Ёс зүйн дэд хороо хуралдах тов гарсан ч ирц хүрсэнгүй. Ирц хүрэхгүй байгаа учраас 14.30 цаг хүртэл Ёс зүйн дэд хорооны хурлыг хойшлууллаа. Тус хороогоор ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн талаар хэлэлцэх юм. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган хуралдана гэж байна. Үүнийг хууль зөрчсөн гэж зарим гишүүн хэлж байна?
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлаар иргэд, ТББ, УИХ-ын гишүүд шаардлага ирүүлсэн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө хууль хяналтын байгууллагад хандсаны дараа хэлэлцэх дэд хорооны дүрэмтэй. Үүний дагуу Ерөнхий прокурорт хандаж холбогдох бичгийг авсан. Энэ бичгээ хэлэлцэх шаардлага байна. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан сайд нарыг Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг нэр бүхий гишүүд тавьсан. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Тиймээс эдгээр асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, нэг тийш нь болгож байж чуулганыг хуралдуулъя гэж байгаа юм.
-Ёс зүйн алдаа гаргасан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасан санкцууд байдаг. Гэхдээ одоо ямар нэгэн арга хэмжээ авах асуудал яригдахгүй. Ашиг сонирхлын зөрчил байна уу, ямар байдлаар шийдэх вэ гэдгийг ярилцана. Ёс зүйн дэд хороо хуралдаж байж шийдвэр гаргана. Ирц хүрэх байх гэж найдаад байж байна.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн танд М.Энхболд даргын "60 тэрбум"-ын асуудлаар хандах гэтэл таныг хүлээж авахгүй байна гэсэн. Та яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ?
-Хүлээж авсан. Би Л.Мөнхбаатар гишүүнд цохсон. Монгол Улсын Ерөнхий прокурорд энэ хэрийг шалгаж байгаа юу гэсэн бичиг явуулсан. Хариу ирээгүй байгаа. Мөн ТЕГ дээр "60 тэрбум"-ын асуудалд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Тиймээс энэ асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэх боломжгүй байгаа. Гэхдээ өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа.
-Ёс зүйн дэд хорооноос шийдвэр гарахгүй, хариуцлага тооцохгүй гэж байна. Тэгэхээр энэ хэр ач холбогдолтой хурал вэ?
-Дүгнэлт гаргахгүй, хариуцлага тооцохгүй. Харин ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг л тогтооно. Гишүүд юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Гишүүн санал хураалтад өөрийн хүсэлтээрээ оролцохгүй байж болно гэж заасан.