Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Израиль улс 60-аас дээш насны иргэдээ вакцины IVтунд хамруулна

Израиль улс 60-аас дээш насны иргэдээ вакцины IVтунд хамруулна
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 22
Израилийн Эрүүл мэндийн яам мягмар гаригт тус улсад “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын халдвараар нас барсан эхний тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр нас барсан иргэн нь 60 гаруй настай байсан бөгөөд ковидын эрчимт эмчилгээний тасагт хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлж байжээ. Харин Беершеба хотын Сорока эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тухайн иргэн коронавирусийн халдвар бус архаг хууч өвчний улмаас нас барсан байна.
Улмаар Израилийн Засгийн газар өчигдөр Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэх зорилгоор 60-аас дээш насны эрсдэлт бүлгийн иргэдийг “COVID-19”-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамруулах шийдвэрийг танилцууллаа.
Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттийн мэдээлснээр тус улсын Эрүүл мэндийн яамны шинжээчдийн зөвлөлөөс хийсэн судалгааны дагуу вакцины дөрөв дэх тунгийн тарилгыг хийх шийдвэрт хүрсэн байна. Мөн тэрээр ард иргэддээ дэлхий дахинд тархаж байгаа Омикрон хувилбарыг даван туулахад дөрөв дэх тунгийн тарилга чухал ач холбогдолтой бөгөөд цаг алдалгүй вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм.
Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр мягмар гаригийн байдлаар тус улсад “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын халдварласан 340 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тус улс шинэ мутацийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт АНУ, Канад, Герман, Итали болон Турк зэрэг Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудтай агаарын хилээ хаах шийдвэр гаргаад байв.
Тэгвэл өчигдөр Израилийн Засгийн газар дотоодын халдварын тархалтыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчдын 50 хувийг гэрээс нь ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Мөн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц өдөрт шинээр таван мянган тохиолдол бүртгэгдэх таамгийг үндэслэн дотоодын цэргийн хүчийг дайчлах бэлэн байдалд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн