Open iToim app
Зочин | 4 мин уншина

Дэлхийн загварын болон кино тайзанд  мөрөө гаргасан монгол бүсгүй Б.Ганчимэг

Дэлхийн загварын болон кино тайзанд  мөрөө гаргасан монгол бүсгүй Б.Ганчимэг
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 18
“Wonder Woman”, “Ex Machina” болон “In the Name of Ben Hur” зэрэг алдартай кинонд дүр бүтээсэн “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг Английн алдартай олон шоунд оролцож, нүүр царай нь болсон монгол бүсгүй Баярсайханы Ганчимэгтэй ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.
Улаанбаатар төрж өссөн түүний хувьд багаасаа“Үнсгэлжин”, “Монголын мисс” зэрэг олон тэмцээнд амжилттай оролцож, хувцас загвар зохион бүтээж байсан бөгөөд 10 жилийн өмнө олон улсын загварын тайзан дээр өөрийгөө сорьж үзэхээр Англи улсыг зорьжээ.
-GQ, Ashish, Gucci зэрэг алдартай шоунд оролцож байсан туршлагаасаа хуваалцана уу. Ер нь дэлхийн тайзан дээр гарахад ямар шалгуурыг хангасан байх ёстой байдаг вэ. Наанадаж л өндөр, биеийн жин яригдах байх?
-Модель хүн тухайн дизайнерын бүтээлийг тайзан дээр болон зургаар амилуулах, түүний мөн чанар, утга санааг бусдад хүргэх л үүрэгтэй. Иймд миний хувьд биеийн өндөр жин, гаднах төрхөөс илүүтэйгээр дизайнерын бүтээлийг хэрхэн амилуулах, зургаа хэрхэн авахуулбал бусдад хүрэх бол гэдэг дээр илүү анхаардаг. Би холын зайн гүйлтийн төрөлд дуртай бас хичээллэдэг.  Долоо хоногт хоёроос гурван удаа холын зайд гүйдэг.
-Та загварын салбараас кино урлагын салбарт орж ирсэн гэж хэлж болох уу?
-Загвар өмсөж эхлээд дараа нь жүжигчний сургуульд суралцсан. 2016 онд Лондон хотын “The City Lit” сургуулийг төгссөн. Одоо Англид жүжигчин, моделийн чиглэлээр ажилладаг. Намайг энд Gana Bayarsaikhan нэрээр маань илүү мэддэг. Миний хувьд жүжигчний мэргэжил маань моделийн  ажлаас илүү чухал. Тиймээс энэ салбартаа илүү их хөгжихийг хүсэж, зорьж явна. Би мөрөөдлийнхөө эхэн үедээ л явж байна. Хийж, бүтээх зүйл маш их байна.
-Та Wonder Woman, Ex Machina болон In the Name of Ben Hur зэрэг кинонд ямар шаардлагуудыг хангаж тоглох боломжтой болсон бэ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
-Одоо богино хэмжээний кино төсөл дээр ажиллаж байна. Би үргэлж аливаа зүйлд ялагч байж ажиллаж буй салбартаа тэргүүлэхийн тулд өөрийн ур чадвараа сайжруулахыг эрмэлздэг, ингэснээрээ би боломж ирэх үед бэлэн байж чадна гэж итгэдэг. Хүн зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөх юм бол зорьсондоо хүрэх нь гарцаагүй юм. Амар, дөт зам гэж байхгүй шүү дээ. Тиймээс би цаашдаа улам их хичээж олон сайхан дүрүүдийн бүтээх чин хүсэлтэй байна.
undefined
-Танд чөлөөт цаг хэр их гардаг вэ. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Жүжигчин гэдэг яг л тамирчин хүн шиг үргэлж бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шаарддаг мэргэжил. Тэр тусмаа маш өрсөлдөөнтэй салбар,  нийт ажлын саналын зөвхөн гурван хувьд л тэнцэж, тоглох боломж олддог. Иймд бие бялдраа дасгалжуулах, дуу хоолойн бэлтгэл, дүрийн судалгаа, ном зохиол унших, оролцох боломжтой төслийг хайж олох, кастингд орох, ур чадварын хичээлдээ явах гээд өдөр бүрийг тун завгүй, тодорхой төлөвлөлт, хуваарийн дагуу л өнгөрөөдөг.
-Таны амьдралдаа баримталдаг үндсэн зарчим, үнэт зүйл юу вэ?
-Би өдөр бүр шинэлэг байж, олон зүйлсийг  хийж бүтээхийг  мөн сэтгэлээ амар амгалан хайраар дүүрэн байлгахыг хүсдэг. Хүн амьдралынхаа туршид суралцдаг би ч мөн суралцсаар л явна. Би бусдад үргэлж сайн сайхныг түгээж, сайхан зүйл үлдээхийг эрмэлздэг. Миний үнэт зүйл бол миний ээж, миний гэр бүл, эх орон минь. Тэд миний төлөө бүх зүйлийг хийж намайг тууштай үнэнч байх алхамд минь хамгийн ихээр нөлөөлсөн юм.
undefined
-Монголдоо хэзээ сүүлд ирсэн бэ. Бага насныхаа талаар дурсамжаасаа хуваалцвал...
-Би эх орондоо өнгөрсөн зун очиж, аав ээжийнхээ нутаг болох Архангай, Баянхонгор аймгуудаар амарч, байгаль ээжээсээ сайхан эрч хүчийг авсан. Би багын л үг дуу цөөтэй хүүхэд байсан. Өдөржин л өөрийн мөрөөдлийн ертөнцдөө амьдардаг байсан. Аав маань надад үлгэр их уншиж өгдөг учир үлгэрт ч их дуртай. Үлгэрийн баатруудыг, номын зургийг их дагаж зурдаг байсан болохоор гурван настайгаасаа  зураг зурж эхэлсэн. Аав их сайхан зурдаг хүн байсан нь ч зураг зурахад минь нөлөөлсөн. Юмны учир сайн ойлгож эхлээгүй байхдаа зурагтын дэлгэцээ хагалаад дотор нь байгаа бяцхан хүмүүсийг гаргаж, үзсэн киногоо  өөрийнхөөрөө найруулна гэж мөрөөддөг байж. Үзсэн кинондоо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход өөрийн уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ.
-Монголын кино урлагийн талаар хэр мэдээлэлтэй вэ. Ямархуу төвшинд явж байна гэж бодож байна?
-Монголынхоо кинонуудыг хүүхэд байхаасаа л шимтэн үздэг байлаа. Бүр кино гарах цагийг тэсэн ядан хүлээдэг хүүхэд байсан. Харин Англид ирснээс хойш шинэ уран бүтээлүүдийг тэр бүр үзэж амжихгүй л байна. Зун Монголд байхдаа “Чингисийн хүүхдүүд”  уран сайхны киног үзсэн. Их сайхан кино болсон гэж дүгнэсэн.
-Уран бүтээлийн санал хүлээж авбал ямар шалгуураар тоглох вэ. Тантай хэрхэн холбогдох вэ?
-Ямар төсөл вэ гэдгээс хамаарна. Гол нь киноны утга санаа, агуулга болон  тоглож буй дүрийн маань зан араншин , ерөнхийдөө  миний зүгээс гарах сэтгэл хөдлөлийг харуулж чадах зэргээс их хамаарна. Жүжигчин хүмүүс ихэвчлэн инстаграм ашигладаг болохоор Gana Bayarsaikhan, IMDb дээр ganabayarsaikhan гэж байгаа. Монголтой холбоотой асуудлыг миний агент Д.Цэнгэл /culturedistributor@gmail.com/ найзаар минь дамжуулж холбогдож болно.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн