Италийн иргэний агаарын тээврийн “Alitalia” компани өнгөрөгч есдүгээр сард зөвхөн “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариу авсан иргэдэд үйлчлэх дотоодын нислэгийг эхлүүлсэн.
Тус компани нислэг үйлдэх уг журмыг “Covid-tested” нислэг гэж тодорхойлж байв. Улмаар АНУ-ын иргэний агаарын “Delta Airlines” компани өнгөрөгч сараас Итали улс руу уг журмын дагуу нислэг үйлдэж эхэлсэн. Иргэд “Covid-tested” нислэгээр зорчихоосоо өмнө зайлшгүй коронавирусийн шинжилгээ хийлгэж, сөрөг хариу авсан байх шаардлагатай бөгөөд очсон хотдоо карантилагдахгүй.
Тэгвэл Итали улс ирэх сараас аялал жуулчлалын гол хотууд руу зорчуулахдаа зайлшгүй шинжилгээний сөрөг хариу шаардах “COVID-Free” галт тэрэг зорчуулж эхлэх талаар мэдээллээ. Италийн төрийн өмчит төмөр замын “Ferrovie dello Stato Italiane” компанийн гүйцэтгэх захирал Жанфранко Баттистигийн мэдээлснээр галт тэрэгний багийн гишүүд болон бүх зорчигчид коронавирусийн шинжилгээ хийлгэж, хариу сөрөг хариу байх шаардлагатай бөгөөд зорчигчдын хувьд галт тэрэг хөдлөхөөс хэдэн цагийн өмнө ирж бүртгэл хийлгэх аж.
Энэ төрлийн галт тэргийг эхний ээлжид Ром болон Милан хотуудын чиглэлд туршилтын журмаар явуулах бөгөөд ирэх зунаас Флоренц, Венец зэрэг аялал жуулчлалын гол хотууд руу зорчуулахаар төлөвлөжээ.
Италийн төмөр замын салбар халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор галт тэрэгний суудлыг 50 хувийн дүүргэлттэй зорчуулж байгаа юм. Зорчигчид болон галт тэрэгний багийн гишүүд заавал амны амны хаалт зүүж, хүн хоорондоо зай барих шаардлага тавьж байгаа аж. Мөн галт тэргэнд яаралтай нөхцөл байдал үүссэн үед ашиглах амьсгалын аппарат болон бусад эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг байршуулсан байна.