Дэлхийн уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэд тэргүүн, Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатартай ярилцлаа.
-Хүйтэн сэрүүний улиралд ямар өвчин зонхилдог, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Монголчууд дөрвөн улирлын байдалдаа тохируулан гутал хувцас, идээ ундаагаа хэрэглэж ирсэн. Наймдугаар сарын 26-наас арван нэгдүгээр сарын 26-нд цусны даралт ихсэх, цусны харвалт өгөх буюу зүрх судасны өвчин болон уушгины өвчин ихэсдэг. Энэ үед хэтэрхий халуун чанартай хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амтлаг чихэрлэг зүйлүүд, тослог хоолноос татгалзвал зохилтой. Монголчуудын хоолны соёл өнө эртнээс улбаатай. Жишээ нь, Өүлэн эх улийсан молийсон зүйлээр үр хүүхдээ тэжээн өсгөсөн талаар дурдсан байдаг. Улийсан гэдэг нь улаалзгана. Өвөл хөлддөггүй. Молийсон гэдэг нь мойл. Бүх төрлийн хорыг биеэс гадагшлуулдаг. Үүнийг Өүлэн эх тарагтай хольж хүчиллэг, шүлтлэг, исгэлүүн гэсэн гурван амтыг тэнцвэржүүлж хүүхдүүддээ идүүлж өсгөсөн. Тиймээс тэдний харах нүд, харвах чадал, эр бяр нь бусад аавын хүүхдүүдээс илүү хөгжсөн.
Хүйтний улиралд ямаа, тэмээний мах идэх нь зохисгүй. Түүнчлэн манайхан таван цулын болон ямаа, тэмээний мах идчихээд араас нь хүйтэн ус уудаг. Энэ нь ходоодыг царцаах төдийгүй дотор эрхтэнг гэмтээдэг. Түүнчлэн хүйтэн ус дангаар нь их уувал хор болдог. Өвлийн улиралд хүйтэн ус уувал өвдөнө. Ер нь хоол хүнсээ зөв зохицуулж идэхийг цаг үе биднээс шаардаж байна. Орчин үед хоорондоо харшилсан хүнс их хэрэглэж байна. Халуун чанартай үед кофе уугаад, чихэрлэг амт идээд, хүйтэн усаар толгойгоо угаах нь буруу. Намрын цагт даралт өндөртэй хүмүүс амтлаг зүйл бага хэрэглэх нь зохилтой.
Өглөө гахайн мах, загасны мах, өндөг идвэл харшилна. Нойр булчирхай, дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлдөг. Халуун хоол идчихээд хүйтэн унд хэрэглэвэл бодисын солилцоонд хүчиллэг ихэсдэг. Дээр нь архи эсвэл тараг нэмбэл гэдэс хүртэл тасрах эрсдэлтэй. Хүчиллэг шүлтлэг тэнцвэр алдагдвал хүний биеийн уураг усны тэнцвэр алдагдана. Исгэлүүн амттай хоолоо идэж хүчиллэг шүлтлэгээ тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхээр амтлаг, эхүүн, гошуун, гашуун, хүнд, хөнгөн гэсэн зургаан чанарыг зохицуулж идэх учиртай юм. Энэ зургаагийн нэг л ихэдвэл өвчин үүснэ.
-Одоо утааны улирал эхэлж байна. Уламжлалт аргаар утаанаас хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
-Ер нь сүүлийн жилүүдэд харшлын ханиадаар өвдөх нь түгээмэл болсон. Энэ нь утаатай холбоотой. Иймээс А, В, С, Д, Е аминдэм агуулсан нохойн хошуу, үхрийн нүд, аньс, үзэм, нэрс, чацаргана, жамц давстай хар цай зэргийг буцалгаж уух нь эрүүл мэндэд тустай төдийгүй хордлого тайлна. Мөн уушгины цай ууж болно. Утааны хорын эсрэг шар, цагаан тос сайн. Ингэний сүү болон айраг, исгэлэн тараг хорыг тайлна. Улаан үнээ, цагаан ямааны сүү уувал ч үр дүнтэй. Өвөл эдгээр зүйлс ховор шүү дээ гэж бодолгүй хавар, зун, намарт төлхүү ашиглах хэрэгтэй. Түүнчлэн уушгиа хамгаалахад малын уушги илүү үр дүнтэй. Уушгиар төрөл бүрийн салат, закуск хийж идвэл сайн. Мөн түүнчлэн дархлаагаа сайн байлгахад адууны мах, малын элэг их сайн гэдгийг мартаж болохгүй.
-Биеийн дархлаа сайжруулах энгийн дасгал бий юу?
-Өглөө ташаандаа хоёр гараа тулаад, өлмий дээрээ өндийж, өсгий дээрээ бууж болно. Биеэ доргиосон зөөлөн дасгалыг өглөөд гурван удаа хийвэл уушги цэвэрлэгдэж, биеийн дархлаа сайжирна. Мөн үдэш бүлээн ус гарын хонхортоо хийж, хамраараа сорж, эргүүлж гаргах хэрэгтэй. Өглөөд энэ дасгалыг хүйтэн усаар хийх нь илүү үр дүнтэй. Уг дасгалыг тогтмол хийвэл уушгины үйл ажиллагаа сайжирдаг.
-Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс дархлаагаа хэрхэн сайжруулж, тамир тэнхээгээ нэмэгдүүлэх вэ?
-Тамир тэнхээг сайн байлгах талаар уламжлалт анагаах ухаанд долоон тамирыг шимжүүлж өгөх хэрэгтэй гэж заасан байдаг. Долоон тамир гэдэг нь тунгалаг, цөв, мах, өөх, яс, цус дусал зэргийг хэлж байгаа юм. Энэ долоон тамирыг шимжүүлэх талаар уламжлалт анагаах ухаанд сургаж ирсэн олон сайхан арга бий.
Өвөл, хаврын улиралд борви тойгны ястай шөл, цай байнга уувал тамир тэнхээ нэмэгдэнэ. Энэ цай, шөлөө гууль, зэс, ширмэн тогоонд буцалгаж, хийж уувал бүр их үр дүнтэй. Эдгээр эдлэлд хүний бие эрхтний дархлааг дэмжих бодисууд агуулагдаж байдаг. Цэвээнбазар гэж 90 гарсан өвгөн лам үүний бодит жишээ. Гуулин тогоогоо тавиад хонины яс хийгээд хужиртай цай буцалгана. Хонины ясаа зургаа долоон сар чанаж хэрэглэдэг. Ер гарсан лам өвгөний бие нь эрүүл саруул, бүх шүд нь бүрэн байсан юм. Ширмэн тогоо, гуулин тогоо нь хүний биеийг чангалдаг. Орчин үеийн хэллэгээр бол хүч тамир оруулдаг юм. Харж байхад хуванцар саванд савласан ус их уух юм. Мөн Хятадаас орж ирсэн халуун тогоонд цай хоол хийж идэж байна. Энэ тогоог хятадууд ч өөрсдөө ашигладаггүй. Хар тугалгаар хийсэн хятад тогоо хорт хавдар үүсгэх шалтгааны нэг гэж боддог. Айлын таваг шанага руу орохоосоо би санаа зовдог юм. Урд цагт гуулин данх, зэс домбо, ширмэн тогоо зэргийг ашигладаг байсан учир бие дэх макро элементүүд нөхөгддөг байсан. Зэс элгэнд чадалтай, мөнгө биеийн хор тайлна харин алт нас уртасгадаг.
Өвлийн цагт ус их уух нь зохимжгүй. Энэ нь ходоодны галд өөрчлөлт оруулдаг. Ходоодны гал алдагдахаар бадгана арвидна. Бадгана бий болсноор төрөл бүрийн өвчин үүснэ.
-Та хүний бие, хэл, сэтгэл гурав цогц, цөм буюу тэнцүү байж хүн эрүүл байна гэсэн байдаг. Ер нь энэ гурван зүйлийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ. Тэр дундаа сэтгэлээ хэрхэн тогтвортой зөв байлгах вэ?
-Бие, хэл, сэтгэл гурав нэг зүйл юм. Хүний хэлнээс гарах үг, яриа долгион цацруулж биедээ нөлөөлж байдаг. Тиймээс билэггүй үг бүү хэлж бай. Сэтгэл бол хамгийн эмчлэхэд хэцүү нь юм. Хүний сэтгэл бодол эрчимтэй, барьж болдоггүй тогтворгүй зүйл. Далайн усыг мөн чанар нь хэмээн авч үзье. Салхи хаанаасаа салхилж далай хаашаа давлагаалах нь тодорхой биш шүү дээ. Энэ бол сэтгэл.
-Тэгвэл сэтгэл санаагаа хэрхэн тогтвортой бас зөв байлгах вэ. Байнга инээмсэглэж байх гэх мэт энгийн аргууд бий юу?
-Хамгийн гол нь хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж, уур уцааргүй амьдрах нь чухал. Ерөөсөө л чин сэтгэлээсээ инээж бай. Хүмүүсийг уучилж, өршөөж бай. Бусдын төлөө өөрийгөө зориулж чадах хүчтэй бай. Ийм үед л сэтгэл санаа тайван байна. Би гэдэг үзлээ таягдан хая. Сэтгэлийн амар амгалан гэдэг бодь сэтгэл, билгүүн чанар юм. Хүний бодол бас сэтгэл зүй өвчин үүсэх шалтгаан болдог. Шунал, тачаал, уур, мунхаг гэсэн дөрвөн зүйлээс өвчин үүснэ. Шуналаас бадгана. Мунхагаас хий үүснэ. Уур шарыг үүсгэнэ. Жишээлбэл ширээн дээр байгаа зүйлийг аваад нөгөө хүнд өгөхдөө унагах нь хийн эргэлтийн тогтолцоо алдагдсан байгаагийн илрэл. Үүнд лиш говазтика гэх ургамал хэрэглэвэл хийн эргэлтийн тогтолцоо тэнцвэрждэг. Монголчууд хоол унд, цайгаараа энэ бүхнийг нөхөж эмчилж ирсэн. Харин европ эмчилгээнд антибиотикоор дарж эмчилдэг. Нөхөж эмчлэх, дарж эмчлэх нь ялгаатай. Антибиотикоор эмчилж байгаа үед шингэлтийн замдаа хор болж байдаг.
-Манай улсад шөнө орондоо уйлдаггүй, үсээ задгай тавьдаггүй гэх мэт цээрлэл байдаг. Мөн сайн муу өдрийн талаар ч ярьдаг. Даяаршиж буй нийгэмд залуус уламжлалт сэтгэлгээнээс улам бүр хөндийрч байна. Энэ бүхэн учиртай юу эсвэл зүгээр мухар сүсэг үү. Энэ бүхнийг уламжлалт ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Уламжлалт ёс заншил сургаалийг бид үр хойчдоо хэлж захиж байх ёстой. Дан ялангуяа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Сайн муу өдөр гэж байдаггүй. Гэхдээ биднийг ёс заншил маань л аварна.
Нуруу болон хүйсээ дулаан байлгавал эрүүл амьдрах үндэс болно. Мөн сүүлийн үед хүүхэд, залуус толгой нүцгэн их явж байна. Толгой даарснаас болж тархи, хүзүүний цусан хангамж муудна. Ер нь хүн дороосоо даарвал тэр дундаа охид, бүсгүйчүүд голын хий, эмэгтэйчүүд болон бөөр, давсагны өвчнөөр өвдөнө. Тэгэхээр дороосоо даарахгүй байх нь чухал юм.
Бүх өвчин даарахаас үүсдэг. Дороосоо их даарвал бөөр өвдөнө. Бөөр бол бие эрхтний хамгийн чухал хэсэг. Бөөр гэмтвэл чих дүлийрч, толгой, сав, хөл, гар гээд бүх эрхтэн өвддөг. Мөн хумс, үсний зэрэг гоо сайхны будаг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Мөн Японы эрдэмтэд машины дугуй болон спалтан зам хоёрын үрэлтээс гарч буй хий хорт хавдар үүсгэх уураг ДНК, эсийн мембран микро макро элементүүдийг гэмтээдэг талаар уншсан. Олон улсын хурал цуглаанд оролцож байхад буруу эдэл нь өвчин үүсгэж байгаа талаар их дурддаг. АНУ-ын эрдэмтэд үсний будгаас хавдрын эс гарсан талаар мэдээлж байсан. Тэгэхээр эдэлж, хэрэглэж байгаа зүйлдээ дээд зэргээр анхаарч, эрүүл мэндээ хамгаалах цаг болсныг энэ баримт гэрчилж байна. Үүнтэй өвөг дээдэс, ахмадуудын маань сургаж ирсэн бүхэн ч холбогдож байгаа юм.