Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш: Компанийн тухай хуулийн хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн ТУЗ-өөс 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь ҮЦТХТ-өөр дамжуулж тараагдана. ҮЦТХТ бол ногдол ашгийг хуваарилах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нийт 2.5 сая иргэний ногдол ашгийг нэг дор тараах томоохон ажил юм. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан гэж хэлж болно.Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн хүмүүст үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана. Үнэт цаасны дансаа нээлгэсэн нэг сая гаран иргэний банкны дансыг тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашгийг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдсэн иргэдийн ногдол ашгийг и-баримт авдаг дансаар нь дамжуулна. 0-18 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажил хийж байна.ҮЦТХТ нь эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хийгээд программаа хөгжүүлж байгаа.Санхүүгийн Зохицуулах хорооны Ажлын албаны дарга Ж.Жамбаажамц: Эрдэнэс Тавантолгой ХХК болон ҮЦТХТ-ийн хоорондын гэрээний дагуу үе шаттайгаар мөнгө шилжиж байгаа. Одоогоор 100 орчим тэрбум төгрөгийг Сангийн яам дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн. Үлдсэн 178 тэрбум орчим төгрөг дутуу байгаа. Тэрийг Эрдэнэс Тавантолгой ХХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлсний дараа ногдол ашгийг хуваарилна.