Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

Танилц, аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр хөгжүүлж буй газрууд

Танилц, аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр хөгжүүлж буй газрууд
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 26
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтуудыг танилцуулъя. Төсөв болон гаднын зээл тусламжаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж, энэ жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа юм байна.
1. “Шихихутуг” цогцолбор
 “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах зорилгын хүрээнд Хэнтий аймгийн Норовлин суманд БОАЖЯ-ны 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Шихихутуг” нэртэй цогцолбор барих юм байна. Тус цогцолбор нь 2019-2020 онд хэрэгжих бөгөөд Хэнтий аймгийн Норовлин суманд 25 га газрыг хамарчээ. Шихихутуг цогцолборт, 500-1000 метр квадратт талбай бүхий байгууламж,  200-250 хүний хүлээн авах хүчин чадалтай ёслол хүндэтгэлийн өргөө, музей, үзэсгэлэнгийн танхим, номын сан, зочлох үйлчилгээ, захиргаа аж ахуйн хэсэгтэй. Цогцолборын орчинд цэцэрлэгт хүрээлэн, түүхийн сэдэвт уран баримал, хөшөө, гэрэлтгүүлэг, машины зогсоол зэрэгтэй байх юм байна.
Нийгэм, эдийн засгийн өгөөжийн хувьд шинээр 195 ажлын байр бий болж, жилдээ ирэх жуулчдын тоо 140000 гаруй болох юм байна.
undefined
2. Хүлэгбаатар Боорчитөсөл
Хэнтий аймгийн сум Батноров суманд БОАЖЯ-ны 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хүлэгбаатар Боорчи” Андлалын өргөө нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тус төсөл нь баригдсанаар ирэх жуулчдын тоо 280,000 болж, шинээр 180 орчим ажлын байр бий болох юм байна.
 Андлалын өргөөний загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дизайнер Д.Эрдэмбилэг бүтээжээ. Хөшөөний нийт хийц нь Хүннү Сүннүгийн үеийн хүрэл чулуун буган хээнээс бүрдсэн бөгөөд өндөр нь тавцангаас дээш 13.5 метр, суурийн хамт 18 метрийн өндөр төмөр бетон хийцтэй байна.  Хөшөөт байгууламжийн дээд хэсэг дэх тавцангийн хоёр орцоор анд барилдагчид шатаар гарч чонын толгойн хэсгийн тэнгэр лүү харах нээлхийд гарч тангаргийн бичгийг уншиж анд бололцох ёслол үйлдэнэ.  Доод давхарт анд барилдагчдын ах дүү, гэр бүл, найз нөхөд, гэрчүүд болон үйлчилгээний ажилтнууд тосон авах зан үйлийг үйлдэнэ. Гадна тойрог талбайн голд ган тулганд анд бологсод гал өргөж, тахиснаар ёслол өндөрлөж дурсгалын зураг авхуулах зэрэг хөтөлбөртэй байна.
3. Тогтвортой аялал жуулчлал – Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар дэд төсөл
Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлж, нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэх зорилготой  Тогтвортой аялал жуулчлал – Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар дэд төсөл 2019-2023 онд хэрэгжих юм байна. Уг бүтээн байгуулалтын Азийн хөгжлийн банкны 19 сая ам. долларын санхүүжилтээр хийнэ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар (ХНБЦГ) нь 1992 онд байгуулсан бөгөөд дэлхийн цэнгэг усны томоохон нөөцүүдийн нэг болох Хөвсгөл нуур, түүний эргэн тойронд орших онгон зэрлэг газар нутгийг хамруулсан 1.2 сая га талбайг хамардаг. Хөвсгөл нуурын хувьд Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг агуулдаг.  Дэд бүтэц сайжирсантай холбоотойгоор ХНБЦГ-т ирж байгаа жуулчдын тоо 2010 онд 11,000 байсан бол 2017 он гэхэд 70,000 болж нэмэгдсэн байна. Энэ өсөлт нь Хөвсгөл аймагт шинэ орлогын эх үүсвэрийг бий болгосон хэдий ч онгон зэрлэг байгалийн сайхныг алдагдуулж, Хөвсгөл нуурыг бохирдуулж байна. ХНБЦГ-ын болон Хөвсгөл аймагт бий болоод байгаа энэ нөхцөл байдал нь аялал жуулчлал хөгжиж байгаа бусад аймгуудын хувьд ч мөн томоохон сорилт болж байна. Энэ нь Хөвсгөл нуурын цорын ганц дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгалийн төрхтэй хослуулан нэгтгэх арга замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэх, хатуу хог хаягдлын менежментийг бий болгох, эрүүл ахуй ариун цэврийн байгууламжуудын бүтээн байгуулалтыг хийх болон байгаль орчныг хадгалан, хамгаалах зэрэг нэгдсэн зорилгод хүрэхийн тулд ХНБЦГ-т түшиглэн тогтвортой аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэх юм байна.
  • Жуулчны гудамж:
  • Мэдээллийн 3 цэгийг бий болгох
  • Амрах 36 хэсгийг байгуулах
  • Гудамжны 3 хөшөө баримал
  • Гудамжны 25 ш гэрэлтүүлэг
  • Машин зогсох 17 жижиг талбай
1. Аялал жуулчлалын төвлөрөл замыг хатуу хучилттай зам болгох; 
  • 37.9км замыг сайжруулах 
  • 2км холбох зам 
  • 35.9км замын шинэчлэл
  • 8км дугуйн зам барих
  • 47 автобус, 450 машины зогсоол байгуулах
  • 3 жижиг гүүрийг шинэчлэх 
2. Хог хаягдлын менежментийг сайжруулах, Үүнд:
  • 123 Ариун цэврийн байгууламж барих
  • 2 Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх
  • 2 Хогийн цэг байгуулах
3. Тусгай хамгаалалтын газрын менежментийг сайжруулах; 
  • ТХГ-ын захиргаа, мэдээллийн төвийг барих, Талбайн хэмжээ 1,100 м2 
  • Хот төлөвлөлт
4. Хөвсгөл аймгийн таван  сум, нэг  тосгонд хэрэгжинэ.
  1. Алаг-Эрдэнэ сум
  2. Pичинлхэмбэ сум
  3. Цагаан-Үүр сум
  4. Чандмань-Өндөр сум
  5. Хатгал сум
undefined
4. “Их хуралдай” цогцолбор
БОАЖЯ-наас 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Биндэр суманд аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолбор байгуулах юм байна. Цогцолборын эхний шатны ажил 2019 онд дуусаж, хоёрдугаар шат  2020-2024 онд, үндсэндээ  2025-2030 онд сүүлийн шатны ажил хийгдэх юм байна.
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэр -Цагааннуурын орчим нь “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр 1206 онд Монгол төрийн Их Хуралдай анх чуулж, Их Монгол улсыг тунхаглан, Чингис хааныг Их Эзэн хаанд өргөмжилсөн түүхтэй нутаг болой. Эдгээр түүхэн дурсгалт үйл явдлууд тохиосон Онон Хурхын бэлчирт Монгол төрийн Их Хуралдай цогцолборыг нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрх байдлыг нь тодотгон, газар зүйн онцлогт нь нийцүүлэн зохиомжилсон болно. Бүтээвэр хийцийн хувьд үндэсний уламжлалыг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөсөн.
Цогцолборын гол өргөө нь 21 метрийн диаметртэй, 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, цагаан мөнгөлөг ордон байна. Ордны оройн хэсэгт тойрон байрлах 9 цагаан тугийг цагаан адууны дэл хөхөл оруулан шүншиглэн амилуулж, улмаар ган хийцийн дүрслэлд оруулан урлана. Ган илд сэрээг монгол дархны аргаар элдэж мушгисан байдлыг нь харуулсан 8 метр өндөртэй, 80 см диаметртэй мөнгөлөг металлаар хийж гол өргөөний цогц хэлбэрийг тодотгож оройн хэсэг буюу дөрвөн зүг найман зовхист байрлуулна.
Ордны байгууламж нь 39:38 метр хэмжээтэй, 14 метр буюу 4 давхар байшингийн өндөртэй байна. Ёслолын хэсэг нь нийт 346 метр квадрат талбайтай, доод давхар нь 378 метр квадрат талбайтай, иж бүрэн арга хэмжээ хийх зориулалттай байна. Гадна болон дотор талын нийт ашигтай талбай 1482 метр квадрат байна.
Ордны гадна тал нь бүрээс, халз, үүд, талбайн байгууламж, 9 цагаан туг, гэр байгууламж, гэр байгууламжийн бүрээс гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Үүнд:
  • Бүрээсийг төгсөшгүй үргэлжлэх түмэн насан хээг товойлгон чимэглэж, мөнгөлөг металл, вайвр глассаар урлана.
  • Өргөөний халз нь 12 метрийн диаметрт орших гэрийн дээд хэсэгт байрлах “Мөнх тэнгэрийн хүчин дор Агуу их суу залийн ивээл дор Их монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс бүхий их хааны тамганы дүрсийг хээ угалзаар чимэглэнэ.
  • Үүд хаалгыг монгол нутагт ургасан мод болон хүрэн зандангаар 350 см х 180 см хэмжээтэй хийж хээ угалзаар чимэглэн бүтээнэ.
  • Гэрийн гадна 4 талд байрлах 500:500:500 см хэмжээтэй адил талт гурвалжинг цагаан өнгийн боржин чулуугаар хийж, монголын их хаад, овог аймгийн тамганы дүрсээр чимэглэнэ.
  • Мөнх тэнгэрийг бэлгэдсэн алтан тооныг орчлонгийн босоо тэнхлэг, бат бэхийн бэлгэдэл болох дөрвөн баганаар тулсан нь төрийн гал голомтын бэлгэдэл юм. Тооно болон багана нь дээр хөх тэнгэр, доор бараан газартай холбох 9 цагаан тугаар дамжуулан өвөг дээдсийн сүнс сүлд, шүтээнтэй холбогдоно гэсэн утга санааг илэрхийлнэ.
  • Ордны дотор талд Чингис хааны 3 метр өндөр шүтээн хөшөөг зална. Мөн нар сарны тооллын хуанлид зохицуулан дүрсэлсэн алт, мөнгө есөн эрдэнээр бүтээсэн 365 ширхэг Чингис хааны шүтээн хөргийг залж, дотор талыг бүхэлд нь хүрэн зандан мод, цагаан эсгий, есөн эрдэнээр чимэглэнэ. 
Ур хийцийн хувьд монгол үндэсний уламжлалт олон төрлийн урлалыг ашиглана. Үүнд:
  • Эдлэл хэрэглээний модон урлаг
  • Хатуу ба зөөлөн модон сийлбэрийн урлаг
  • Үнэт, хагас үнэт чулуун сийлбэрийн урлаг
  • Эсгий ширмэлийн урлаг
Төрөл бүрийн цутгуурын урлаг байх юм байна.
undefined
5. “Тогтвортой аялал жуулчлал - Чингис хаан  цогцолбор”
Азийн хөгжлийн банкны  19 сая ам. долларын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлал - Чингис хаан  цогцолбор” Хэнтий аймгийн Дадал суманд 2019-2023 оны хэрэгжих юм байна.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх “Чингис хаан цогцолбор” дэд төсөл нь аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилготой байна. Тус төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.
Тогтвортой аялал жуулчлалын хүрээнд байгуулагдах “Чингис хаан” цогцолбор төсөл нь Хэнтий аймгийн Дадал суманд нийт 150 га газрыг хамран хэрэгжинэ.
Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
  1. Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах:
  • “Чингис хаан” цогцолбор байгуулах, талбайн хэмжээ: 4000 метр квадрат;
  •  Цогцолборт нэвтрэх хэсгийн тохижилт, тусгай хамгаалалттай газрын төлбөр хураах цэг байгуулах;
  • 3 байрлалд нийт 240 автомашины зогсоол байгуулах;
  • 2.6км автозамын барилгын ажил, замын дагуу гэрэлтүүлэг хийх;
  • 4.5км цахилгаан дамжуулах шугам, цахилгаан дамжуулах дэд станц барих;
  • Технологи бүхий хатуу хог хаягдлын цэг байгуулах;
2. Нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах:
3. Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах: 
Төсөл хэрэгжсэнээр жуулчдын тоо 439000 мянга болж өргөжин, 1200 ажлын байр шинээр бий болох юм байна.  
Мэдээллийн эх сурвалж: БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн