Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Ц.Батзул: Тендерт шалгарчихаад чанаргүй ажил гүйцэтгэсэн ААН-ыг хар жагсаалтад бүртгэнэ

Ц.Батзул: Тендерт шалгарчихаад чанаргүй ажил гүйцэтгэсэн ААН-ыг хар жагсаалтад бүртгэнэ
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 5
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжжээ. Энэ талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээлэл өглөө.  Хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.
Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул: Хуулийн төслөөр төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахиж авахгүй. Харин төр өөрт байгаа мэдээллийг үндэслэн тендерийн үнэлгээ хийдэг байх зохицуулалт орсон. Тендерт оролцогч цөөн материал л төрд ирүүлнэ. Цаашдаа тендерт оролцогчдод тавигддаг шаардлагуудыг хуульчлан тогтооно. Ингэснээр бусад этгээдэд давуу байдалтай шалгаруулалт хийдгийг эцэслэн зохицуулна.
Тендер шалгаруулалттай холбоотой үнэлгээний хорооны мэдээлэл, тэмдэглэл, хурлын мэдэгдэл, зөвлөмж, дүгнэлтийг ил болгоно. Нэг тендер шалгаруулах хугацааг 20 хоногоор хэмнэх зохицуулалт орсон.
Нөгөө талдаа тендерт оролцож буй этгээдүүдийг хариуцлагажуулахад дараах зохицуулалтыг орууллаа. Нэгд, тендер шалгаруулахдаа бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль нэгээр нь шийтгэнэ. Тендер шалгаруулагч хууль зөрчиж сонгон шалгаруулалт хийсэн бол ажлаас халах хүртэл шийтгэнэ.
Тендерт шалгарчихаад хариуцлага алдаж, чанаргүй гүйцэтгэж, хугацаандаа хийхгүй байгаа ААН-ийн үүсгэн байгуулагч, эцсийн эзэмшигчийн хамт хар жагсаалтад бүртгэнэ. Харин төрийн алба хаагч зөрчил гаргавал дахиж тендер шалгаруулах эрхийг хязгаарлана. Эх оронч худалдан авалтыг дэмжихэд дотоодын үйлдвэрлэлийн барааг импортын бараатай өрсөлдүүлэхээ болино.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тендер шалгаруулах хугацааг тодруулж өгнө үү?
-Засгийн газраас худалдан авах ажиллагааг гуравдугаар сард дуусгаж, дөрөвдүгээр сард ажлыг нь эхлүүлдэг байхаар зорьж байна. Өнөөдрийн байдлаар 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 717 төсөл арга хэмжээ шинээр эхэлнэ. Үүний 93-ынх нь тендер зарлагдаад байна.
-Тендер зохион байгуулах хяналтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Хөндлөнгийн хяналт нэмэгдэж байгаа. Хуулийн төслөөр үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэрүүдийг ил харуулдаг болж байна. Одоо хуулиар тендерт оролцсон этгээд зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор захиалагч, Сангийн яаманд гомдол гаргаж байгаа. Сангийн яам гомдлын хянахдаа сонирхлын зөрчлийн асуудал байж болзошгүй гэж үзэн хараат бус зөвлөл байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Энэ зөвлөлд олон нийтийн төлөөллийг түлхүү оруулна. Гомдол гаргасан тендерт оролцогчид зөвлөлд гомдлоо тайлбарлах, нөгөө талаас тендер зохион байгуулсан төрийн алба хаагч, үнэлгээний хороо мөн тайлбараа өгөх юм. Зөвлөлийн гишүүдийг олон нийтийн дундаас санал асуулгаар сонгон шалгаруулна. Ингэснээр сонирхлын зөрчилд автахгүй гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн