Монгол Улсын гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн хүү Баттулгын охин Б.Дуулимтай ярилцлаа. Түүний аавтайгаа хамтран бүтээсэн “Энх эсэн болтугай” дуу олонд түгээж, Youtube хандалт хоёр сая давж, “Hitone Unimusic”-ийг тэргүүлсээр байгаа юм. Залуу уран бүтээлч Б.Дуулим энэ жил ЕБС-иа төгсөөд, СУИС-иас дөрвөн жилд нэг удаа бүртгэдэг музыкаль жүжигчний ангид элсэн ороод байгаа юм.
-Өвөө, эмээ, аавынхаа адилаар урлагийн салбарт орохоор болсон юм байна. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгохоор болсон бэ?
-Жүжигчин мэргэжил нь дуулах, бүжиглэх, жүжиглэх гэх зэргээр тал талын авьяасыг гаргаж ирдэг учраас энэ мэргэжлийг сонгодог.
-Дуулах урлагийн чиглэлээр гэр бүлийнхэн нь ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Дуугаа илүү сонсголтой, сайхан хүргэхэд чиглэсэн зөвлөгөө өгдөг. Яаж өөрчихвөл гоё сонсогдох вэ гэдгийг зааж өгдөг юм. Гэхдээ дуулах урлагийн чиглэлээр ямар нэгэн дугуйланд явалгүй, гэртээ л бэлтгэлээ хийдэг. Мөн гадаадын дуучдын дуулж буй байдлыг сонсож, санаа авдаг.
-Аавтайгаа хамтдаа уран бүтээл гаргахаар хэр удаан төлөвлөсөн бол. Анхны хуран бүтээл нь хэзээ гарсан билээ?
-Хамгийн анхны уран бүтээл нь “Амь нэгтэй аав, охин” гэсэн уран бүтээл байгаа. Үүнийг 2018 онд буюу 16 настайдаа хийж байсан юм байна. Нэг зохиогч охинтойгоо хамтарч дуулаарай гээд “Амь нэгтэй аав, охин” хоёр дууны шүлгийг өгч байсан юм. Тэгээд аав хамтдаа уран бүтээл хийх санаа гаргаж, одоо дөрөв дэх дуугаа хийхээр ажиллаж байна. Хоёр дахь бүтээл нь Энх сайхан болтугай гэдэг нэртэй. Залуусын золбоо гэсэн гурав дахь дуугаа хэдхэн хоногийн өмнө гаргалаа. Одоо дөрөв дахь бүтээл болох Аавын хайр гэсэн уран бүтээлийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.
-“Энх эсэн болтугай” дуу ийм олон хүний хандалт авна гэж төсөөлж байсан уу?
-Ер нь аав бид хоёрт эерэг төсөөлөл байсан шүү. Энэ дуу маань цаг үеэ олсон дуу гэж хэлж болно. Коронавирус гарчихсан энэ үед хүн бүр эрүүл энх байх нь чухал байна шүү дээ. Тиймээс энэ дуу эрүүл энхийн ерөөл тавьсан сайхан дуу болж чадсан. Фэйсбүүкээс сая гаруй хүн үзэж, маш олон пэйжүүд татаж аваад тавьчихсан байсан. Youtube хандалт хоёр сая гарчихсан байна. Харин гурван хоногийн өмнө гаргасан “Залуусын золбоо” дуу маань ч хандалт сайтай байгаа. Пэйж бүрт харилцан адилгүй хөгжиж байгаа бөгөөд нийтдээ 500 мянган хүн үзчихсэн байна. Тун удахгүй гаргах “Аавын хайр” хэмээх дуу нь Гурван бүдүүн хамтлагийн А.Мөнгөншагай ахын зохиосон аялгуу, 30 хүрсэн бүсгүй, дэрвэгэр сормуус зэрэг дууны шүлгийг зохиосон, яруу найрагч Я.Отгонбаяр нарын хамтын бүтээл юм. Энэ дуу аав, охин хоёрын харилцааны, ухаарал хайрласан дуу байгаа юм. Энэхүү дууг яаралтай хийх гэж байгаа учир нь аав маань талийгаачийн гэгээн дурсгалд зориулж, уран бүтээлийг нь түмэнд түгээхийг хүссэн. Тиймээс “Аавын хайр” дуугаа клипжүүлж байгаад хүмүүст цацах гэж байгаа. Ер нь уран бүтээлчдэд клип хийх санхүүгийн асуудал их байдаг юм билээ.
-Ер нь яг ямар төрөл жанраар дуулдаг юм бэ?
-Маш олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд нэг дуу бүтнэ. Уртын дуу, ардын дуу, гадаад, поп, нийтийн гээд бүх л чиглэлээр дуулдаг. Ерөнхийдөө поп дуу дуулах дуртай.
-Урлагийн хүн гэр бүлийнхэндээ гаргах цаг, зав багатай байдаг шүү дээ. Аав, өмөө, эмээ чинь бас ийм л байдаг байх. Гэтэл яагаад давхар урлагийн чиглэлээр явахаар болов?
-Хэцүү санагдаж байсан үе байсан л даа. Гэхдээ манай өвөө, эмээ, аав маань дуучин хүмүүс учир би гурав дахь үеэ залгамжлаад дуучин болж байгаа гэсэн үг. Ер нь дуунд маш их хайртай учраас энэ салбарыг сонгосон.
-Хамтдаа дуулж үзэхийг хүсдэг дуучин, мөн жүжиглэж үзэхийг хүсдэг дүр байгаа юу?
-Би Беонситой нэг тайзан дээр гарч дуулахыг мөрөөддөг. Харин жүжигчин мэргэжлээ эзэмшээд Ромео, Жултетагийн эмэгтэй гол дүрд нь тоглохыг хүсдэг юм.
-Дуулж, жүжиглэхээс өөр ямар авьяастай вэ?
-Төгөлдөр хуурийг сонсголоороо тоглодог, эмээгээрээ ятга тоглохыг заалгуулж байсан. Мөн бишгүүр тоглодог. Ер нь ихэнх цагаа төгөлдөр хуур тоглож, дуулахад зарцуулдаг юм.
-Эмээ эсвэл ээж чин эмэгтэй хүн урлагийн салбарт ороод биеэ авч явахдаа анхаарах хэрэгтэй талаар ямар зөвлөгөө өгч байв?
-Эмээ харилцааны соёл дээр анхаарч байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Намайг хүн болгон мэддэг болчихлоо гээд биеэ тоож, их зан гаргаж болохгүй. Ямар ч хүнтэй эелдэг харьцаж, үргэлж мэндэлж, инээж яваарай гэж зөвлөдөг.
-Айлын том охин юм байна шүү дээ. Гэртээ дүү нараа харахаас эхлээд хариуцлага их байх уу?
-Тийм. Хичээлдээ явж ирчхээд ээжийг ирэхээс өмнө хоолоо хийгээд, гэрээ цэвэрлэнэ. Тэгээд дүүгээ цэцэрлэгээс нь авчхаад сургуулиас зохион байгуулж буй бэлтгэл, дамжаа, дугуйлан зэрэг явна. Сургууль, хичээлийнхээ үйл ажиллагаанаас хоцрохгүй, бас том охиныхоо үүргийг сайн гүйцэтгэхийг хичээдэг.
-Цаашдынхаа зорилгоос хуваалцана уу?
-Цаашид аавтайгаа хэд хэдэн дуу гаргасны дараагаар ганцаарчилсан уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Гэхдээ ганцаараа дуулж эхлэх арай болоогүй байна. Мөн их сургуулиа сайн төгсөж, Монголынхоо ард түмэнд танигдсан дуучин болно. Би сайн явж байвал аав, ээж, эмээ, өвөөгийнхөө ачийг хариулж байна гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.