БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Төв хорооны V бүгд хурал аравдугаар сарын 26-29 өдрүүдэд Бээжин хотноо хуралдаж, 2021-2025 буюу Засгийн газрын богино хугацааны үйл ажиллагааны зорилт буюу 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх эдийн засаг, нийгэм, технологи, байгаль орчны урт хугацааны зорилтуудын талаар хэлэлцэж байна. Харин ирэх оны гуравдугаар сард болох Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит их хурлаар 16 дугаар таван жилийн төлөвлөгөөг эцэслэн батална.
Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурлаар өнгөрөгч 2016-2020 оны буюу 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн тавьж, дүгнэсэн юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Коммунист намын Төв хорооны хуралд илтгэл тавих үеэрээ “Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улсын хөгжил шинэ шатанд дэвшин гарлаа” гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын эдийн засаг 100 их наяд юань буюу 15 их наяд орчим ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.доллар давсан байна. Ингэснээр 2019 оны байдлаар БНХАУ-ын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн 16.3 хувийг дангаараа бүрдүүлэх болжээ.
Ши Жиньпин 2017 оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын XIX их хуралд оролцох үеэрээ “БНХАУ-ын эдийн засаг хурдацтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шат руу шилжиж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл тэрээр Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хуралд оролцох үеэрээ цаашид цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдалд дасан зохицож, түүнийг удирдан чиглүүлэх нь чухал байгааг цохон тэмдэглэсэн байна.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад улс өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн олон дундаж орлоготой хүн амтай улс болоод байгаа бөгөөд олон мянган жилийн турш Хятад үндэстнийг дагаж ирсэн үнэмлэхүй ядуурлын төвшинг эцэслэхээ амлаад, хүн бүрд зориулагдсан шинэлэг, уялдаа холбоотой, ногоон, нээлттэй хөгжлийн төлөөх Хятадын шинэ алсын харааг танилцуулсан юм.
Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд хангамжийн чиглэлийн бүтцийн шинэчлэлийг гол зорилгоо болгон дэвшүүлж байгаа бөгөөд цаашид эдийн засагт гэнэтийн хүндрэл, хямрал үүсгэж болзошгүй цар тахал гэх мэт томоохон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, ядуурлыг бууруулах зорилтот ажлууд хэрэгжүүлэх, орчны бохирдлоос урьдчилан сэргийлж, хяналтад байлгах, бүс нутгийн цогц хөгжлийг ахиулж, өндөр чанарт суурилсан нээлттэй эдийн засагтай болох зорилт тавьсан байна.
Эцэст нь Ши Жиньпин сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий дахинд өөрчлөлт гарч. Эдийн засгийн даяаршил протекционизм, туйлшрах үзэл баримтлал руу хазайх байдал өсөн нэмэгдэж буй цаг үед нүүр тулж ирээд байна гээд, ард түмэндээ хандан сорилт, өөрчлөлтийн дундаас шинэ боломж, шинэ ололтыг хайхыг уриалсан байна.