БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулжээ.Өмнө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдлыг авч хэлэлцээд, 95 хувийн гүйцэтгэлтэй буюу үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн хэрэгжүүлж ажилласан гэж дүгнэж байв. Гэвч өнөөдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурал Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон нийт 40 төлөөлөгчийн 29 буюу 72.3 хувийн саналаар огцруулах асуудлыг дэмжсэн байна. БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 41 төлөөлөгчтэй. Үүнээс МАН - 21, АН - 18, ХҮН - 2 суудалтай. Өөрөөр хэлбэл, дүүргийн төлөөлөгчдийн хуралд олонхийг бүрдүүлдэг МАН-ын төлөөлөгчид намаасаа сонгогдсон Ө.Сумъяабаатарыг ийнхүү Засаг даргаас огцрууллаа.