Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

‘Богд уул-Төв номын сан’ чиглэлд байнгын автобус үйлчилнэ

‘Богд уул-Төв номын сан’ чиглэлд байнгын автобус үйлчилнэ
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 6
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Арваннэгдүгээр сарын 29-нд болсон НИТХ-ын 29 дүгээр хурлаар “Богд хан уул руу амралтын өдөр нийтийн тээвэр явдаг болгох” тухай санал гарсан. Тэгвэл энэхүү саналыг өнөөдрийн хуралдаанд танилцуулахдаа тус чиглэлд өдөр бүр нийтийн тээвэр явахуулахаар болж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх онцолсон юм.  
Тодруулбал, энэ сарын 10-ны өдрөөс 06.30-22.00 цагийн хооронд өдөр бүр Ч-72 буюу “Хан богд амралт–Төв номын сан” гэх шинэ чиглэлд нийт 18 зогсоолд дөрвөн автобус 15 минутын давтамжтай байнгын иргэдэд үйлчлэх юм.
Энэ чиглэлийг нэмэх болсон нь нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Монгул хотхон, Хунгийн хотхон, Зайсан вилла хотхон, Номун виллаж хотхон буюу Ар Зайсан орчмын суурьшлын цэгийн иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх хүсэлт удаа дараа холбогдох байгууллагад ирдэг байсантай холбоотой аж.  Тухайн нутаг дэвсгэрт амьдардаг 980 өрх, 3790 иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийг нэмж байгаа аж. 
Хоёрдугаарт, Богд уул руу амралтын өдрүүдээр  өдөрт 600 орчим иргэн тогтмол алхдаг учраас тус чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл гаргах, авто зогсоолыг  нэмэгдүүлэх асуудал чухал гэдгийг  НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх  хэлж байв.
Түүнчлэн энэхүү чиглэлд автобус үйлчилж эхлэхтэй холбоотойгоор био бие засах байгууламж эсвэл нийтийн бие засах газар байгуулах болон аль болох эко автобус явуулах, туршилт хийж автобус эргэх боломж нөхцөл ямар байгаа талаар судлахыг НИТХ-ын дарга Р.Дагва холбогдох төлөөлөгч нарт үүрэг болголоо.
“Монгол наадам цогцолбор”-ын газрын хэмжээг шинэчлэн батлах санал гарлаа
Тэргүүлэгчдийн хурлын үеэр улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хуулийн заалт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай ярилцсан бөгөөд энэ нь “Монгол наадам цогцолбор” байгуулах газартай холбоотой юм.   
“Монгол наадам цогцолбор” байгуулах газрын хэмжээнд орж буй өөрчлөлтийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Монгол наадам” ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтан танилцууллаа. Тэд “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 551 га, Төв аймгийн Аргалант сумаас 12031 га буюу нийт 12582 га газрыг тусгай хэрэгцээнд авч, “Монгол наадам цогцолбор” байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү газарт давхцал үүссэн учраас Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үүссэн 2006 нэгж талбар давхардлыг улсын тусгай хэрэгцээнээс хасаж 4449 га газрыг нэмснээр нийт 10474 га газрыг Төв аймгийн нутаг дэвсгэрээс улсын тусгай хэрэгцээний газар болгон авах. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 4 га газрыг хасаж, 18.80 га газрыг нэмж авснаар 565.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах. Ингээд Монгол наадам цогцолбор барихад нийт 11039.6 га газрыг улсын тусгай хэрэгцээний газар болгон хил хязгаар тогтоох хэрэгтэй” хэмээн танилцуулсан юм. Энэхүү саналыг НИТХ-ын 30 дугаар хурлаар хэлэлцэхээр боллоо.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн