Хүн төрөлхтөн байгалиасаа бүтээлч шинж чанартай. Бүтээлч хандлагыг өөртөө төлөвшүүлэх нь бидний соёл болон технологийн хөгжлийн суурь юм.
Хүний төрөлхийн зөн совин нь үргэлж өөрийн аж амьдрал, хүрээлэн буй орчноо бий болгож, түүнийг сайжруулахад чиглэгдсэн байдаг. Нэг талдаа залхуурал гэдэг зүйл ч аливаа зүйлийг сайжруулах шаардлагын үндсэн дээр урган гардаг бөгөөд бидний бусад амьтдаас ялгарах суралцах, өөрчлөх чадвар туйлын гайхалтай.
Гэхдээ бүтээлч байдал гэдэг бол аливаа зүйлийн өнгө, хэмжээ, загвар, хялбар хэрэглэгдэх байдал, ойлгоход амар байх зэрэг цогц агуулга бүхий ойлголт юм. Аливаа хуучин зүйлийг сайжруулах, эсвэл цоо шинээр бий болгох бүтээлч санаа нь цаас, ажлын байр, урлан, тайз, лаборатори, шүршүүр гээд хаана ч урган гарч ирж болдог.
Леонардо Да Винчи алдарт “Мона Лиза” уран зургийг зурах болон физикч Альберт Эйнштейн “харьцангуйн онол”-ыг гаргах хоёрын хооронд сэтгэхүйн ямар нийтлэг зүйл байдаг вэ. Танд Эдвард Мункийн “Хашхираа”, Винсент Ван Гогийн “Одод түгсэн үдэш”, Пабло Пикассогийн “Авигноны залуу бүсгүйчүүд” зэрэг бүтээлүүд гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг үү. Мэдээж та эдгээр уран зургууд нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу оюун санааны урлагийн бүтээл гэдэгтэй санал нийлэх байх.
Энэ мэт сэтгэлгээний урлаг нь бидний аливаа зүйлийг хүлээн авах байдал болон хэв маягийг өөрчилдөг. Таны онцлогт тохирсон бүтээлч зүйлс амьдралыг тань бүхэлд нь өөрчилж чаддаг. Тиймээс агуу уран бүтээлчдийн сэтгэлгээний нууцыг мэдэж, тэдний зарчим, зан үйлийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх нь таны амьдрал, хандлага, үзэл бодол, үйл ажиллагаанд нөлөөлдөг.
Гоц ухаантнуудын хувьд юу бодох вэ гэдгээс илүүтэй хэрхэн бодох вэ гэдэгтээ төвлөрөх нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, хэрхэн ном унших вэ гэдгээс илүүтэй ямар ном унших вэ. Юу хийх вэ гэхээс илүү аливаа зүйлийг хэрхэн хийх вэ гэдэг нь чухал байдаг гэсэн үг юм.
Өндөр оюуны бүтээмжтэй буюу гоц ухаантнуудын сэтгэлгээний онцлогийг ажигласан эрдэмтэд бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн тархи нэгэн зэрэг хэд хэдэн мэдээллийг хүлээн авч, боловсруулах өндөр чадамжтай, олон зүйлийг сонирхдог, өргөн мэдлэгтэй гэх нийтлэг шинж чанартай байдаг гэж үзжээ. Тиймээс тэд бүтээлч хүмүүсийн тархи, жирийн хүнтэй харьцуулахад аливаа зүйлийн учрыг олохын тулд хэрхэн ажилладаг болохыг мэдэх зорилготой туршилт явуулжээ. Туршилтын үр дүнд аливаа зүйлд илүү уян хатан ханддаг, бүтээлч хүмүүс ихэвчлэн багаар ажиллахаас илүүтэй, бусдын хийсэн датанд дүн шинжилгээ хийж, нэгтгэх талдаа илүү болохыг олж илрүүлжээ. Мөн тэд хүний тархинд судалгаа хийж бүтээлч бодлууд аль хэсгээс, ямар дэс дараалалтай гардаг талаарх гурван чухал нотлох баримтыг гаргаж ирж чаджээ.
1. Тархи хэвийн горимд ажиллаж байх үед бүтээлч санаанууд санах ой, оюун санааны симуляциас урган гардаг.
2. Үүний дараа тархины туслах сүлжээнүүд гол, чухал мэдээллүүдийг илрүүлдэг.
3. Эцэст нь гүйцэтгэх хяналтын сүлжээ нь бүтээлч санааг бий болгох гол үүргийг гүйцэтгэдэг байна.
Энэ үедээ хүний тархи синхрон хэлбэрээр ажиллаж байдаг бөгөөд эндээс нэгэн сайхан мэдээ гарч ирсэн нь өөрсдийгөө төрөлхийн бүтээлч бус гэж боддог хүмүүс техникийн хувьд өөрийгөө хөгжүүлж энэ талын дадал, хандлагад суралцах бүрэн боломжтой аж.
Харин өөр нэгэн судалгаанд өнөөдөр амьдарч буй дэлхийн хамгийн алдартай эрдэмтэд, математикчид, уран бүтээлч, зохиолч 13 хүний тархины хэвийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгааны үр дүнд мэдээж бүтээлч санааг зөвхөн сэтгэн бодох процессоор илэрхийлэх боломжгүй бөгөөд хормын төдийд л зурс хийн орж ирдэг гэдгийг ч шууд авч үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс ямар нэгэн байдлаар эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээлч сэтгэлгээтэй болж чадахгүй гэжээ. Гэсэн ч уг судалгаагаар гоц ухаантнуудад байдаг зарим чухал сэтгэлгээний нийтлэг байдлыг гаргаж ирж чаджээ.
1. Бүтээлч хүмүүс эмх замбараагүй, төвөгтэй зүйлсийн учрыг олохын тулд маш тэвчээртэй байдаг. Мэдээж уран бүтээл, ямар нэгэн гайхалтай зүйлийг хийхийн тулд цаг хугацаа ихээр шаардана. Заримдаа ганцхан төгс зүйл хийхийн тулд хэдэн жилээр ч нухацтай төвлөрөх шаардлага гардаг. Тиймээс тэвчээртэй байх нь хамгийн чухал аж. Ихэнх суут хүмүүс амжилтад хүргэсэн бүтээлээ маш сайн төлөвлөж, удаан хугацаанд туурвисан байдаг бөгөөд ингэхдээ болох, болохгүй процесс бүрээс цаг ямагт таашаал авдаг байна. Жишээ нь алдарт зохиолч Стефен Кинг нэг зохиолдоо зориулж дор хаяж арав орчим жилийг судалгаа, хийх, ном унших, мэдээлэл цуглуулахад зарцуулдаг аж. Үүний хэрээр тэмдэглэл, харьцуулалт бичиж үлдээдэг байна.
Мөн алдарт физикч Исаак Ньютон сэрүүцэж байх зуур түүний толгой дээр алим унаснаар түүний тархинд таталцлын хуулийн санаа зурс хийн орж ирсэн гэдэг. Үнэн хэрэгтээ тэрээр үүнээс өмнө яг энэ зүйлд төвлөрөн амьдралынхаа тэн хагасыг олон өөр санаа, туршилтуудыг хийхэд зориулсан бөгөөд хамгийн зөв хувилбар нь энэ байжээ. Өөрөөр хэлбэл, түүний хорин жилийн тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл байгаагүй бол алим түүний толгой дээр зүгээр л унаад өнгөрөх байсан юм.
2. Гоц ухаантнууд аливаа зүйлийг сайжруулахын тулд өөрсдийгөө цаг ямагт хөгжүүлж байдаг. Бидэнтэй хөл нийлүүлэн амьдарч буй технологийн салбарын бүхий л суутнуудыг харвал тэд бүгд л их сургуулиа хаясан байдаг. Гэвч Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг, Элон Маск зэрэг цаг үеээ түрүүлсэн сэтгэгчид үргэлж аливаа зүйлийг автоматжуулж, хүн хэрэглэхэд хялбар болоход төвлөрөн ажилладаг. Тэд аливаа зүйлийг болчихно гэж хүлээлгүйгээр үргэлж түүнийг өөрсдөө эхлэн хийж, туршдаг нэг талдаа зоригтой хүмүүс юм. Хэдий тэд албан ёсны боловсролын зэрэггүй ч системийн ямар ч өөрчлөлтийг өөрийнхөө талд ашигтай хувилбараар эргүүлж, зурж чадах мэдлэгийг өөрсдөдөө цаг ямагт суралцуулдаг байна.
3. Гоц ухаантнууд хоорондоо адилгүй субъект ойлголтуудын хоорон дахь ижил шинж чанарыг олж харахдаа гаргууд байдаг. Жирийн хүмүүс гэлтгүй суутнууд ч өөрийн өсөж төрсөн нийгэм, гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалан тодорхой хэмжээний сэтгэхүйн хайрцагт ордог. Гэсэн хэдий ч тэдний бусдаас ялгарах сэтгэхүйн гол онцлог нь ямар ч зүйлд уян хатан байдлаар хандаж, аливаа зүйлсийн нийтлэг шинж чанар, ашиг сонирхлыг олж харж чаддаг явдал аж.
Жишээ нь Леонардо Да Винчи хонхны жингэнэх чимээ болон чулуун дээр дусах усны дуслуудын чимээний ижил давтамжийг нээн илрүүлж байжээ. Үүгээр зогсохгүй хонх ашиглан усны чимээ, усны чимээг ашиглан хонхны жингэнэх дууг бий болгож чадсан байна.
Мөн физикч, зохион бүтээгч Никола Тесла байгалийн хуулийг ажиглан нарны эрчим хүчийг ашиглан хөдөлгүүрт цахилгаан цэнэг хураах боломжтой гэдгийг олж илрүүлэн, туршилтаар баталсан нь өнөөгийн цахилгаан станцууд болон цахилгаан хөдөлгүүрт автомашины моторын эхлэл болсон байдаг.
Харин “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс “Бүтээлч байдал гэдэг бол зөвхөн аливаа юмсыг нийлүүлэх явдал юм. Хэрвээ та бүтээлч хүмүүсээс үүнийг хэрхэн хийсэн талаар нь асуувал тэд бага зэрэг гэм хийсэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Учир нь тэд үүнийг бүхэлд нь хэзээ ч хийгээгүй бөгөөд зүгээр л бусад зүйлсийг маш сайн ажигласан байдаг” гэж байжээ.