Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Б.Ганхуяг: 'Эрдэнэс Тавантолгой' дотоодод бонд гаргаж, 1.5 их наяд төгрөг босгоно

Б.Ганхуяг: 'Эрдэнэс Тавантолгой' дотоодод бонд гаргаж, 1.5 их наяд төгрөг босгоно
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 10
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус компанийн гаргах бондын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Эрдэнэс Тавантолгй компанийн 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөг хэлэлцэн батлууллаа. Өнөөдөр тогтоол нь баталгаажаад хэрэгжиж эхэлнэ.   
“А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөнд 20 том зорилт бий. Ирэх таван жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл, хөтөлбөрүүд, охин болон хараат компаниудаа санхүүжүүлж явна. Үүнийг бид үсрэнгүй хөгжлийн үе шат гэж нэрлэсэн байгаа.
1. Манай компанин таван жилийн хугацаанд 32 их наядын орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ 13.4 их наядаар үнэлэгддэг. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөг гэж тооцоод үнээс гаргаж авсан үнэ байдаг. Таван жилийн дараа 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болно. Компанийн хувьцааг бизнесийн агуулгаар нь тогтоосон. Нэг хувьцааны үнэ 1041 төгрөг гэж тогтоосон байдаг.
2. Алдагдалгүй, өргүй болгож ашигтай ажиллуулсан. “Эрдэнэс-Тавантолгой” компани анх удаа иргэдэд ногдол ашиг олгосон. Төмөр зам болон бусад бүтээн байгуулалтуудаа өөрийн санхүүжилтээр эхлүүлсэн.
3. Нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш компанийг санхүүжүүлж ажилладаг.
4. Ажилчдын цалин хөлс нэмэгдсэн, ажиллах орчин бүрдсэн.
5.  Хамтарч ажиллах, дэмжих 20 төсөл бий. Үүнээс манайтай шууд хамааралтай найман төрлийн төслийг хэрэгжүүлнэ.
6. 2021, 2022 онд бүсээ чангалж, бүх орлогоо хөрөнгө оруулалтад зарцуулна. Хоёр жилийн дараагаас долоон их наяд төгрөгийн орлоготой ажиллана. 2024 онд 9.1, 2025 онд 10 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллана. 2025 оноос хойш нэмж хөрөнгө оруулалт шаардлагагүй, өсөлтийн үе рүүгээ орно. 2023 онд 2.6 их наядын цэвэр ашигтай ажиллаж, 2024 онд 3.2, 2025 онд 3.7 их наядын цэвэр ашигтай ажиллаж, үүнээс хойш өсөн нэмэгдэнэ. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай хүн жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг авна. 2021 онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наядыг нь дотоодод бонд гаргаж босгохоор Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өгсөн. Үлдсэн нэг их наяд төгрөгийг 2021 оны үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын иргэн, ААН, хөрөнгө оруулагчид энэ бондыг худалдаж авч болохоор нээлттэй хэлбэрээр зарлаж байгаа. Бондыг гуравдугаар сарын 25-нд зарлаж, 31-нд арилжаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бондыг дотоодын зах зээлээс босгоно. Дотооддоо байгаа мөнгө хөрөнгийн урсгалын нэмэгдүүлэх юм" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрдэнэс Тавантолгой компани энэ жил иргэдэд ногдол ашиг олгох уу?
-Компанийн ТУЗ ногдол ашиг өгнө, өгөхгүй гэдэг нэг л шийдвэр гаргадаг. 2020 онд компани 161 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс  иргэдэд очих нь ашиг нь 28 тэрбум гаруй төгрөг. Нэг иргэнд очих хэмжээ, үүнээс хамаарах хөрөнгө оруулалт гэдэг тусдаа зүйл. Нэг иргэнд ногдол ашиг гэж 12000 төгрөг олгох,  28 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх хоёр хоорондоо эдийн засгийн хувьд асар их зөрүүтэй байх үр ашгийн тооцоо гарсан. Иймд ногдол ашиг өгөхгүй байх нь зөв хэмээх шийдвэр гарсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ шийдвэр баталгаажих байх гэж бодож байна.
-Гадаадын хөрөнгө оруулагч нар танай компанийн бондыг худалдан авах  боломжтой юу?
-Оролцох тохиолдолд заавал дотоодын аж ахуй нэгж болон дотоодын ямар нэгэн төлөвлөлтөөр хамтарсан компанитай тодорхой шаардлагын дагуу оролцох боломжтой. Түүнээс биш шууд гадаад улсын иргэн гэдгээр оролцох боломжгүй. Учир нь дотоодын бонд юм.
-Дотоодын зах зээлээс 1.5-2 наяд босгоно гэж байгаа. Энэ хэр боломжтой гэж харж байна?
-Засгийн газрын ковидтой холбоотой эдийн засгийн арга хэмжээний 10 их наяд төгрөг баталсан. Үүний хоёр их наяд нь манай төсөл хөтөлбөрүүдэд оруулах гэдгээр албан ёсоор орсон. Бид хоёр их наядаас 1.5 орчим их наядыг босгох зайлшгүй шаардлага байна. Бусдыг нь өөрийн менежмент өртөг бууруулах хэлбэрээр босгочих боломжтой юм. Иймээс бид 1.5 их наяд төгрөг босох болов уу гэсэн урьдчилсан тооцоотой байна. Үүнийг мэргэжлийн санхүүгийн байгууллага хийж байгаа учраас мэдээллийг тухайн үед нь албан ёсоор өгөөд явах болно хэмээн харж байна.
-Ингэснээр та бүхэн ямар хүлээлт, зорилттой байна вэ?
-Мэдээж эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ дуусгаж байж Тавантолгойн ордын хөгжил бүтэн утгаараа хөгжих, бүрэн орлогоо хурааж авах боломж бүрдэнэ. Бид дутуу төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай яваад байж болохгүй. Ордыг  бүтнээр нь хөгжүүлж байж том зорилтдоо хүрэх боломжтой.
-Үүнд та бүхний зүгээс хэр хугацаа шаардагдана хэмээн болдож байна?
-Бид 2021 онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний 1.5  орчим их наядыг дотоодын бондоор босгохоор ажиллаж байна. Үлдсэн 1 орчим их наяд төгрөгийг Эрдэнэс-Таван толгой хувьцаат компани өөрийн борлуулалтын орлого болон үйл ажиллагааны ашиг цаашилбал өртөг бууруулах мөнгөн дүнгээр бүрдүүлэх боломжтой. Бид 2022 онд 570 орчим нэмэлт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Үүнийг өөрсдийн хөрөнгөөр босгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Ингээд 2023 оноос ямар нэгэн гадаад дотоод хөрөнгө оруулалтгүйгээр дээрх хөрөнгө оруулалтаа буцаж төлөх, мөн ашгаа нэмэх замаар явуулах бүрэн боломжтой болж байна. Тэгэхээр 2021-2022 он компани хувьд хамгийн өндөр ачаалалтай жил болж өнгөрнө. Энэ жилүүдэд манай хувьцаа эзэмшигчид бүсээ чангалж, үүний ард гарахад 2023-2025 оны орлого маш бодитой болж ирнэ. Мөн үүнээс хойш 2026 оноос компани  нэг иргэнд ногдох ногдол ашгийн хэмжээ 600 мянга гаруй төгрөгөөр тогтоогдож, энэ нь жилээс жилд өсөх мөнгөн урсгал руу орох юм. Үүний тулд бидэнд нэг л зүйл хэрэгтэй. Энэ нь дээрх төслүүдээ бүгдийг ашиглалтад оруулах. Аливаа улс төрөөс ангид байж, бидэнд төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулаан цахилгааны станц, том төсөл дагасан хот, зам дагасан хүнд хөнгөн үйлдвэр хөгжих хэрэгтэй. Эдгээрийг хийхийн тулд маш зоригтой  А6-20 гэх энэ бизнес төлөвлөгөөг дөрвөн сарын хугацаанд хэлэлцүүлэн өнөөдөр баталж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн