“Фантастик” продакшн 10 жилийн ойдоо зориулан гаргаж байгаа “37-р Точка”телевизийн олон ангит кино нээлтээ хийхэд бэлэн болсон талаар кино багийнхан хэвлэлийн баг хурал хийлээ. Хэвлэлийн хуралд киноны уран бүтээлчид болон гол дүрийн жүжигчид оролцсон юм. Киноны ерөнхий найруулагчаар СТА Б.Тамир ажилласан бөгөөд телевизийн олон ангит бүтээл нь есдүгээр сарын 09-нөөс NTV болон Star телевизээр орон даяар цацагдаж эхлэхийг уран бүтээлчид онцоллоо. Киноны албан ёсны нээлтийн арга хэмжээг есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах юм байна.
Ерөнхий найруулагч СТА Б.Тамир: Бүх кино болгон өөрийн гэсэн давуу онцлогтой байдаг. “37-р Точка” кино ч мөн тэр чигээрээ онцлог уран бүтээл болсон. Фантастик продакшн Монголын олон ангит киноны салбарт шинэчлэлт хийхийг зорьж ажилласан. Киноны нэг анги нь бүрэн хэмжээний нэг ангит киноны зураг авалт, дуу, дүрсний дайтай болж байгаагаа онцлог юм.
Киноны нэрний хувьд Точка гэдэг орос үг нь "цэг" гэсэн утгыг илэрхийлдэг. Нөгөө талаар "Хүн нэг цэгээс анх үүссэн төдийгүй эргээд тэр цэгтээ л очдог" гэх санааг илэрхийлэхийг зорьсон. Харин 37 гэдэг нь миний утасны дугаарт орсон тоо байгаа. Бид 1970, 1980-иад оны зөрлөгт залуучуудын амьдрал хэрхэн өрнөж байгааг харуулахыг зорьсон гэлээ.
Энэхүү телевизийн олон ангит уран сайхны кино нь хоёр бүлэгтэй, нийт 20 ангитай. Нэг анги нь 60 минут гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолж байлаа.
“37-р Точка” олон ангит уран сайхны кино нь есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагийн орой 21:00-22:00 цагт NTV телевизээр, 22:00-23:00 цагт "Стар ТВ" сувгаар тус тус гарах аж. Харин есдүгээр сарын 9-нд Skymedia, IPTV болон SkyGo аппликейшнд орох юм байна.
Энэхүү дэлгэцийн уран бүтээлийг хийхэд “Скайтел” групп болон “Үнэт” продакшн “Ред пойнт” медиа студи хамтран ажиллажээ.