Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон байна. Ингэхдээ 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулжээ. Ийнхүү цаашид нүүрсний тээвэрлэлтийн энэ маягаар гаалийн бүрдүүлэлт хийж гаргахаар зохицуулалт хийх юм байна.
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр оочир дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан. Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн оочерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв.
Харин Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн байгууллагатай худалдах, худалдан авалтын гэрээ, уурхайн хүсэлтыг үндэслэж гэрээ байгуулдаг. Иймд шаардлага хангахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг тодорхой үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэлтэд явуулахгүй байх шийдвэр гарсан. Он гараад уурхайнуудын гаргах нүүрсний хэмжээнд тохируулан тээвэрлэгч нартай гэрээ байгуулан ажиллана. Хамгийн гол нь их хэмжээний нүүрс гаргахдаа биш, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах үүднээс эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг чухалчилж байна” гэж ярилаа.