Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргал: Гэр бүлд амьдралын утга учир, аз жаргалыг бэлэглэдэг мэргэжилдээ хайртай

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргал: Гэр бүлд амьдралын утга учир, аз жаргалыг бэлэглэдэг мэргэжилдээ хайртай
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 1
Эх үрсийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Та эмч мэргэжлийг яагаад сонгосон бэ? Эна мэргэжлээр ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?
- Миний аав дотрын эмч, ээж маань хүүхэд, нярайн эмчээр олон жил ажилласан хүмүүс байдаг. Аав, ээжийнхээ ажил мэргэжлийн сайн, сайхныг мэдэрч өссөн болохоор багаасаа эмч болно гэж мөрөөддөг байсан. Хүний их эмч мэргэжлээр ажиллаад 20 жил болж байна. Нийслэлийн өргөө амаржих газарт 2004 оноос мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч, 2006 оноос одоог хүртэл эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна.
-Эрэгтэй эх барих, эмэгтэйчүүдийн эмч ховор байдаг. Яагаад эх барих, эмэгтэйчүүдийн эмч болсон вэ?
-Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байхдаа жирэмсний эмгэг, төрөлт, кесар мэс заслын олон тохиолдлуудыг харж ажиглаж байсан. Эндээс эх барих, эмэгтэйчүүдийн эмч болвол хос мэргэжлийн давуу тал байж болох юм гэж бодсон. Эх барих, эмэгтэйчүүдийн  эмч нь өөрөө бие даан шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэр нь шууд үр дүнгээ харуулдаг хариуцлагатай мэргэжил учраас эх барих, эмэгтэйчүүдийн эмч болсон. Мэдээж аав, ээж хоёртойгоо зөвлөлдсөн, энэ шийдвэр зөв байсан гэж боддог.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт тэр дундаа эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа залуу эрэгтэй эмч нар олон болсон шүү.
-15 жилийн турш эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан гэлээ. Энэ хугацаанд нийт хэдэн хүүхдийг эх барьж авсан вэ?
-Яг үнэнийг хэлэхэд 15 жил ажиллахдаа хэдэн хүүхэд эх барьж авч байснаа нарийн тоолж байгаагүй юм байна. 2018 онд 270 орчим эхэд кесар хагалгаа хийж, 150 орчим  төрөлт удирдсан байдаг. Ингээд бодохоор 15 жилийн хугацаанд эх барьж авсан хүүхдийн тоо цөөнгүй гарах байхаа. Гэхдээ төрөлт, хагалгаа аль нь эмч ,сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийн ажил байдаг гэдгийг мартаж болохгүй.
-Энэ мэргэжлээр ажиллах явцад гардаг хүндрэл бэрхшээл болон хамгийн сайхан нь юу байдаг вэ?
- Бидний мэргэжлийн хамгийн сайхан нь гаргасан шийдвэрийн үр дүн маш хурдан гардаг. Зөв арга хэмжээ авч чадвал төрөлтийн өвдөлт эхлээд, айдас түгшүүртэй ирсэн ээж маргааш нь хүүхдээ тэврээд инээгээд төрөх газраас гардаг. Энэ нь  төрөх эмнэлгийн гэгээлэг тал юм.
Бэрхшээл гэвэл бүх зүйлд шахуу хойшлуулах арга байдаггүй. Өдөр шөнийн хэдийд ч бэлэн байдал шаарддаг. Хэрэв алдаа гаргавал хоёрын хоёр амь, ард нь гэр бүлийн амьдрал тэр чигээрээ байдаг. Өчүүхэн жижиг эс байхаасаа хүн болж төрөх гээд яарч  10 сарын туршид сээр нуруугүйтнээс биологийн дээд төрөл зүйл болох хүн болох эволюц хөгжлийн бүх үе шатыг туулж ирж байгаа хүүхдийг эсэн мэнд төрүүлнэ гэдэг том үүрэг хариуцлага.
-Жил ирэх тусам төрөлтийн хүндрэл хэр ихсэж байна.  вэ? Энэ нь юутай холбоотой гэж та бодож байна?
- Хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнс, хөрс, ус, агаарын бохирдол, жирэмслэлтийг төлөвлөөгүй зэрэгтэй холбоотой гэж боддог. Өнөөдөр монголчуудын хоол хүнсний үндсэн хэрэгцээ мах, гурил гэсэн хоёр зүйл дээр л тогтож байгаа. Жимс, хүнсний ногооны эрүүл ахуйн шаардлага хангалтгүй. Түүнчлэн сүү, цагаан идээний хувьд харьцангуй эрүүл байх боломжтой ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний эзлэх хувь бага байна. Тухайлбал худалдаанд байгаа ихэнх сүү, тараг химийн тогтворжуулагч нэмсэн байдаг.
Дэлхийн бусад орнуудад эмэгтэй хүн жирэмсэн болохоосоо өмнө эрүүл мэдийн үзлэгт хамрагдаж төлөвлөгөөтэй жирэмслэж байна. Гэтэл манайд зарим тохиолдолд жирэмсэн болсныхоо дараа эмнэлэгт ханддаг. Үүнтэй холбоотой архаг, хууч өвчин оношлогдож эрсдэл өндөртэй жирэмсний явц, төрөлтийн хүндрэл хүлээгдэж байна.
-Сүүлийн үе нярай хүүхдийн өвчлөл ихсэж байна. Энэ нь юутай холбоотой гэж харж байгаа вэ?
- Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэж үздэг. Энэ нь жирэмсний явцтай шууд холбоотой. Зарим өвчний эмзэгшилттэй хүүхдүүд цөөнгүй төрж байна. Тухайлбал хүүхэд биеийн жин ихтэй төрж байгаа нь төрөлхийн чихрийн шижингийн эмзэгшил байна гэсэн үг юм. Иймд жирэмслэхээс өмнө амьдралын зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллож жирэмсний хяналтанд эрт хамрагдах хэрэгтэй. Эрүүл хүүхэд төрүүлэх, төрөлтийн хүндрэл гаргахгүй байна гэдэг нь дан ганц эмчийн үүрэг биш гэдгийг эмэгтэйчүүд маань ойлгож хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Таны хувьд эхчүүдэд эрүүл мэндийн боловсролын дээр анхаарч  “Эрүүл удам” гарын авлага, вэб сайт гаргасан. Энэ талаар?
-Бусад улс орнуудад жирэмсэн хүнд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сошиал мэдээллийн хэрэгслүүд нилээд байдаг. Гэтэл манай улсад мэргэжлийн  талаас нь тулгуурласан мэдээлэл хомс байсан. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдээ эх хэл дээрээ анагаах ухааны үндэслэлтэй үнэн зөв, бодит мэдээлэл аваасай гэсэн үүднээс www.eruuludam.mn сайтыг хийгээд 10 орчим жил болж байна. Давхардсан тоогоор 1,3 сая хэрэглэгчтэй болсон байгаа. “Эрүүл удам” номоо гаргаад хоёр жил болж байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
- Эх үрсийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц ажлууд хийхээр төлөвлөж байна. Ярилцлагынхаа төгсгөлд Монголын нийт ээжүүд, хойч ирээдүй болсон хүүхдүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Eruul Udam веб сайт руу энд дарж орно уу.
Фэйсбүүк хаяг энд дарж орно уу.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн