Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

Г.Батхүү агсны хүүхдүүд: Бид аавынхаа амийг нэхэх болно

Г.Батхүү агсны хүүхдүүд: Бид аавынхаа амийг нэхэх болно
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 22
УИХ-ын дарга, гишүүн асан Гаваагийн Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд ажлаар явж байхдаа өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон. Уг хэргийг хуулийн байгууллага найман сарын хугацаанд шалгаж байгаа юм. Өнөөдөр Г.Батхүү агсны гэр бүлийнхэн нь буюу ууган хүү, охин нь өмгөөлөгчийнхөө хамт анх удаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Уг хэрэг явдал болсноос хойш найман сар өнгөрөхөд Г.Батхүү агсныг өвчний улмаас нас барсан, хэн нэг нь хоолойг нь боосон гэх мэт мэдээллүүд гарсан. Тиймээс талийгаачийн хүү, охин, өмгөөлөгчийн хамт уг хэргийн тухай мэдээлэл өгөхөөр болжээ.
-Өмгөөлөгч Ж.Батхуяг “Найман сар өнгөрөхөд бид албан ёсоор мэдээлэл огт өгөөгүй. Хэрэг хаагдсан, гаднын нөлөөгүй зэрэг олон мэдээлэл сошиал ертөнцөөр гарсан. Монгол ёс заншлаа бодоод бурхан болоочийн ясыг өндөлзүүлж ярих нь зохимжгүй боловч өнөөг хүртэл худал, үнэн нь үл мэдэгдэх зүйл ярьсаар л байна. Хууль хяналтын байгууллага хяналт тавьж байгаа гэж бодсон. Гэвч сүүлийн үед улс төржүүлж, улс төрийн зорилгоор Г.Батхүү агсны үхлийг ашиглаж, мушгин гуйвуулах боллоо. Тиймээс шүүхийн шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хэд хэдэн зөрчилтэй баримтыг танилцуулъя. Уг хэрэгт шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт гарсан бөгөөд энэ тухай бид дэлгэрэнгүй унших боломжгүй ч анхаарал татах хэд хэдэн зүйл байна.
-Нэгд,талийгаачийн баруун нүдэнд нь хөхрөлт хавдалт үүссэн.
-Хоёрт, задлан шинжилгээний явцад хүзүүнд 7*0.5 урттай улаалт үүссэн гэж тогтоогджээ. Боосон тохиолдолд л ийм зүйл шинж тэмдэг харагдана шүү дээ.
-Гуравт, өвчний улмаас амь насаа алдсан гэж ярих болсон. Гэхдээ шинжилгээгээр цус харваагүй бөгөөд гэмтлийн гаралтай цус харвалт үүссэн гэх дүгнэлт гарчээ.
-Дөрөвт, мөрдөн шалгах ажиллагааны журмаар УИХ-ийн нэр бүхий гишүүнээс тодруулга авсан байгаа юм. Ингэхэд полиграппын тестэнд асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугүйн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн шинж тэмдэг илэрчээ.
Тавд, цагдаагийн байгууллагаас гар утсыг шинжлүүлэхээр томилсон шинжээч нь юун түрүүнд гар утасны гадаргуу дээр нь биологийн ул мөр байгааг тогтоох ёстой байсан ч дотор нь юу байгааг шууд үзсэн байгаа юм. Утсыг шалгасны дараа гэр бүлийн гишүүдэд өгөхөд тухайн утас цоо шинэ утас мэт, дотроо ямар ч мэдээлэлгүй ирсэн. Дүгнэлт нь “Гар утсыг хүлээж аваад танилцахад ямар ч мэдээлэл байгаагүй байсан” хэмээн тодорхойлогдсон байгаа юм.
Түүнчлэн бид талийгаачийг MRI аппаратад харуулах саналыг шинжилгээний байгууллагад тавьсан боловч хүлээж аваагүй. Тиймээс энэхүү шүүхийн шинжилгээний хариуг шинжилгээ, оношлогоо дутуу хийсэн хэмээн үзэж байна. Үүнээс гадна хэргийн талаар ар гэрийнхэнд нэг мессеж ирсэн. Би түүнийг нь харсан. Надад 13 секунтын бичлэг ч байгаа. Мессеж илгээсэн хүн нь одоогоор өөр хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд сүүлд “энэ тухай би мэдэхгүй” гэж хариулсан. Энэ бас л эргэлзэх зүйл. Энэ мэтчилэн мөрдөн шалгах ажиллагаа, шинжилгээнд хэд хэдэн сэжигтэй зүйл байна” гэв.
-Талийгаачийн ууган хүү Б.Ганхөлөг “Бид гэр бүлээ төлөөлж хамгийн анхны албан ёсны мэдэгдэл өгч байна. Бид найман сарын хугацаанд маш тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд хүндхэн өдрүүд болж өнгөрлөө. Хамгийн гол нь дөрвөн настай бага дүү, эмээ, өвөө, ээж маань одоог хүртэл хүнд байдалд байна.  2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр бидэнд маш том хар толбо үлдээлээ. Цоо эрүүл байсан аав минь гэрээсээ гараад явсан. Төрийн ордон дээр ажлын хэсгийн хуралтай байсан. Тэгээд албан үүргээ гүйцэтгэж явж байгаад Төрийн ордонд орсон ч  буцаж гарч ирээгүй. Бид үүнийг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Баруун нүд хавдсан байсан. Гэтэл аав минь зүүн талаараа унасан шүү дээ. Унасан талын нүдний хэсэг зүгээр байгаа юм. Мөн хүзүүн дээр гарсан улайлт нь заамдалтын улмаас гарсан л зүйл байж таараа. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Амьд явах баталгаа байна уу. Төрийн тусгай хамгаалалттай объектод ажлын өдөр хүн амь насаа алдсан байна. Гэтэл жирийн ард иргэдэд маань юу тохиолдож болох вэ?
Бид аавыгаа санаж байна. Бага дүү маань хамгийн хүнд хэцүү байдалд байгаа. Ямартай ч манай улс шүүх засаглал, төртэй улс. Аавын минь хэргийг хурдан яаралтай шийдэж өгөхийг хүсч итгэл, найдвараа алдахгүй хүлээж байгаа” хэмээв.  
-Талийгаачийн охин Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж, өгүүлж байна. Эмээ, өвөө маань өдөр болгон аавын зургийн урд олон цаг сууж залбирч байгаа. Ээж минь олон жил ханилсан ханиа алдаж, дүү минь хоолноос гарч, бэтгэрсэн байдалтай байна. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэлээ.
Ингээд хэвлэлийн бага хурлын төгсөлд Батхүү агсны хүү Б.Ганхөлөг хамгийн сүүлд авсан аавынхаа зургийг үзүүлсэн юм.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн