравт зарим ерөнхий биеийн өвчлөлүүд байж болно. Үүнд чихрийн шижин, витамин К, С-гийн дутагдлын үед зүрх судасны архаг хууч өвчлөл зэргээс шалтгаалж буйлнаас цус гарч болдог байна.
Эдгээрээс сэргийлэхийн тулд юун түрүүнд та шүдний эмнэлэгт хандан эмчээс зохих зөвлөгөө зааврыг авч, өөрт тохирсон сойзоор шүдээ угаах, шүдний утас хэрэглэх, хэлний өнгөрөө цэвэрлэх гэх мэтээр арга хэмжээ авах шаардлагатай юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн