Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Бензиний үнэ  30-50 төгрөгөөр нэмэгджээ

Бензиний үнэ  30-50 төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 2
Шинэ жилийн баярын өдрүүдээр шатахуун импортлогчид бензиний үнийг литр тутамдаа 30-50 төгрөгөөр нэмжээ. Оны өмнө шатахуун импортлогчид хуралдаж, бензиний үнийг нэмэх шаардлагатай гэж үзсэн байна. Учир нь, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тооцож байжээ. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, онцгой албан татварын хувь хэмжээг багасгасан гэх мэдээлэл байгаа юм.
Ямартай ч шатахуун импортлогчид онцгой албан татварын нэмэгдлийн сургаар бензиний үнэ нэмэхээр зэхэж буй бололтой. Түүнээс биш, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтвортой, улсын хэмжээнд шатахууны нөөц хангалттай байгааг албаныхан онцолж байсан юм. Оны өмнөхөн Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ  “Шатахууны үнийг тогтвортой барих тал дээр Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын хамтарсан ажлын хүрээнд түгээгч компаниуд үнэ нэмэхгүйгээр ажиллаж байгаа. Гэхдээ шатахууны үнэ ижил боловч түгээгч компаниудын хувьд борлуулалтын зардал, байршил, борлогдох тоо хэмжээнээсээ хамаараад нэмэх хасах 50 төгрөгийн хэлбэлзэлтэй явдаг. Компани болгон өөрийн гэсэн борлуулалтын зардалтай. Шатахууны үнэ ойрын үед тогтвортой байна” гэсэн юм.
Бензиний үнийн асуудлаар Уул уурхайн дэд сайдаар ахлуулсан үнийн зөвлөл хуралдах юм байна. Уг зөвлөлд салбарын яам, шатахуун импортлогчид, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл багтдаг байна. Манай сайт  бензиний үнийн нэмэгдлийн талаар  салбарын яамны байр суурийг хүргэх болно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн