Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр ХҮН-ыг түдгэлзүүлэх захирамж гаргажээ. Тиймээс ХҮН-ынхан шүүхийн захирамжийг эсэргүүцэн Төв талбайд мэдээлэл хийж, суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэд шүүгч АН, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар ХҮН-ыг НИТХ-д оролцуулахгүй байх шийдвэр гаргасан гэж хардаж байгаа бөгөөд 24 цагийн дотор энэ асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн.
-ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр: Монгол Улсын шүүх хэний дохиураар ажиллаж байгаагаа харууллаа. Захиргааны хэргийн шүүгч захирамж гаргаад улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй болголоо. Өнөөдөр АН өөрийнхөө үнэт зарчмыг уландаа гишгэснээ харуулж байна. Энэ бол Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Д.Пүрэвдаваа гэдэг хүний хийж байгаа ажил. Цаанаас нь тавьсан том чулуу гэж харж байна. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн сонгуульд оролцох эрхээ авахын төлөө тэмцэнэ. Өнөөдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарлана. Тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн болсон. Шүүхийн захирамж бол хууль бус. Бид олон улсын байгууллагуудад хандана. Ардчилал бол бидний хамгийн гол үнэт зүйл. Өчигдөр гэнэт шүүх шийдвэр гаргасан.
Б.Найдалаа: Хөдөлмөрийн үндэсний намаас монголчууддаа хандаж Монголын ардчилалд онц байдлыг зарлаж байна
ХҮН-ын дарга Б.Найдалаа: Өнөөдөр Монгол Улсад шударга ёс, ардчилал байхгүй болсон байна. Хөдөлмөрийн үндэсний намаас монголчууддаа хандаж Монголын ардчилалд онц байдлыг зарлаж байна. Өнөөдөр бид ардчиллаа аврахгүй, шударга ёсыг тогтоохгүй бол маргааш таны хүүхдийг хэн нэгэн улстөрчийн захиалгаар гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх улс төрийн зохион байгуулалттай, санхүүжилттэй ажиллагаа явж байна. Өчигдөр шуурхай журмаар, улс төрийн зорилгоор шүүгчийн захирамж гаргаж ХҮН-ыг НИТХ-ын сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлсэн байна. Нэгд, ХҮН сонгуульд орохтой холбоотой бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн. Ямар ч асуудал байхгүй. Хоёрт, ХҮН дотроо маргаан, хагарал байхгүй. Өнөөдрийн үүссэн асуудал нэг намын асуудал, нийслэлийн сонгуульд орох асуудал биш. Энэ бол Монголд ардчилал байх уу, сонгууль байх уу гэдэгтэй холбоотой асуудал. Бид үүнтэй тэмцэх болно. Биднийг дэмжиж байгаа нийт монголчуудаа талбай дээр урьж байна. Бид гарын үсэг цуглуулна.
Т.Доржханд: Энэ бүхний ард АН, Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа гэж хардаж байгаа
-УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсад ардчилал яаж тогтох вэ. Ардчиллыг хамгаалдаг тогтолцоо нь сонгууль байдаг. Гэтэл өнөөдөр захиалгын шүүгч, шүүхийн шийдвэрээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэдэг үе ирсэн байна. Залуучуудаа ардчиллаа хамгаалъя. Шат шатны сонгууль ардчилсан зарчмаар явах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар сонгуульгүйгээр явбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байхгүй шүү. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэж байхгүй. Дахиад сонголтгүй сонгуулийг иргэдэд тулгах үйл ажиллагаа гэж харж байгаа. Хэн нэгэн даргыг сэнтийд нь хөдөлгөөнгүйгээр суулгах эд эс нь ХҮН биш. Бид хэн нэгний цүнхийг барьж үзээгүй. Монгол Улсад ардчилал байх ёстой. Үүнийг залуучууд нь хамгаалах ёстой. ХҮН сонгуульд орох орохгүй нь 3 дугаар асуудал. Харин ардчиллаа цаашаа хамгаалж чадах уу, үр хүүхэд маань ардчилсан нийгэмд амьдарч чадах уу гэдэг дээр бид хатуу байр суурьтай байна. Тиймээс 24 цагийн дотор энэ асуудлыг шийдэх шаардлага тавьж байна. Хэрвээ шийдэхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдье. АН нэгдэх санал тавьсан. Түүнийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Хэн нэгнийг ялахын тулд бид хамтарч болохгүй гэдэг хариулт өгсөн. Харамсалтай нь нөгөө нөхдүүд нь засаг авахад улайрч шүүхийг ашиглаж байна. ХҮН-ынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Бид нэр төртэйгөөр, эр зоригтойгоор ардчиллыг хамгаална. АН ард Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа гэж бид хардаж байгаа. Тиймээс Х.Баттулга гэдэг хүн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж бодож бүх намыг өөрийн тоглоомын дүрмээр явуулна гэвэл үгүй гэж хэлье. 2020 оны сонгуулийг бид сонголттой байлгах гэж бид хичээсэн. 120 мэргэжлийн залуусыг нэр дэвшүүлсэн.