Open iToim app
Улс төр | 2 мин уншина

А.Сүхбат: Би УИХ-ын гишүүн хүн, хаанаас ч мэдээлэл авах, нэвтрэн орох бүрэн эрхтэй

А.Сүхбат: Би УИХ-ын гишүүн хүн, хаанаас ч мэдээлэл авах, нэвтрэн орох бүрэн эрхтэй
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 19
“Монголын бөхийн холбоо”-ны асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн туслах зодсон гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
-Бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлаас болж таныг зодсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Гэтэл нөгөө талаас таныг өөрөө ширээ мөргөөд уначихсан гэсэн тайлбар өгсөн. Болсон процессын талаар та мэдээлэл өгөөч?
-Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ үймээнийг зохион байгуулсан улсуудаас нь асуух хэрэгтэй. Би Цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа. Цагдаагийн байгууллага Монгол бөхийн  өргөөг хамгаалалтад авчихсан мөртлөө тийм танхай нөхдүүдийг шөнө оройн цагаар оруулж ирсэн. Намайг амарч байхад орж ирж миний биед халдсан. Цагдаа намайг хамгаалж чадах эсэхэд би эргэлзэж байгаа. Ер нь цагдаагийн байгууллагад салхи оруулах ёстой юм байна. Залуучуудыг нь дэмжин гаргаж ирж, шударга үйл ажиллагаа явуулах чиглэлд нь дэм өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Өнөөдрөөс бид Цагдаагийн байгууллагыг анхааралтай ажиглах болно.
-Та гэмтлийн зэргээ тодорхойлуулсан юм уу?
-Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Миний биед халдсан нь үнэн. Энэ хууль бус ажиллагааг өнөөдрийн МҮБХ-ны эрхийг барьж байгаа нөхдүүд зохион байгуулсан нь үнэн.
-Таныг Улсын начин Б.Одхүү зодсон гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ. Энэ үнэн үү?
-Улсын начин Б.Одхүү, Ганбаатар, Багахүү зэрэг хүмүүс тэнд байсан. Би бөхийн өргөөнөөс халдлагад өртөж гарахдаа тэднийг харсан. Энэ явдал үүрээр болсон. Тэд  хаалга цөм өшиглөж орж ирээд, харанхуй орчинд ийм үйлдэл хийсэн.
-“Их эе”-ийг хууль бусаар хуралдсан гэж өчигдөр Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх бэ?
-Өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж нэрлээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж хэлэхэд, та хууль бус үйлдлээ зогсоо. МҮБХ-ны хүчингүйд тооцсон тамга тэмдгийг өнөөдөр Б.Бат-Эрдэнэ хэрэглэсээр л яваа.
-Таныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрүү барьж гэмт хэрэг өдөөгөөд байна гэсэн байр суурь ч байна. Бөхийн холбооны асуудалд та УИХ-ын гишүүн А.Сүхбат гэдгээсээ хандаад байгаан биш үү?
-Би МҮБХ-ын Аваргуудын зөвлөлийн гишүүн хүн. Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн хүн. Хаанаас ч мэдээлэл авах, нэвтрэн орох бүрэн эрхтэй. Монгол бөхчүүд бол монгол эрчүүдийн сүлд хийморийг авч явдаг хүмүүс. Монгол бөх   бохир байх аваас Монгол төр бохир хэвээр л байна. Монгол бөх цэвэр байх юм бол Монголын төр цэвэршинэ гэж би боддог. Үүндээ би бат итгэлтэй байдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн