Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км дөрвөн эгнээ авто замыг шинээр барих ажил эхлээд байгаа. Тиймээс Дарханы замыг хааж, түр замыг байгуулсан. Түр зам байгуулснаас болж, Улаанбаатар- Дархан чиглэлийн замд аваарь осол их гарч байгаа билээ. Тус замыг хааснаас хойш гарсан осол болон осол юунаас шалтгаалан гарч байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах Ч.Чимэдбат тодрууллаа.
-Дархан Улаанбаатар хоёрын хооронд иргэд зам зорчиход ямар асуудал үүсэж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд усархаг бороо их орсны улмаас замын хөдөлгөөнд оролцоход нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй байна. Улаанбаатар хотоос баруун аймгуудыг тэр дундаа Дархан, Эрдэнэтийг зорьж байгаа тээврийн хэрэгслүүд Хүй долоон худгаар дамжаад 61-ийн гарам дамжаад гардаг. Дарханы замд хоёр гурван машин шаварт суусан, жалга руу унасан тохиолдол бүртгэгдсэн. Борооны улмаас түр зам эвдэрч хотгор, гүдгэртэй болсон. Ус тогтож, гулгаа шавхай их үүссэн байдалтай байна. Иймээс тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй зарим хэсгийн түр замуудыг болиод, хуучин төв замаар зорчуулж байна.
-Түр замаар зорчиж буй иргэдийн зүгээс ямар санал хүсэлт ирсэн бэ?
-Бид тодорхой хугацааг туулбал, хөдөлгөөндөө ая тухтай зорчих бололцоотой болно. Иргэдийн зүгээс ганц, нэг шүүмжилсэн санал гомдол ирсэн. Тэр нь хэд хоног усархаг бороо орсны улмаас бас нэлээдгүй зам эвдрэх, замын хажуугаар гулгаа шавхай ихэссэнтэй холбоотой байсан.
-Аль хэсгүүдээр түр замаар биш, үндсэн замаар зорчих боломжтой вэ?
-Дарханы замыг нийт таван ажлын багц болгон хуваасан. Таван хэсэгт түр замыг гаргаж ажиллаж байна. Баруун аймгууд салдаг уулзвараас 61-ийн гарам хүртэл 14.9 км замыг хаасан. Мөн баруун тийшээ яваад Гахайн фермээс Говь ресортын хөтөл хүртэл 2.6 км замыг хаасан. Хоёрдугаар багц нь хар үзүүрийн уулзвараас цагдаагийн пост хүртэл хоёр км замыг хаасан. Гуравдугаар багцад нь Урьханаас Жаргалантын уулзвар, тариан талбай хүртэл 15.5 км зам, Сүмбэрийн уулзвараас хоёрын даваа хүртэл 4.5 км, 124-ийн даваагаас Зүүнхараа салдаг самбар хүртэлх хоёр км замыг түр хугацаагаар хаасан. Ингээд түр замаар хөдөлгөөнд нэвтрүүлж байна. Ажлын дөрөвдүгээр багц цайдмын хөндийгөөс Хонгор хүртэл 10 км, мөн эрдэнэтийн уулзвараас гурилын үйлдвэр хүртэл 12.5 км, нийт 22.5 км замыг хаасан.
Сая үргэлжилсэн олон хоногийн борооны улмаас Цайдмын хөндий гэх газрын түр замыг хаасан. Учир нь хөрс зөөлөрч шаварлаг болсон тул тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжгүй юм. Тиймээс үндсэн трансыг нээж, хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниас асууж, зөвхөн дайрган хучилттай замаар хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Мөн тээврийн цагдаагийн албаны зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс тухайн зам засварын ажилтай холбоотойгоор гурван автомашин албан хаагчид өглөөний долоон цагаас оройны 22.00 цагийн хооронд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
-Түр зам ашиглалтад орсноос хойш зам тээврийн осол гарах нь нэмэгдсэн үү. Өмнөх онтой нь харьцуулвал ямар байх вэ?
-Дарханы зам нь Дарханы болон Төв аймгийн гэсэн үндсэн хоёр байршилд хамаатай. Тиймээс тус тусад нь ангилаад үзье. Төв аймгийн хэмжээнд, өнгөрсөн жилийн эхний долоон сард тус замтай холбоотой гэмт хэргийн тоо 32 бүртгэгдсэн бол энэ жилийн эхний долоон сарын байдлаар 22 болж, нийт 31.3 хувиар буурсан байна. Харин Дарханд өнгөрсөн жилийн эхний долоон сарын байдлаар гэмт хэргийн тоо 53 байсан бол энэ жил 75 болж, 41.5 хувиар өссөн байна.
Үүнээс харвал Дарханы зам засвартай, түр зам эвдрэлтэй байгаагаас болоод ослын тоо нэмэгджээ гэж хэлж болохгүй. Ер нь зам тээврийн осол хоёр зүйлээс шалтгаалдаг. Хэчнээн зам нь стандарт нийцсэн байлаа гээд манай улсын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 0.3 хувь нь олон жил ашигласан байдаг. Ойролцоогоор 50, 60 хувь нь 20-иос дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байдаг. Тиймээс бүрэн бүтэн байдлыг хангаж чаддаггүй. Тиймээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн бус байдал болон жолоочийн сахилга хариуцлагагүй байдлаас болоод зам тээврийн осол гарч байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын нэг хувь нь замаас шалтгаалдаг. Харин 97.7 хувь нь жолоочийн хариуцлагагүй байдлаас шалтгаалдаг. Хурдан, шуурхай, аюулгүй, тав тухтай, зорчих нөхцөл бололцоог хангахын тулд шинэ зам хэрэгтэй. Гэхдээ нэг талдаа замын эвдрэл нь зам тээврийн ослыг бууруулж байдаг. Бартаатай зам дээр тээврийн хэрэгслүүд хэт хурдтай явах боломжгүй болж хурд саардаг. Хурд саарахаар осол багасна гэсэн үг.
-Бороо их орж байгаатай холбоотойгоор иргэдэд ямар сэрэмжлүүлгийг өгөх вэ?
-Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын ихэнх хувь нь хурд хэтрүүлснээс болдог. Тээврийн цагдаагийн алба 21 аймгийн нутаг дэвсгэрт хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн. Мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт зөөврийн хурд хэмжигчийг хөдөлгөөнт байдлаар хянаж, шалгаж байна. Мөн шөнө оройн цагаар гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэхгүй байна. Хүүхдийг зориулалтын суудал хамгаалалтын хэрэгсэлгүй суулгаж, бүрэн бус тээврийн хэрэгсэл зорчиж байна. Эдгээр хүчин зүйлүүдээс болоод зам тээврийн осол гардаг. Мөн жолоочийн дүрэм зөрчих нь их байр суурь эзэлж байна. Жолооч нар хөдөлгөөнд оролцох үедээ “цагдаа яг энэ уулзвар дээр байдаг. Тэгэхээр энэ постыг өнгөрчихвөл гайгүй” гэдэг хандлагаар хандаж, холын замд бүсээ зүүхгүй, хурдаа хэтрүүлж, согтууруулах ундаа хэрэглэж байна. Ингээд баталгаагүй замаар явж, зам тээврийн осолд өртөх эрсдэл нь өндөр.
Мөн иргэдээс явганаар зорчиж байгаад зам гарахдаа осолд орох тохиолдол их байна. Тээврийн цагдаагийн албанд өдөрт 300 гаруй мэдээлэл ирж, 200 гаруй нь зам тээврийн ослын дуудлага байна. Үүнээс 10-15 хувь нь явган зорчигч гэмтсэн мэдээлэл байдаг. Өчигдрийн байдлаар нийслэл хотод зам тээврийн ослоос шалтгаалж дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан. Явган зорчигчид замаар гарахдаа гарцтай хэсгээр гарах шаардлагатай байна. Хэрвээ ойр хавьд гарц байхгүй бол ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд гарах хэрэгтэй. Мөргөсөн л бол жолоочийн буруу гэсэн үг биш.