Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Э.Болорчулуун: Үнэгүй газар олголт ирэх тавдугаар сард зогсоно

Э.Болорчулуун: Үнэгүй газар олголт ирэх тавдугаар сард зогсоно
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 23
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэх асуудал ямар үе шаттай явагдаж буй болон цаашид хэрхэн хэрэгжиж талаар тодрууллаа. 
-Иргэд 0,07 хүртэлх га газар өмчилж авах эрхээ өөрийн болгож авч чадаагүй гэсэн гомдол ихээр гаргаж байна. Одоо газраа өмчилж аваагүй иргэд хэдэн сар хүртэл газар өмчилж авах боломжтой вэ?
-“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний байршлыг зориулалтаас хамааран дараах байдлаар тогтоосон байдаг. Нийслэлд 0,07 га хүртэл, аймгийн төвд 0,35 га хүртэл, сумын төв, тосгонд 0,5 га хүртэл өмчлүүлэхээр тусгагдсан.
 “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжихээс өмнө иргэдийн эзэмшдэг байсан хашааны газар өмчлөл 84,4 хувьтай байна. Тэгэхээр  Улаанбаатар хотод нийт өмчлөгдөх ёстой нэгж талбарын 86,4 хувь өмчлөгдсөн. Үүнээс харахад гэр бүлийн иргэдийн нэг гишүүн л газраа өмчилж авсан гэсэн үг. Тиймээс гэр бүлийн бусад гишүүний газрын өмчлөлийг бид цаашид хот тэлэх газар болон төв зам дагуу эсвэл орон нутагт олгох бодлого баримтална. Газрын шинэ өмчлөлийг хотоос гадна бүсэд олгоно.
-Үнэгүй газар олголт хэзээнээс зогсох вэ. Цаашид үнэ төлбөргүй газар өмчилж авах эрх иргэдэд байгаа юу?
-Энэ тавдугаар сарын нэгнээс үнэгүй газар өмчлүүлэх хугацаа дуусч байна. Түүнээс хойш  үнэ төлбөртэй болон бусад байдлаар газар өмчлөх эрх нээлттэй байна. 
-Үнэгүй газар өмчлөлийн асуудлыг өнөөдрөөс хөөцөлдөж эхлэхэд тавдугаар сарын нэгнээс өмнө газраа өөрийн болгож авах боломж бий юу?
-Тавдугаар сарын нэгний өдрийг хүртэл газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлэх боломж ард иргэдэд бий. Гэхдээ цаашид үнэгүй газар өмчлүүлэх асуудал сунгагдах магадлалтай. Энэ талаар бид хэлэлцэж байна. 
-Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг хаана, хэнд, ямар байдлаар гаргах вэ?
-Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Газрын албанд гаргана. Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина. Дараа нь дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна. Үүний үр дүнд иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн