Open iToim app
Эрүүл монгол | 11 мин уншина

М.Мандах: Нойргүйдлийг ховсын, картын, урлагийн аргаар эмчлэх нь хамгийн үр дүнтэй

М.Мандах: Нойргүйдлийг ховсын, картын, урлагийн аргаар эмчлэх нь хамгийн үр дүнтэй
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 7
Монгол Улс дахь цор ганц нойргүйдэл, сэтгэл заслын цогц эмчилгээ үзүүлдэг “Better Mind” эмнэлгийн нойргүйдэл, сэтгэл заслын эмч М.Мандахтай ярилцлаа.
-Нойргүйдэл нь яагаад сэтгэцийн эмгэгт хамаардаг юм бэ. Иргэд ихэвчлэн мэдрэлийн эмчид үзүүлж байгаа анзаарагддаг юм байна?
-Сэтгэц судлал гэдэг нь хүний тархины үйл ажиллагааг оношилдог салбар. Тархи, мэдрэлийн эд эс нь ой тогтоолтоо сайн явуулж байгаа юу, зан аашаа хэрхэн зохицуулж, сэтгэл хөдлөл нь ямар түвшинд байна, сэтгэн бодох хурд нь хэр зэрэг байна вэ гэх мэт тархины үйл ажиллагааг сэтгэцийн эмч нар үздэг. Нойргүйдэл гэдэг нь тархины үйл ажиллагаа, бичил бодисын солилцоо хямарснаас болж үүсдэг. Ихэнхдээ тархины үйл ажиллагааны хямрал болсноор нойргүйддэг. Мөн сэтгэцийн эмгэгийн шалтгаан болдог тул сэтгэцийн эмгэгтэй уялдуулах нь зүй. Энэ утгаараа олон улсын оношийн аравдугаар ангиллаар нойргүйдэл гэдэг нь сэтгэцийн онош гэж явдаг.
-Тэгвэл та яагаад мэдрэлийн эмчид нойргүйдлийн асуудлыг үзүүлж, эмчлүүлэх нь дулимаг болох үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-Дээр үеэс л сэтгэцийн эмч солиорч галзуурсан хүнийг үздэг гэх ойлголт байлаа. Өөрт нь нойргүйдлийн асуудал үүсэхэд сэтгэцийн эмчид хандах түвшин минийх биш гэж ойлгодог. Нойргүйдээд ирэхээрээ хүн тархи толгойтой холбоотой асуудал гэж үзээд мэдрэлийн эмчид хандчихдаг. Мэдрэлийн эмч нь хүний тархины бүтэц, ховдлууд, атираа, нугалаа, дэлбэнгүүд нь хэлбэр хэмжээ бүтцийн хувьд өөрчлөлт байгаа юу гэдгийг үздэг. Өөрөөр хэлбэл, тархинд цус харвах, мэдрэлийн шалтгаантай толгойн өвдөлт, нуруу нугасны мэдрэл дагасан өвдөлт, саа саажилт зэрэг бодитой асуудлыг үзэж оношлон эмчилдэг. Харин эсрэгээрээ нойргүйдлийг үүсгэсэн шалтгаан нь юу вэ, сэтгэлийн болон биеийн асуудал байна уу, нойргүйдэх биеэ даасан эмгэг байгаа юм уу зэрэг шалтгааныг нь олж тогтоодоггүй. Үүнийг олж тогтоож байж нойргүйдлийг уг үндсээр нь эмчлэх чухал асуудал юм. Үндсийг нь эмчлэхгүй, хөрсөн дээр нь харагдаж байгаа нойргүйдлийг эмчилбэл энэ нь түр хугацааны шинж тэмдгийн эсрэг эмчилгээ болж таарна.
Тэгэхээр нойргүйдлийн асуудалд мэдрэлийн эмч нар эмчилдэггүй болохоор ойр зуурын тайвшруулах, тархины цусан хангамж сайжруулах нөлөөтэй эм өгөөд явуулдаг. Энэ эмүүд нь түр хугацаанд хүнийг тайвшруулаад унтуулж магадгүй. Үйлчилгээ нь 6-8 цаг нөлөөлөөд гарчихна. Зарим хүн мэдрэлийн эмчид, зарим нь уламжлалтын эмчид хандана. Бариа засал, зүү төөнүүр гээд олон зүйл хийлгэнэ. Тухайн үедээ тайван юм шиг боловч нойргүйдлийг архагшуулах, хүндрүүлэх, олон сар жилээр нойргүйдсэнээр сэтгэл гутрал, түгшилтэд орох, мэдрэлийн ядаргаа болох эрсдэлийг ихэсгэдэг. Нойргүйдээд, нойр нь чанартай биш болсон л бол өнгөц эмчилгээ бус гүн, сууриар нь эмчлэх хэрэгтэй тул сэтгэцийн эмчид хандах нь зүйтэй.
-Тархины үйл ажиллагааны хямралаас нойргүйдэл үүддэг гэж та яриандаа хэллээ. Тархины үйл ажиллагааны хямрал гэж юуг хэлж байна вэ?
-Тархины бичил бодисын солилцоо гэж ярих нь зүй. Тархинд бидний сэтгэл хөдлөл, үйл ажиллагаа, зан аашийг удирдаж байдаг олон неротрансметр буюу бичил бодисууд байдаг. Үүнийг үйлдвэрлэж, зохицуулдаг генүүд бий. Бидний нийтлэг мэддэгээр сератонин, эндорфен, окситоцин, мелатонин, дофамин гэх мэт бодисууд байдаг. Энэ нь уурлах, бухимдах, гуниглах үед нэг нэгээрээ идэвхжих, багасах зэргээр хэлбэлздэг. Энэ бодисуудыг үйлдвэрлэж байгаа генд нь сөргөөр нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгд, төрөлхөөсөө тухайн неротрансметрийг үйлдвэрлэж байгаа генд бүтцийн өөрчлөлт, цаанаасаа л сератонины хэмжээ буучих гээд, допамин хэт идэвхжих гээд байдаг алдагдлууд байдаг. Хоёрт, архаг стрессээс болж, ажлын хэт их ачаалал, ар гэрийн болон хүрээлэн байгаа орчны таагүй уур амьсгал хүнийг зургаан сараас дээш хугацаанд тавгүй байлгавал тархинд сэтгэл хөдлөлийг удирддаг бодисуудын зохицуулга алдагддаг.
Өглөө унтаад сэрэхэд мэдрэлийн эд эсүүд бүгд сэргэг байх учиртай. Харин оройн цагаар идэвх нь буурч унтахдаа бэлддэг. Тэгтэл бодисын солилцоо хямраад хэвийн байж чадахгүй ихсэж, багасах юм бол мэдрэлийн эд эсүүд хэт сэрэмтгий болчихдог. Өглөө сэргэлэн байх эсвэл оройн цагаар идэвхжээд, олон юм бодоод тайвшрах үедээ тайвширч чадахгүйгээс болж нойр хулждаг. Үүнийг л тархины үйл ажиллагаа унтах сэрэх, идэвхжих тайвшрах явц солигдоно гээд буй. Ийн зохицуулга алдагдсанаар нойргүйдэл үүсдэг.
-Нойргүйдэлтэй хүмүүс орой нь тайван унтаад маргааш нь амарсан сэрэхийн тулд харшлын эм, тархины цусан хангамж сайжруулах нөлөөтэй эм уух тал бий. Ийм эмийн хамааралд орчихсон тохиолдолд буцаж гарах боломжтой юу. Эмийн хамааралтай байх нь хэр эрсдэлтэй вэ?
-Нойрсуулах үйлдэлтэй 20-30 төрлийн эм бий. Эдгээр эм нь дотроо хоёр янз байдаг. Нэгд, яг тухайн үедээ нойрсуулах үйлдэлтэй. Хоёрт, нойр тогтворжуулах үйлдэлтэй гэж ангилдаг. Энэ нь тухайн үедээ унтуулахаас гадна яваандаа нойрыг нь сайжруулдаг байна. Хүмүүсийн нийтлэг уудаг харшлын, тархи амраах үйлдэлтэй эмүүд тархины цусан хангамжийг сайжруулж энгийн тайвшруулах нөлөөгөөрөө унтуулаад байдаг. Яг нойргүйдлийг эмчилдэггүй. Маргааш өглөө нь амарсан сэрээдэггүй.
Нойргүйдлийн эсрэг хүмүүсийн уудаг сетуксины бүлгийн эмнүүд нь 7-10 хоногт л дасал үүсгэдэг. Сетуксины сайжруулсан хувилбарууд нь зургаан сараас дээш хугацаанд дасал үүсгэх хандлагатай байдаг тул хөнгөн нойргүйдлийн үед тэр эмүүдийг богино хугацаанд зөвлөдөг. Харин олон жил үргэлжилсэн архаг нойргүйдлийн үед сетуксины бүлгийн хамаарал үүсгэх хандлагатай эмийг удаан хугацаагаар уувал донтох эмгэг үүснэ. Нойргүйдэл дээр хавсраад эмийн донтох эмгэгтэй болно гэсэн үг. Нойрны эмийн донтох эмгэгтэй бол эмчлэгдэхэд их хугацаа орно. Эмчээс болон эмчлүүлэгчээс ихээхэн тэсвэр тэвчээр шаардана. Архинд донтох эмгэг шиг л эмгэг үүсэж байгаа тул бие, сэтгэл нь эмийн хамааралтай болж өнөөх эмээ нууцаар ч хамаагүй уумаар болоод байдаг. Өгүүлэх хам шинж илэрч, гар хөл нь салганаж, бие сэтгэл нь түгшиж, хямардаг. Зүрх нь дэлсэх, сэтгэл санаа нь тогтворгүйжиж уур уцаартай болдог. Энэ үедээ нөгөөх эмээ уувал хэвийн болоод байдаг.

​​​​​​​Нойргүйдлээс болж ходоодны шарх шархлаа, зүрхний хэм алдалт үүсэж болно

undefined
-Нойргүйдлээс болж толгой өвдөж байна гэх хүнтэй таарч байлаа. Ер нь нойргүйдэл толгойн өвдөлт зэрэг бусад өвчнийг үүсгэх эрсдэлтэй юү?
-Нойр бол хүний цэнэглэгч гэж ойлгох хэрэгтэй. Өдөржин ашигласан гар утсыг цэнэглэхгүй бол гэрэл нь бүдгэрэх зэргээр сааталд ордог шүү дээ. Шөнөдөө бид 7-8 цаг унтаж тархи, оюун, бие, сэтгэлээ цэнэглэх шаардлагатай. Нойр дутуу байгаа нэгд, сэтгэл санаанд өөрчлөлт орж, эмзэг мэдрэмтгий, төвөгшөөдөг, бухимдуу болдог. Хоёрт, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж, анхаарал төвлөрөхгүй, сульдана, 10 минут хийж болох ажлыг сунжруулж 40, 50 минут хийх, ажлынхантайгаа зөрчилдөх зэрэг асуудлууд үүсдэг. Ажлын бүтээмж буураад ажлаас халшраад байгаа хүмүүсийн голлох шалтгаан нь архаг стресс, нойрны хямрал гэж судлагдсан. Тодорхой хувийн ажилгүйдэлд ч нойргүйдэл нөлөөлж болно. Гуравт, бие мах бодид нөлөөлдөг. Нойргүйдэлтэй, стресстэй байгаа үед хүний биеийн бүх судас нарийсдаг. Тархины цусан хангамж муудаж, гар хөл гээд захын цусан хангамж  багасдаг байна. Тархинд цусаар дамжиж хүчилтөрөгч шим тэжээл очиж байгаа шүү дээ. Үүнээс болж тархины эд эс хүчилтөрөгчийн дутагдалд орно. Үйл  ажиллагаагаа 100 хувь явуулж чадахгүй 50-60 хувьтай явуулна. Үүнээс үүдэн толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, нүд бүрэлзэх, ой тогтоолт буурах, анхаарал сарних зэргээр тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Мөн зүрхний цусан хангамж багассанаас үүдэн зүрх орчмоор хатгуулах, дэлсэх, дотор давчдах, амьсгал бачуурах асуудал үүснэ. Захын  буюу гар, хөлийн цусан хангамж багасахаар амархан даарна. Энэ шинж тэмдэгтэй 2-3 жил болбол нойргүйдлийн шалтгаантай мегрин, сэтгэл гутрал, түгшилт, айдсын эмгэгүүд, зүрхний хэм алдалт, ходоодны улайлт, шарх, шархлааны гол үндэс болдог. Яагаад ходоод стресс нойргүйдэлтэй үед өвддөг вэ гэвэл, сэтгэл тайван бус, аз жаргалгүй үед ходоодыг мэдрэлжүүлдэг нерусвакус гэх мэдрэл хэт цочирдог байна. Үүнээс болж хэвийн байсан шүүрэл хоёр, гурав дахин нэмэгддэг. Стресстэй үед аюулхай өвдөж байна, хоолны шингэц муудаж, дотор муухайраад, хорсоод байна гэдэг нь ходоодны шүүрэл 2-3 дахин ихсээд ходоодныхоо ханыг цочроогоод түлээд байгаа юм.
-Нойргүйдэл дээрх хүчин зүйлээс болж хүндэрч, ужгирч, тодорхой эрсдэлүүдийг дагуулдаг юм байна. Тэгвэл танай “Better mind” эмнэлэг Монгол Улсад нойргүйдэл, сэтгэл заслын цогц эмчилгээ явуулж буй ганцхан эмнэлэг юм билээ. Ямар аргаар эмчилдэг бол гэдэг нь анхаарал татаж байна?
-Манай эмнэлэг хэвтүүлэнгээ сэтгэл засал хийдэг гэдгээрээ онцлогтой. Сэтгэл заслын эмч нар гадуур байдаг ч ихэвчлэн амбулаториор эмчилдэг. Сэтгэл засал хийдэг эмч нар Монголын хэмжээнд ховор. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 166 эмч бий. Эдгээр эмч нарын 80 гаруй нь СЭМҮТ-д ажилладаг. Үлдсэн хэд нь нэг аймагт хоёр гэх хуваарилалттай байдаг. Тэдгээр 166 сэтгэцийн эмч дундаас сэтгэл заслаа дагнан хийдэг эмч цөөн. Эмч нар дээр ирэх ачаалал их. Өнөөдөр нэг уулзсан өвчтөн долоо хоногийн дараа уулзан эмчлүүлэх байтал хоёр, гурван сараар дараалал үүсчихсэн байдаг. Харин бид эмчилгээг эхлүүлсэн л бол нэг дор нь эмчлээд гаргавал илүү үр дүнтэй гэж үздэг.
Жишээлбэл, бид даваа гаригт картын сэтгэл засал хийдэг. Энэ нь хүн болгонд хэрэглэгдэхгүй. Сэтгэлд анхаарахаас илүү логиктой бодитой зүйлд итгэдэг хүмүүст тохирно. Мөн сэтгэлээ чагнаж, ямар байгаагаа мэддэггүй, асуудлуудаа нуух хандлагатай хүмүүст картын аргыг хэрэглэдэг.  Учир нь картын нэг зургийг хараад хүн ямар ч байдлаар тайлбарлаж болно. Хүссэн картуудаа сонгоод зургийг нь тайлбарлуулахад түүнийг хараад мэдэрч байгаа мэдрэмжээ өөрийн мэдрэмжтэйгээ уяж ярьдаг. Ой модны зурагтай карт байлаа гэхэд энгийн мэдрэлийн ядаргаанд орсон хүн “Зун зугаалж явсан ой мод санаанд орж байна. Би байгальд дуртай” гэх мэтээр хөнгөн тайлбарладаг. Харин яг сэтгэл гутралтай хүн харахаараа “Энэ мод намар болохоор удахгүй навчаа гөвөх гэж байгаа юм байна. Нэг л гунигтай байна. Яг л миний сэтгэл шиг” гэх барагцааны тайлбарладаг бол этгээд сэтгэлгээтэй хүн “Энэ мод наанаа ногоон ч гүндээ харанхуй байна” гэх мэтээр хэлдэг. Сэтгэл нь зүгээр байгаа хүн тэр гүний харанхуйг олж хардаггүй. Зургийг тайлбарлаж байх зуураа өөрт байгаа асуудлаа ярьчихдаг. Дээрээс нь сэтгэл засал хийх хугацаа бага байх үед нуршиж ярьдаг хүнд хугацаа хэмнэх зорилгоор карт ашиглаж болдог. Эмч асуудал нь энэ юм болов уу тэр юм болов уу гэж хайхгүйгээр өөрөөр нь картуудыг нь сугалуулаад яриулах нь оновчтой байдаг.
Харин мягмар, пүрэв гаригт булчин суллах ховс эмчилгээ хийдэг. Хүмүүс ховс эмчилгээ гэхээр кинонд гардаг мэт хүний хэлэхийг хүссэн зүйлийг нь хэлүүлж, хөдөлгөхийг хүссэн биеийн хэсгийг нь хөдөлгөдөг фантазтай киногоор төсөөлдөг. Хүн яриулдаг ховсыг хийхээр зарим сэтгэл зүйн онцлогтой хүмүүст гаж нөлөө үзүүлэх тал байдаг учраас хийгдэх тусгай хүмүүст л хийнэ. Энгийн булчин сулруулах ховс эмчилгээг 30-40 минут хийхэд бясалгал хийсэн мэт бие суларч, тархи ямар ч бодолгүй болж амардаг. Хүнийг хагас нойрсолтын байдалд оруулж унтаад байгаа юм уу гэхээр эмчийн яриаг сонсож, сэрүүн байгаа юм уу гэхээр хамаг бие нь хүндэрчихдэг. Ховсын аргаар хүний ил ухамсрыг унтуулсан хойно эмчийн хэлсэн үг далд ухамсарт шууд орох боломжтой. “Таны бие ингэж байна гар тань хүндэрч байна, таны сэтгэл ийм байна” гэх мэтээр монотони нэгэн хэвийн өнгөөр ярихаар хүн хагас нойрсолтод ордог. Үүний дараа ятгалгаа хийж, сэтгэл тайван, амгалан, хөнгөн байна гэж итгүүлдэг. Яг энэ ховсыг 40 орчим минут хийхэд хүн бүтэн шөнөжин унтсан мэт амардаг.
Лхагва гаригт бүлгийн сэтгэл зүй хийж, адилхан сэтгэл зүйтэй хүмүүсийг нэг дор эмчилдэг. Архины, гэр бүлийн гээд төстэй асуудлаар нь ангилаад бүлэглэж ярилцдаг. Ганцаарчилсанд байгаа мэт хамаг юмаа ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь ганцаарчилсан аргаас илүү үр дүнтэй. Би ганцаараа нойргүйдээгүй, би ганцаараа ийм асуудалтай биш юм байна гэдэг эерэг, ханьтай мэдрэмж авдаг. Мөн бүлэг дунд хэвтээд удсан хүн байхаар үр дүнгээс нь өөрийгөө ингээд нойргүйдлээс ангижрах юм байна гэх эерэг сэтгэгдэл тээдэг.
Мөн бямба гаригт arthraphy хийдэг. Монголд баримлын шавраар бүтээл хийх, гар урлал, ваар хийх, зураг зурах зэрэг нь дэлгэрснээр усан будгаар өөрийн сэтгэлээ зурдаг зурган эмчилгээг манайх ашигладаг. Ганцхан сэдэв өгөхөд маш олон янзын зураг зурж, өөр өөрөөр тайлбарладаг. Тэрхүү зурганд зориулсан зөвлөгөөг эмч нь өгдөг.
Түүнчлэн, нойргүйдлийн alphasistem гэх аппарат бий. Сүүлийн үед Европын хөгжил өндөр орнуудад уг аппаратыг хэрэглэж байгаа. Ингэхдээ чихэндээ зүүдэг, гартаа барьдаг, биеийнхээ нэг хэсгээс хавьчдаг гээд янз бүрээр хэрэглэдэг. Хүний сэтгэл санаа тайван үед хүний тархины дөрвөн долгионы alpha долгион идэвхиждэг юм. Тайван үед идэвхэждэг уг долгионыг автоматаар идэвхжүүлж өдөр бүр өдрийн хоолны дараа, оройн унтлагын үед хэрэглэж байна.
Манайхаас өөр эмнэлэгт ховс хийх нь бий. Arthraphy, бүлгийн сэтгэл зүй, зурган, картын эмчилгээнүүдийг хийдэг эмнэлэг байдаг ч цогц байдлаар хамтад нь хийдэг эмнэлэг байдаггүй. Харин манайх эдгээрийг нэгтгэж, долоо хоног хэвтэхэд нь л бүгдийг нь хийчихдэг.
Би нойргүйдлийн чиглэлээр 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажиглахдаа нийт нойргүйдсэн гэх шалтгаантай хүмүүсийн 90 орчим хувь нь сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдсэн байдаг. Үүнийг өвчтөн орж ирсний дараа ярилцаж байж тогтоодог. Тиймээс нойргүйдлийг сэтгэл зүйн шалтгаантай нь холбож эмчлэхгүй бол болохгүй. Үндэс нь бага насанд авсан сэтгэлийн гэмтэл, бага насандаа авсан айдас, гэр бүлийн хүрээний түгшүүр, мөнгө төгрөгтэй холбоотой ээдрээ, ирээдүйн амьдралдаа зовних зэрэг янз бүрийн шалтгаан байж болно. Тиймээс сэтгэл заслыг эмийн эмчилгээтэй хавсрахгүй бол болохгүй. Нойргүйдсэн гээд нойрны эм өгвөл тухайн үеийг л аргацаана. Зовоогоод байгаа шалтгаан байдаг учраас манайд эхний үзлэг буюу шалтгааныг нь олох ярилцлага маш сайн хийж бүрэн оношилдог. Зурж байгаад “Та ийм зовуурьтай байна. Энэ нь эдгээрээс үүдэлтэй. Учир нь таны зан төрхийн онцлог ийм тул дараах гэмтлийг авч нойргүйдэхэд хүрсэн байна” гээд зан төлөвөөс эхлээд бүтэн шинжилгээ хийдэг.
-Ер нь танай эмнэлэг нойргүйдлийг хэр хугацаанд эмчилдэг вэ?
-Нойргүйдлийг хөнгөн болон архаг гэж ангилдаг. Хөнгөн нойргүйдлийг 7-14 хоногт эмчилдэг. Харин архаг буюу зургаан сараас дээш хугацаанд үргэлжилсэн нойргүйдлийг 3-6 сарын хугацаанд сардаа нэг удаа уулзах төлөвлөгөө гаргаад нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг. Уух эм, эмчилгээний төлөвлөгөө зэрэг хүн бүрт адилгүй байдаг.  
-Танай эмнэлгийг “Шархад”-ны хувийн буюу хоёрдугаар салбар гэж ярьдаг юм билээ. Яагаад ийм нэртэй болов?
-Би гэхэд л сэтгэцийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Гэхдээ хамт олон дундаа хамгийн бага жилийн туршлагатай. Хүмүүсийн ярьдгаар “Шархад”-ны эмнэлэгт манай одоогийн багийнхан ажиллаж байгаад тусдаа гарсан. Би хурцын тасаг, хүлээн авах, мэдрэлийн ядаргааны тасаг, мэргэжилтэн эмч, гадаад харилцаа хариуцсан эмч гэх зэрэг местүүдэд ажиллаж байлаа. Хамгийн сүүлд амбулаторид ажилласан. Тэр үед мэдрэлийн ядаргаанд орчихсон нойргүйдээд яг өнөөдөр л хэвтүүлэхгүй бол маш хүнд болчихсон хүмүүс ирнэ. Гэтэл яг тэр өдөр нь манай эмнэлгийн оочер дараалал хэвтэх боломж олгодоггүй байсан. Гурав, дөрвөн сарын дараа оочер бичигдэхэд нөгөө хүн ядраад унахад бэлэн тул хүлээх хугацаандаа хүндрэх эрсдэлтэй. Өвчтөнүүд “Тэгвэл өөр зөвлөхөөр танайхтай төстэй, эмчигээ сайтай эмнэлэг байна уу” гэж асуухад нь зөвлөхүйц сэтгэл засал, нойргүйдлээр дагнасан эмнэлэг байдаггүй байсан. Тиймээс манай клиникийн багш дааж аваад эмчилгээг зааж өгсөн. Шархадны эмнэлэг буюу СЭМҮТ-дээ гэр бүлийн сэтгэл засал, сексбаталогиороо алдартай гэгддэг Гантулга эмч, Хүүхдийн сэтгэл засал, хүүхдийн сэтгэцийн эмчээр Монголд мөн л дээгүүрт ордог Насанбурмаа эмч, Донтох эмчилгээ, ховс эмчилгээний чиглэлийн мэргэшсэн эмч гээд СЭМҮТ-дээ дээгүүр үнэлэгддэг байсан таван эмч нэгдээд өнгөрсөн хавраас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эмнэлэг маань шинэ боловч ажиллаж байгаа эмч, сувилагч нар дандаа 10-аас дээш жил ажилласан туршлагатай хамт олон байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Холбогдох утас: 7705-5858, 8800-6221
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн