Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Марокко улс нь 2030 он гэхэд цахилгааныхаа дийлэнх хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг анхны улс болно

Марокко улс нь 2030 он гэхэд цахилгааныхаа дийлэнх хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг анхны улс болно
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 17
35.7 сая гаруй хүн амтай, Хойд Африкийн Марокко улс нь сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх зорилтыг тавиад буй. Тус улсын Драа-Тафилалет мужид орших нийт 30 километр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Noor-Ouarzazate complex” нарны эрчим хүчний цахилгаан станц нь дэлхийн хамгийн том төвлөрсөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм.
Энэ нь ойролцоогоор 3500 орчим хөл бөмбөгийн бүтэн талбайтай тэнцэх бөгөөд Европын холбооны 14 дэх том хот, 2.6 сая оршин суугчидтай, Чехийн нийслэл Праг хотыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах чадалтай аж. Өөрөөр хэлбэл, уг нарны эрчим хүчний цахилгаан станц нь нийт 580 мегаваттын цахилгаан эх үүсвэр үйлдвэрлэж, энэ хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд ердийн цахилгаан станцын бий болгодог 760000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг огт ялгаруулдаггүй байна.
Сахарын элсэн цөлд орших, ундны цэвэр усны нөөц тун хомс, ДНБ-ын хэмжээгээрээ тийм ч өндөр биш тус улс нь газарзүйн онцлогоо ашиглан 2020 он гэхэд нийт цахилгааны эх үүсвэрийнхээ 42 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах том зорилт тавиад буй. Одоогоор Марокко улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 35 хувийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдээс хангаж байна.
Бусад нарны цахилгаан станцуудаас ялгаатай нь “Noor-Ouarzazate complex”-ын нарны эрчим хүч хураах хавтангууд нь муруй хэлбэртэй толь бөгөөд энэ нь нарны цацрагийг өөртөө шингээн авч эрчим хүчний нэгж ялгаруулах зориулалттай шингэн бүхий хоолойг өндөр хэмээр халаадаг байна. Технологийн энэхүү шийдлээр тэд нарны эрчим хүчийг нөөцлөх боломжтой болжээ. Ингэснээр тус улс өдрийн цагаар хадгалсан нарны эрчим хүчээ шөнө ашиглаж, цаашид техникийн хувьд экспортлох бүрэн боломжтой аж.
Энэхүү дэлхийд хамгийн томд тооцогдох төвлөрсөн сэргээгдэх эрчим хүчний төслийг Дэлхийн банкны 400 сая ам.долларын зээл болон Цэвэр технологи сангийн 216 сая ам.долларын тусламжаар Мароккочууд өөрсдөө бүтээн байгуулжээ. Тус улс нь хөгжиж буй шинэ орнуудын нэг бөгөөд 2010 оноос эхлэн эрчим хүчний хэрэглээ нь хоёр дахин нэмэгдэх болсон байна. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар үүнээс өмнө тус улс нийт эрчим хүчнийхээ хэрэгцээний 97 хувийг импортын нүүрсээр хангаж байжээ. Харин энэ технологид тулгуурласан дэд бүтцүүдийн тусламжтайгаар Марокко улс нь 2030 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийнхээ дийлэнх хувийг нүүрснээс бус сэргээгдэх эрчим хүчнээс авдаг дэлхийн анхны улс болохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн