АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр өөрийн твиттер хаягаар дамжуулан сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, Жой Байдены засаг захиргаанд төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн. Цагаан ордны өнөөгийн тэргүүний хувьд энэ нь сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол байсан бөгөөд түүний ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлийг эмхэтгэн хүргэж байна.
Доналд Трамп: Би АНУ-ын нийслэл рүү чиглэсэн жигшүүрт халдлагын талаар мэдэгдлээ эхлэхийг хүсэж байна. Би бүх Америкуудын нэгэн адил хүчирхийлэл, хууль зөрчсөн үйлдэл, хүний амь нас эрсэдсэн явдалд эгдүүцэж байна. Би нэн даруй дотоодын цэрэг болон холбооны хууль сахиулах байгууллагуудыг дайчилж халдлагад өртсөн байгууламжуудын аюулгүй байдлыг ханган, халдлага үйлдэгчдийг хөөн зайлуулсан. АНУ бол хуульд захирагддаг орон бөгөөд үргэлж ийм байх болно. Нийслэлд эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчид америкийн ардчиллыг бузарлалаа. Хүчирхийлэл, эмх замбараагүй үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд хандаж хэлэхэд та бүхэн манай улсыг төлөөлөхгүй. Хууль зөрчигчид хариуцлагаа хүлээх болно.
Сонгууль ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, нийгмийн сэтгэлзүй ч түүнийг даган эгзэгтэй болсон. Гэхдээ одоо уур уцаараа дарж, эргээд энх тайван байдалд шилжих ёстой. Бид эргээд улс орныхоо төлөөх ажилдаа орох ёстой. Миний сонгуулийн кампанит ажил сонгуулийн эцсийн үр дүн бүх талаараа хууль ёсны, хүчин төгөлдөр байх тэр байр суурийг илэрхийлсэн. Миний цорын ганц зорилго бол сонгуулийн саналын хүчин төгөлдөр байдлыг хангах явдал байсан. Ингэхдээ би Америкийн ардчиллыг хамгаалахын төлөө тэмцэж байсан. Би бүх сонгогчдын итгэл үнэмшил, эрхийг хангах, ирээдүйд болох бүх сонгуульд итгэх итгэлийг баталгаажуулахын тулд бид сонгуулийн хуульд реформ хийх ёстой гэдэгт улам бүр итгэлтэй боллоо.
Конгресс сонгуулийн эцсийн үр дүнг баталгаажуулсан. Шинэ Засаг захиргаа нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөнө. Одоо миний бүх анхаарал төрийн эрх мэдлийг эмх цэгцтэй, ном журмын дагуу шилжүүлэн өгөхөд төвлөрөх болно. Би яг энэ цаг мөчид АНУ-ын ард түмнийг эв нэгдлээ хангахыг уриалж байна.
Америкийн ард түмний хувьд 2020 он сорилтын жил байлаа. Цар тахлын аюул заналхийлэл манай олон иргэдийн амь насыг авч, олон сая хүнийг гэрээс нь тусгаарлаж, АНУ-ын эдийн засгийг ноцтой хохироолоо. Цар тахлыг ялж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг дахин босгохын тулд бид бүгд нэгдмэл хүчээр хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд бид эх оронч үзэл, нийгмийн хариуцлага, гэр бүл, иргэний үнэт зүйлсийн талаар шинэ ойлголттой болоход анхаарах хэрэгтэй. Биднийг нэг үндэстэн, нэг гэр бүл болгодог хайр, үнэнч байдлын ариун холбоог бид дахин сэргээх ёстой.
АНУ болон америкийн ард түмний Ерөнхийлөгчөөр ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Өөрийн бүх гайхалтай дэмжигчдэд хандан хэлэхэд та бүхний сэтгэл дундуур байгааг би ойлгож байна. Гэхдээ та бүхэнд хэлэхэд бидний гайхалтай аялал дөнгөж эхэлж байна. Баярлалаа. Бурхан таныг ивээг. Бурхан АНУ-ыг ивээг.