“Монгол даатгал” ХК, “Ард капитал” ХХК болон Монголын эдийн засагч нар хамтран тэтгэврийн реформ хөдөлгөөн эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Гадаад улсын иргэд тэтгэвэрт гараад хүссэн газраараа аялж, зугаалж, залуу насандаа хийж амжаагүй зүйлсээ хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэтэл Монголд ахмадуудын тэтгэврийн мөнгөний дундаж дүн хэтэрхий бага буюу 300 мянган төгрөг байна. Энэ нь социалист нийгмийн үед байсан хуваарилалтын тогтолцоог халж чадаагүй байгаатай холбоотой учир эдийн засагчид гурван тулгуурт буюу хуримтлалын тогтолцоо бий болгохыг тэтгэврийн реформ хөдөлгөөнийг санаачилж байгаа аж.
Санаачлагчид ингэж ярилаа.
-“Монгол даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг “Манай улс өнөөдрийг хүртэл тэтгэврийн реформыг хийгээгүй байгаа нь улсын макро болон микро эдийн засагт маш том бүтцийн эрсдэлүүдийг бий болго байгааг та бүгд мэднэ. Тиймээс энэхүү хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж одоогийн тогтолцоог халах болсныг зарлан, иргэдэд ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” хэмээв.
-Эдийн засагч Ч.Хашчулуун “Монгол улсын тэтгэврийн дундаж мөнгө 300 гаруй мянган төгрөгтэй байна гэсэн тооцоо гарсан. Тэтгэвэр авч байгаа, түүгээрээ зээл авч байгаа хүмүүс ч их байгаа. Олон жил улс эх орондоо хөдөлмөрлөсөн хүмүүст бага хэмжээний тэтгэвэр ногдож байгаа нь манай улсын тогтолцоо болохгүй байгаагийн тод жишээ болов уу гэж мэргэжлийн хүний хувьд дүгнэж байна. Бусад улс орнуудад асуудлыг шийдэхдээ тэтгэврийн тодорхой сангуудыг байгуулж, тэрийг өрсөлдөөнт маягаар хувийн хэвшлээр удирдуулж ажиллуулдаг тогтоолцоог бий болчихсон. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл, ажиллаж байгаа хүмүүс шимтгэлээсээ хуримтлал үүсгэн одоо авч буй цалингаасаа буурахгүй хэмжээний мөнгийг тэтгэврээсээ авах боломжийг үүсгэх юм” гэлээ.
![undefined](https://cdn.itoim.mn/media/imagel/23099/image.jpeg)
Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд доктор Ж.Дэлгэрсайхан “Тэтгэврийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь ажилгүй болж, тэтгэвэрт гарсан иргэдийн амьдралын чанарыг нь хэвээр хадгалах юм. Нөгөө талаасаа макро эдийн засгийн хөгжилд дэмжлэг болохуйц байх ёстой. Гэтэл манай тогтолцоог харахад шимтгэл насаараа төлсөн иргэдэд ээлтэй бус эдийн засагтаа дарамт учруулах тогтолцоо болж хувирсан байна. 1995 оноос хойш тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж эхэлсэн хэмээн ярьж, хоёр том бодлогын бичиг баримт бичгийг боловсруулсан гэдэг. Гэвч улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлс нь нийгмийн тодорхой хэсгийн саналыг авах гэж тогтолцоог улам дордуулж байгаа үйлдлүүд нь он удаан жилийн байсан нь тэтгэврийн тогтолцоо цаашид үргэлжлэх боломжгүй болгож орхижээ. Үүнийг зүгээр хараад суух юм бол ямар ч сайн үр дүн гарахгүй юм байна гэдгийг ойлгосон учир тэтгэврийн реформ хөдөлгөөн санаачилж, улстөрчдөд шинэ тогтолцоог хэрэгжүүлэх бодлогыг өгч, тулган шаардах хэрэгтэй боллоо” гэв.
Тэтгэврийн реформ хөдөлгөөний санаачлагчдын дэвшүүлж буй гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоог гэдгийн нэгдэх тулгуур нь төрийн өмчтэй тэтгэврийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, бид нарийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үг.
Хоёр дахь тулгуур нь хувийн тэтгэврийн сан. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөнөөс тодорхой хэмжээг тухайн хүний нэр дээр данс нээж хуримтлуулдаг сан бий болгох юм. Яг л банкинд мөнгө хадгалж байгаатай ижилхэн хэлбэрээр явагддаг байна. Ингэхдээ тэтгэврийнхээ сангийн хуулгаар хүү нь нэмэгдээд хэд төгрөг болж байна вэ гэдгийг харах боломж бүрдэх юм. Энэхүү хоёр шимтгэлийг албан журмаар авдаг байх тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн гэдэг саналыг дэвшүүлжээ.
Гурав дахь тулгуур нь сайн дураараа төлдөг хувийн тэтгэврийн сан юм. Хүн өөрөө хүсвэл боломжтой цалин авч байгаа дээрээ нэмж төлөөд тэтгэвэрт гараад авах мөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх шийдэл юм.