Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ц.Ренчинсэнгээ: Энэ жил 1995 оноос хойш тохиогоогүй хур ихтэй сайхан жил байлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахаллын энэ цүед Монголын тариалангийн үйлдвэрлэл явагдаж, тариаланчид энэ их ажлын ард гараад байна. Энэ жил хураасан нийт ургацын 50 мянган тонныг улс, 200 гаруй мянган тонныг тариланчид худалдаж авсан. Гэвч хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй байгааг хэллээ. Үүнд худалдан авах байгууллага цөөнөөс гадна импортын улаанбуудайтай холбоотой үлдэгдэл үүссэн байна.
Монголын тариаланчдын үндэсний холбооноос яаманд 2020 оны эцэст импортоор 60 мянган тонноос илүү хүнсний буудай бүү импортлооч ээ гэх саналыг яаманд хүргүүлсэн. Гэтэл энэ саналыг үл харгалзан үндсэндээ 3-4 дахин илүү хэмжээгээр улаанбуудайг импортолсон. Бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнийг тайлбарлахдаа цар тахлын энэ үед хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоотой гэх тайлбарыг өгсөн.
Өнөөдөр 130 мянган тонн улаанбуудай талбай дээр хучаастай байна. Импортын буудайнаас шалтгаалаад хадгалах савгүй болсон. Энэ их буудай үнэ цэнэгүй болох эрсдэл үүсээд байна. Үлдсэн 130 мянган улаанбуудайг хамгийн бага үнээр бодоход 90 тэрбумын төгрөгийн хөрөнгө болно. Энэ их хөрөнгө яг одоо хаягдах болчихоод байна.
Засгийн газраас энэ ондоо багтаагаад тариаланчдын худалдан авсан байгаа улаанбудааны мөнгийг гарган өгөх, мөн бид нэг жилийн хугацаатай гурван хувийн зээлийг бүтээгдэхүүнээ борлуултол хойшлуулж өгөх хүсэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн тариаланчдын холбооны төлөөлөгч н.Батбаяр: Монгол Улсад MNS 0097:2010 гэх улаанбуудайн стандарт байдаг. Энэ стандартаар Монгол Улсад дөрвөн ангиллаар улаанбуудайг хүнсний хэрэгцээнд авдаг. Өнөөдөр олон мянган тонны улаанбуудайн үлдэгдэл гарч, стандартад тэнцэхгүй болчихлоо. Учир нь манай улс энэ жил 240 орчим мянган тонн улаанбуудайг импортоор оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор гурилын үйлдвэрүүд тариаланчдын тарьсан улаанбуудайн стандартыг барихгүйгээр өөрсдөд таарсан стандарт бий болгосон байна. Урьд жилүүдэд болоод явдаг байсан энэ асуудал энэ жил болохоо больсон байна. Гурилын үйлдвэрт будаагаа очиж өгөхөөр өөр нэг стандарт, дараагийн үйлдвэрт очиход бас нэг өөр стандарт гаргаж байна. Улсаас заасан стандартыг үйлдвэрүүд баримтлахгүй зөвхөн өөрсдийн үзэмжид таарсан стандартыг гаргаж байна. Мөн үүнийг дагаад үнийн асуудал үүсэж байна. Манай Сэлэнгэ аймагт яг одоо 30 гаруй мянган тонн улаанбуудай борлогдоогүй байна.
Төв аймгийн тариаланчдын холбооны төлөөлөл: Манай аймгийн хэмжээнд 32000 тонн улаанбуудай борлогдоогүй. Сая хэлсэнчлэн үйлдвэрүүд нэг ижил стандарт баримтлахгүй асуудал байна. Тариаланчид энэ цаг үед аль хэзээний ургац хураалтаасаа буугаад явчихсан байх ёстой. Гэтэл одоо будаагаа манаад л сууж байна. Энэ асуудал үндсэндээ 240 мянган тонн импортоор авсантай холбоотой гэж бид үзэж байгаа. Үүнээс болж гурилын үйлдвэрүүд янз бүр стандартаар үнийн асуудал ноцтой болж байна. Жишээлбэл, улаанбуудайны үнэ үндсэндээ 540-560 мянган төгрөгийн хооронд хасагдаж байна. Үнэ болон нэгдсэн стандарттай холбоотой энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна” гэлээ.