Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Дэлгэрсайхан: Улстөрчид нь шүүхээ томилдог болгох гэж зүтгээд байгааг чинь ойлгохгүй байна Энхбаяр гишүүн ээ

Б.Дэлгэрсайхан: Улстөрчид нь шүүхээ томилдог болгох гэж зүтгээд байгааг чинь ойлгохгүй байна Энхбаяр гишүүн ээ
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 6
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн тус дүгнэлтийг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.
Хэрвээ УИХ-ын чуулганаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзвэл Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх болох юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй Цэц шийдвэр гаргасан байна. Энэ хуулийн зөрчилтэй юу. Цэцийн дунд суудлын хуралдаан мэтгэлцээний зарчмаар явах ёстой. Маргалдагч талуудыг оролцуулж, мэтгэлцээний зарчмаар явуулах хуулийг зөрчсөн бол Цэцийн шийдвэр хууль зөрчсөн юм биш үү.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: УИХ Шүүхийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярыг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Цэцийн хурлыг хойшлуулах хүсэлтийг Б.Энхбаяр удаа дараа гаргасан боловч хүлээж авалгүй хуралдаж, шийдвэр гаргасан юм билээ. Энэ нь хуралдааны бэлтгэл хангагдаагүй байхад хуралдсан гэсэн үг. Цэц УИХ-ын тайлбар, үндэслэлийг сонсоогүй шийдвэр гаргасан.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндэслэл сайтай, хариу тайлбар хэлэхэд хугацаа хэрэгтэй, мөн хатуу хөл хорио таараад байна. Тиймээс хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг хангахгүйгээр хуралдсан. Энэ нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хууль зөрчсөн. Мэтгэлцэх боломжийг талуудад олгоогүй. Энэ нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Бид анх энэ хуулийг хийхдээ шүүхийг улс төрөөс ангид байлгах зорилготой байсан. Одоо эргээд улстөрчид нь шүүхээ томилдог болох гэж байна. Ингэж зүтгээд байгааг чинь ойлгохгүй байна. Шинэ бүрэлдэн парламент Шүүхийн сахилгын хороо, ШЕЗ-өө байгуулах үүд хаалгыг нээж өглөө. Тэгвэл энэ хууль устгаа алдсан юм болж байна. Цаашдаа улстөрчдийн гар хөлөөр шүүх хөдөлдөг болох нь гэж би удаа дараа хэлж байгаа. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дэлгэрсайхан гишүүн ээ парламент шүүгч нарыг 100 хувь томилдог болсон юм шиг асуудал ярьж болохгүй. Бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилж байгаа. Энэ заалт өөрчлөгдөөгүй байгаа. УИХ бол ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг томилно.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн