Монгол залуус гадаадад суралцах сонирхолтой залууст зориулсан бүх төрлийн мэдээллийг олгох “TomYo” аппликейшн нээж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид энэ удаа “ТomYo”-гийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхжаргалтай ярилцлаа.
-“TomYo” аппликейшн нээлтээ хийгээд сарын хугацаа өнгөрлөө. Хэр олон хэрэглэгчилтэй болж байна вэ. “TomYo” аппликейшны гол зорилго юу вэ?
-Аппликейшнаа нээснээс хойш нэг сарын хугацаанд 27 мянган хэрэглэгчидтэй болсон. Бидний хувьд нэг сарын хугацаанд 27 мянган хэрэглэгчид гэдэг бол маш амжилттай үзүүлэлт гэж харж байгаа.
Боловсрол өнөөдөр хүртээмжгүй болсон байна. Үүнийг бид өөрчлөх гол зорилго тавьж байгаа. Технологиор дамжуулаад хүн бүр фэйсбүүк ухаад сууж байгаа шигээ өөрт хэрэгцээтэй боловсролын талаарх мэдээллийг авах боломжтой болсон шүү гэдгийг бид залуустаа ойлгуулж хүргэхэд чиглэж байна. Манай улсад гадаад хэлний сургалтын төв ч үгүй алслагдмал бүсэд хилийн чанадад боловсрол эзэмших боломж байдаг талаар ч мэдээлэлгүй олон хүүхэд, залуус байдаг. Тиймээс хүн бүрт мэдээллийг тэгш хүргэх зорилгоор “TomYo” аппликейшныг хийсэн. Гадаадад суралцах нь мөнгөтэй баян айлын хүүхдийн мөрөөдөл байх албагүй, тэр цаг ард хоцорсон. Хүн бүрт гадаадад сурч боловсрох, тэтгэлэг авах боломж байдаг. Тодорхой хэмжээнд хэлээ сайн хөгжүүлээд, гадаадад сурах арга замыг нь “TomYo” аппликейшн олгож байна. Ингэснээр хэн ч дэлхийн иргэн болж болно.
-Мэргэжлээ сонгож чадахгүй байгаа маш олон хүүхэд, залуус бий. Тэдгээрт зориулсан мэргэжил сонголтын талаар мэдээлэл байгаа юу?
-Бид аппликейшин дээрээ мэргэжил сонголт талаас нь мэдээлэл хийхгүй байгаа. “TomYo” аппликейшнд одоогийн байдлаар Америк, Англи, Япон, Солонгос, Герман, Австрали гэсэн зургаан улсад сурах, боловсрол эзэмшихэд шаардлагатай материал, ментор, сургалтын төв, хэлний курсийн мэдээлэл байгаа. Хэрэглэгч дээрх зургаан улсын аль нэгийг сонгон ямар төвшинд ямар мэргэжлээр сурмаар байгаагаа бичиж явуулах хэрэгтэй. Ингэснээр аппликейшн маань таны мэдээлэлтэй холбоотой зөвлөгөө мэдээллүүд монгол хэл дээр гаргаж ирнэ. Жишээлбэл, Япон улсад програмистаар сурахад ямар шалгууртай байдаг, ямар ямар сургуулиудад сурах боломжтой байдаг. Мөн Япон улсад программистаар сурдаг оюутнуудтай холбогдож мэдээлэл зөвлөгөө авч болох боломжуудыг өгдөг. Үүнээс гадна Япон, Солонгос, Англи гэх мэт хэлний анхан шатнаас эхлээд тодорхой төвшин хүртэлх тест хичээлүүдийг сургалтын төвүүдтэй хамтарч оруулсан. TOEFL, IELTS зэрэг томоохон шалгалтуудыг жишиг тестүүдийг өгөх боломжтой. Ингэснээрээ та хаанаас ч хамаагүй аппликэйшнаар дамжуулан хүссэн хэлээ сурч тодорхой төвшинд очих боломжтой. Ерөнхийдөө та гадаад явах гэж байгаа бол түүнтэй холбоотой алхмуудыг бүгдийг нь менторуудаас болоод сургалтын төвүүдийн хичээлүүд, тэтгэлгийн мэдээллүүдээр хангаад өгч байгаа юм.
Менторуудын хувьд Австрали улсад анагаахын чиглэлээр сурдаг, Япон улсад биологийн чиглэлээр докторын зэрэгт сурдаг хүмүүс байдаг. Мөн бизнес, эдийн засаг, програмист, урлаг соёлын гээд бүх салбараар гадаад улсад сурч боловсорч байгаа туршлагатай менторууд байдаг. Тэгэхээр мэргэжлээ хараахан сонгож чадаагүй байгаа залуус маань эдгээр хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл авч мэргэжлээ сонгох боломжтой.
-Зөвлөгөө өгч байгаа менторуудаа хэрхэн шалгаруулж авдаг вэ?
-Манайх технологийн компани учир технологийн шийдлийг нь бид хийж өгнө. Манай дээр хичээл тавимаар байгаа сургалтын төвүүд өөрсдөө хичээлээ тавьж болно. Эсвэл бидэнтэй хамтарч хичээлээ хийгээд тавьж болно. Менторуудын хувьд дээр хэлсэн зургаан улсын аль нэгэнд нь гурваас дээш жил сурсан монгол оюутан байх ёстой. Мөн тодорхой хэмжээний голч дүн харж ментруудаа авдаг.
Менторуудыг зөвлөгөө хэрхэн өгч байгаагаар нь жагсаадаг учир сайн менторуудыг олох хялбар байна.
-Тэтгэлгийн мэдээллийг монгол хэл дээр орчуулан танилцуулдаг нь залууст маш их боломж мэдээлэл болж байгаа. Тэтгэлгүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
-Ихэнх хүмүүс судалж, харж үзээгүй байж санхүүгийн байдлаас болоод гадаад улсад сурах мөрөөдлөө орхидог. Тэгэхээр бид дээрх зургаан улсын Засгийн газрын тэтгэлгүүдийг эхний ээлжид байршуулсан байгаа. Бүх төрлийн мэргэжлээр 120 гаруй тэтгэлгийн мэдээллүүд орсон. Тэтгэлгүүдийн шалгуурыг монгол хэл дээр орчуулан гаргасан учраас хэрэглэгч орчуулж цаг алдалгүйгээр мэдээллийг авна. Ингэснээрээ хэрэглэгч өөрийн сонирхож байгаа тэтгэлгийн шаардлагад хүрэхийн тулд хичээж ихлэх юм болов уу гэсэн үүднээс тэтгэлгүүдийн мэдээллийг тавьж өгсөн байгаа. Манай дээр тэтгэлгүүд эх сурвалжтайгаа ордог учир хэрэглэгчид үнэн бодит мэдээллийг авах боломжтой. Бүх төрлийн мэргэжлийн тэтгэлэгүүд байгаа.
-Аппликейшнд цаашдаа ямар ямар хөгжүүлэлт хийгдэх вэ?
-Хэрэглэгчид менторуудтай маш их харилцаа үүсгэж гадаадад суралцаж байгаа оюутнуудын амьдралыг сонирхсон асуултууд их ирж байгаа. Жишээ нь Японы оюутны байр ямар вэ, юу идэж уудаг вэ гэх зэрэг амьдралын хэв хаягийн талаар асуултууд их ирдэг. Тиймээс бид энэ долоо хоногт шинэ функц нэмж байгаа. Энэхүү функц нь гадаад улсад сурч байгаа оюутнууд болох менторуудаас асуусан асуултын нэгтгэсэн сан юм. Тэгэхээр хэрэглэгчид дотуур байртай холбоотой мэдээлэл авах бол тус сан руу ороход зөвхөн тэр асуултад хариулсан зургаан улсын менторуудын мэдээлэл байна. Тиймээс хүмүүс сонирхсон асуултаа илүү амархан байдлаар мэдээллийг авна гэсэн үг. Түүнчлэн өөрийн сонгосон ментортайгаа интернэтээр холбогдож видео хэлбэрээ биечлэн зөвлөгөө авдаг болно. Эхний ээлжид бид цөөхөн менторуудтайгаа энэ ажлын эхлүүлж байгаа. Хэрэглэгчдэд энэ нь илүү таалагдах юм бол бүх менторууаа видео хэлбэрээр зөвлөгөө өгдөг болгоно.
Европын улсуудад суралцах нь Англи, Австралид суралцахаас илүү их боломжууд байдаг
-Менторуудын зөвлөж байгаагаас харахад сурахын хажуугаар ажиллаад явах хамгийн боломжийн улс нь ямар улс гэж харж байгаа вэ?
-Хүмүүс Герман, Европын орнуудыг тийм ч их мэддэггүй. Европын орнууд руу сурахаар явбал маш их боломж байдаг. Австрали, Англи, Америк нь илүү их хувийн сургуулиудтай байдаг учир төлбөр маш өндөр байдаг. Харин Европын улс орнууд нь их сургууль нь өөрийн оюутнууддаа үнэгүй сургадаг бол гаднын оюутанд жилийн гурван мянган доллараар сурах боломжийг олгодог. Энэ нь Англи, Америк зэрэг орнуудаас хамаагүй хямдхан. Хэрвээ тодорхой хэмжээний тэтгэлгүүдийн шаардлагуудыг хангасан тохиолдолд тэтгэлгүүдэд хамрагдаад үнэгүй сурах боломжууд маш их байдаг. Тэгэхээр манай Германы менторууд энэ тал дээр илүү сайн анхаарч мэдээллүүдийг өгч байгаа.
-Гадаадын тэтгэлэг сонирхож байгаа залуусын ихэнх нь хэлний төвшин шаарддаггүй тэтгэлгүүдийг их сонирхож асуудаг. Тэгэхээр хэлний төвшин шаарддаггүй тэтгэлгүүд хэр байдаг юм бэ?
-Энэ төрлийн тэтгэлгүүд их ховор байдаг. Ерөнхийдөө залуус амархан зам харж байснаас тодорхой хэмжээнд хэлээ сайжруулаад явбал илүү боломж их байдаг. Манай аппликейшнд одоогийн байдлаар 700 гаруй хэлний хичээлүүд орсон байгаа. Тэдгээр хичээлүүдийг үзэн тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй болох юм бол илүү сайн сургуульд орж чадна. Сургуульдаа орсон тохиолдолд санхүүгийн тэтгэлэг цаашлаад төгсөөд ажиллах боломжууд илүү нээлттэй байдаг. Тиймээс залуус илүү том зургаар нь хараасай гэж хүсэж байна.
-Боловсролыг тэгш хүртээмжтэй өгөх зорилгоор энэхүү аппликейшныг бүтээсэн гэж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгаас хэр олон хүн танай аппликейшныг хэрэглэж байгаа вэ?
-Аппликейшн хэрэглэгчдийн 50 хувь нь хөдөө орон нутгаас хэрэглэж байгаа гэж бодож байгаа. Хэрэглэгчид сэтгэгдлээ бидэнд ирүүлдэг. Жишээ нь Ховд аймагт байдаг хэрэглэгч хорио цээрийн энэ үед гэрээсээ манай аппликейшныг ашиглан япон хэлийг сурсан. Зарим нь англи хэлээ сайжруулахын тулд маш олон арга ашиглаж бүтэлгүйтдэг байсан харин манай таван минутын хичээлээс их зүйл сурч байна гэх мэт сэтгэгдлүүдийг ирүүлдэг. Энэ нь бидэнд илүү ихийг хийх урам зориг өгдөг.