Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

М.Гүюг: Ямар ч хэлийг сурахад зорилго, сонирхол хоёр бол хамгийн том багш юм

М.Гүюг: Ямар ч хэлийг сурахад зорилго, сонирхол хоёр бол хамгийн том багш юм
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 19
Хятад хэл сурах гэж буй залууст "Хятад хэл хэцүү" гэх бодлыг өөрчилж амархан мэт ойлгуулсан залуу бол М.Гүюг. Өдгөө 10 дахь жилдээ хятад хэлийг судалж байгаа бөгөөд  хятад хэлний Гүүр тэмцээний Ази тивийн хоёр удаагийн аварга, Монгол Улсын гурван удаагийн аварга Анко хятад хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Гүюгтэй ярилцлаа.
-Бага сургуулиасаа БНХАУ-д суралцахаар явсан гэсэн. Тухайн үед сэтгэл санааны хэр бэлтгэлтэй байв, ямархуу хүндрэлүүд гарч байсан бэ?
-Тухайн үед анх удаа гадаад руу явж байсан нь Хятад руу явах байсан юм. Хятад руу сургуульд явах үед 12 настай байсан. Сургуульдаа очиход сэтгэл зүйн гүн цочролд ордог юм билээ. Соёлын шок ч гэж нэрлэдэг. Жишээлбэл, сэтгэл санаагаар унах, огцом баярлаж хөөрөх, гэрээ санах, аав, ээжийгээ өгүүлэх зэрэг асуудлууд тулгарч байсан. Гэхдээ манай ангийн 30 орчим хүүхэд Монголоос ирсэн байсан. Тэдгээр дунд надаас дүү найм, ес, арван настай хүүхдүүд  адилхан биеэ дааж, дотуур байранд хамтдаа амьдарч байсан тул сэтгэлзүйн асуудлуудаа даван туулахад илүүтэй амар байсан.
-Монголчууд ямарваа нэг муу, муухай зүйл болвол муусайн хятадууд гэж ярьцгаадаг. Бид ийнхүү хандаж байхад таныг БНХАУ-д очиход тэдний танд хандах харилцаа, хандлага ямархуу байсан бэ?
-Хятадад очих үед монголчуудын хятадуудад ханддаг шиг хандлага огт анзаарагдаж байгаагүй. Энэ талаар анх очихдоо нэлээд гайхаж байсан. Дотроо битүүхэн айдастай, мэдээлэл дутмаг байсан болохоор Монгол болон Хятад иргэдийн харилцаа хоорондоо түнжингүй ч юм уу гэж боддог байлаа. Гэтэл Хятадад очтол тэдгээрийн нийгмийн байдал, хүмүүсийн хандлага нь бидний боддогоос эсрэгээрээ эерэг, ямар ч газар очсон гадаад хүн гэдэг утгаар нь халуун дотноор хүлээн авдаг байсан. Хятадад харилцаа, хандлагын хувьд доголдолтой зүйл их байдаггүй. Харин Эрээн шиг боомт хотуудын хувьд монголчуудын талаар бага зэрэг яриа байдаг. Гэхдээ Бээжин, Шанхай гэх мэтээр хилээс урагшлах тусам  энэ талын сөрөг хандлага багасаж харагддаг.
-Тухайн улсын хэлийг сурахтай хамт соёлыг нь давхар судалж, суралцдаг шүү дээ. Таны хувьд БНХАУ-ын ямар соёл, зан заншил, хандлага нь таалагдаж байсан бэ?
-Хятад хэлийг 2012 оноос эхлээд 10 дахь жилдээ сурч байна. Энэ хугацаанд хятадад сурахаар, бизнес орчуулгаар олон удаа явж байсан. Ингэж олон явахдаа анзаарсан зүйл бол нэгдүгээрт хятадууд таньдаг болон таньдаггүй ямар ч хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Бусдыг хүндэтгэж өөрийгөө аль болох дардаг нэг төрлийн соёл байдаг. Үүн дээр өрнө, дорны ялгаа харагддаг. Жишээлбэл, европ хүн өөрийгөө дөвийлгөдөг, би төвтэй, нээлтэй илэрхийлж чаддаг бол хятад хүмүүс ямар ч мундаг бизнесмэн, багш байсан өөрийгөө дардаг, даруу төлөв  хүмүүс байдаг. Даруу төлөв боловч хийх ёстой бүхнээ цаг тухайд нь хийж чаддаг зан чанар нь ихээр таалагддаг.

Аливаа зүйлд хэт их улайрч, яаран хийвэл үр дүн эсрэг гарах магадлал өндөр

undefined
-12 настайдаа харь улс руу явахдаа бүрэн төгс хэлний мэдлэгтэй очихгүй нь мэдээж. Сургуульд очих үедээ бусадтай хэрхэн харилцаж, хүрээллээ бий болгож байсан бэ?
-Хятадад очихдоо хятад хэлний ямар ч мэдлэггүй очиж байсан. Тэр байтугай Солонгос, Япон, Хятад хэл ямар ялгаатайг мэддэггүй байлаа. Манай анги удирдсан багш Өвөр монгол хүн байсан. Тиймээс монгол хэлтэй хүнээр заалгаж байсан учраас харьцангуй хүндрэл бага байлаа. Гэхдээ харь гүрэнд очиж бие даан суралцаж байгаа, бүрэг ичимхий хүүхдийн хувьд найз, нөхөд, хүрээлэлтэй болох, өөрийгөө нээх гэдэг хамгийн хэцүү байсан. Өөрийгөө нээхийн тулд сургуулийн секц, дугуйланд идэвхтэй хамрагддаг байсан. Эдгээрт хамрагдахын гол ач холбогдол нь найз, нөхөд, хүрээлэлтэй болох л байсан.
-Хятад хэлний мэдлэггүй явж байсан гэсэн. Тэгвэл хэр хугацааны дараа хэрэглээний түвшинд хүрсэн бэ?
-Миний хувьд хагас жил орчмын дараагаас өдөр тутамдаа хэрэглэх хэмжээнд хүрчихсэн байсан. Гэхдээ хүн хүнээс шалтгаалж өөр, өөр байдаг. Зарим хүүхдийн хувьд 2-3 сарын хугацаанд хятад хэлийг гадуур явахдаа асуудалгүй хэрэглээд сурчихсан байсан бол зарим нь 1-2 сарын дараа хэрэглээний түвшинд хүрч байсан. Хэлийг хэр хугацаанд сурах нь тухайн хүний хүчин чармайлтаас шалтгаалдаг. Би хятадаар байтугай монголоор ч бараг ярьдаггүй, хичээлээ хийж, ханзаа бичээд л сууж байдаг бүрэг ичимхий хүүхэд байсан. Гэхдээ энэ нь цаашдаа ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг ойлгосон учраас сурсан мэдлэгийнхээ хүрээнд хүнтэй мэндэлж, хүнээс асуулт асууж, хариулт сонсож түүнээсээ шинэ зүйлсийг сурснаар 1-2 сарын хугацаанд байнга үйлчлүүлдэг дэлгүүр, хоолны газарт ямарваа нэг бэрхшээлгүйгээр харилцан яриа өрнүүлж, үйлчилгээ авч, хэрэглээндээ нэвтрүүлж чадсан. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь хэлийг хэрэглэдэг болох хүртлээ хичээлээ хийж, ханзаа бичээд нэг л өдөр хэрэглэдэг болох юм шиг санадаг. Хэрэглээндээ, өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхгүй байх нь том алдаа. Учир нь, хэл бол хэрэглээ. Хэлийг хурдан хугацаанд сурахыг хүсвэл өдөр тутмын бүх зүйлдээ нэвтрүүлж чадвал хэлний мэдлэг хурдан хугацаанд, хурдан дээшилдэг.
-Англи хэлийг сурахад олон давуу тал, боломжууд бий болдог гэж ярьдаг. Тэгвэл хятад хэлийг сурснаар хүнд ямар ямар давуу тал, боломжууд бий болох вэ?
-Хэл сурна гэдэг тухайн улсын соёлоос  давхар суралцаж байдаг. Тэгвэл хятад хүмүүсийн соёл дундаас бидний сурахад илүүдэхгүй олон соёл, философиуд байдаг. Жишээлбэл, хятад хүмүүс маш их тэвчээртэй, хүлээцтэй. Аливаа ханзын бичихэд зурлагыг нь дэс дарааллын дагуу нэг нэгэнгүй бичих ёстой байдаг. Үүнээсээ хүн тэвчээртэй байх, сууж  сурахыг, бусдын яриаг сонсож сурах чадварыг эзэмшдэг. Дараагаар нь хятад хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягаас өөрийн эрүүл амьдралын хэв маягийг олж авдаг. Орой эрт унтаж, өглөө эрт босох, биеийн тамираар хичээллэх гэх мэт чухал зүйлсийг эзэмшиж авдаг. Мөн хятад хэл сурахын давуу тал гэвэл маш олон зүйлсийг дурдаж болно. Жишээлбэл, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь хятадаар ярьж байна. Үүнээс гадна хятадын зах зээл асар том. Дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг хятадад үйлдвэрлэж байна. Тиймээс аль ч салбарт ороход хятадтай холбоогүй салбар гэж үгүй. Мөн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл гэх мэт. Энэ талаас нь харвал олон боломжууд бий болно. Хэл бол мэргэжил биш хэрэглээ юм.
undefined
-Аливаа хэлэнд хэлц үг гэж байдаг. Танд сургамж болж таалагдаж байсан хятадын ямар хэлц үг байдаг вэ?
-Хятад хэлэнд олон хэлц үг байдаг ч миний толгойноос огт гардаггүй үг бол 2008 онд нээлтэй хийсэн “The karate kid” кино нь дээр гардаг үг юм. Энэ нь “ аливаа зүйлд хэт их улайрч, яаран хийвэл үр дүн эсрэгээрээ байдаг”  гэх үг юм. Аливаа зүйлийг удаан бөгөөд тайвнаар тууштай хийх ёстой гэсэн философийг тусгаж өгсөн хэлц юм.
-Сүүлийн үед та шинээр юуг төлөвлөж, хийж байна вэ. Шинээр хэл сурах бодол бий юу?
-Шинэ мэргэжил эзэмшиж, шинэ хэл сурах эрмэлзэл их байна. Жишээ нь, Япон болон хөрш Орос улсын хэлийг сурахыг хүсч байна. Түүнээс гадна миний магистр, баклаврын мэргэжил нийгмийн ухааны мэргэжил тул бизнес, инженерчлэлийн чиглэлээр хятад руу бакалаврт сурахаар төлөвлөж байна. Шинэ бакалаврын мэргэжил таалагдвал цааш магистр, доктортоо 30 хүртлээ сурах бодол бий.
-Ялангуяа хятад хэлийг сурч буй сурагчдад шантрах тохиолдол гардаг. Хэр хугацааны дараагаас хүүхдүүд шантарч эхэлдэг вэ?
-Энэ нь хүнээс өөрөөс нь шалтгаалж янз бүр байдаг. Тухайн хүний зорилгоос шууд хамааралтай.  Зарим хүүхэд  хятад хэл хэцүү гэх бодлоосоо болж 1-2 сарын дараагаас шантардаг бол том зорилго тавьсан хүүхэд ямар ч хичээлийг, аль ч багш орсон хичээнгүйлэн суралцдаг.
-Хэлийг хэрэглээндээ нэвтрүүлж бүхий л зүйлсийг тухайн сурч буй хэлээрээ үзэж хэрэглэж хэвших нь чухал байх. Тэгвэл таны хувьд хятад хэлийг сурч буй хүүхэд, залуучуудад ямар кино,контентыг санал болгох вэ?  
-Хятад улсын энтертаймент салбар үсрэнгүй хөгжиж байгаа. Энэхүү энтертаймент салбарт байх кино, дуу, нэвтрүүлэг, ток шоунаас хятадын гэлтгүй дэлхийн хэмжээний оддууд олон төрж байна. Гэхдээ хувь хүн өөрийнхөө сонирхдог зүйлсийг үзэх нь зүйтэй. Миний хувьд адал явдалтай кинонд дуртай болохоор өдөр тутамдаа action, инээдмийн цувралуудыг үздэг. Тухайн хэлийг сурах хүслээс гадна сонирхол чухал үүрэгтэй. Хятад хэлэнд байдаг өөр нэг зүйр үг бол “сонирхол бол хамгийн том багш” гэсэн утгатай зүйр үг. Иймд хүн урлаг, спорт, кино, түүх, соёл  гэх мэт өөрийн сонирхдог зүйл дээрээ тулгуурлан сурч буй хэлээ холбон суралцвал илүү үр дүнтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Л.Гантөгс
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн