Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Коронавирусийн эсрэг бие хүний биед ердөө 2-3 сарын хугацаанд хадгалагддаг

Судалгаа: Коронавирусийн эсрэг бие хүний биед ердөө 2-3 сарын хугацаанд хадгалагддаг
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 19
БНХАУ-ын Чунчины Анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн баг пүрэв гаригт “COVID-19”-ийн халдвар авснаас хойш хүний биед ердөө хоёроос гурван сарын хугацаанд коронавирусийн эсрэг бие байх чадвартай гэх судалгааг танилцууллаа. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.
Шинжлэх ухааны нэр хүндтэй “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар эрдэмтэд өнгөрөгч дөрөвдүгээр сард Хятадын Чунчин хотын Ванчжоу дүүрэгт коронавирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчилсөн 37 хүн болон шинж тэмдэг илэрсэн 37 хүнийг хоёр бүлэгт хуваан, өвчтөнүүдийн биед үүсэх “COVID-19”-ийн эсрэг биеийн хариу урвалыг харьцуулах туршилт хийсэн аж.
Судалгааны үр дүнд “COVID-19”-ийн халдвараар шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүсийн биед коронавирусийн эсрэг биеийн хариу урвал шинж тэмдэгтэй өвчилсөн бүлэгтэй харьцуулахад удаан явагдаж байгааг тогтоосон байна. Туршилтыг найман долоо хоногийн хугацаанд явуулсны дараа шинж тэмдэггүй өвчилсөн бүлэгт хамаарах өвчтөнүүдийн цусан дахь коронавирусийн саармагжуулагч эсрэг биеийн хэмжээ 81 хувиар буурсан болохыг тогтоожээ. Харин шинж тэмдгээр өвчилсөн бүлэгт саармагжуулагч эсрэг биеийн хэмжээ 62 хувиар буурсан үзүүлэлттэй байсан аж. Мөн шинж тэмдэггүй нийт өвчтөнүүдийн 40 хувьд нь цусан дахь эсрэг биеийн хэмжээ тодорхойгүй төвшинд буурсан үр дүн ажиглагдсан бол шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн 12.9 хувьд нь ижил үр дүн ажиглагдсан байна.
Судалгааг эрхлэн явуулсан эрдэмтдийн багийн зүгээс хэдий туршилт цөөн хүнийг хамарсан, жижиг судалгаа болсон ч судалгааны үр дүнгээс харахад улс орнууд халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд тавих хяналтдаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан юм. Дэлхийн зарим орнуудад “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдийг үнэмлэхжүүлж, олон нийтийн газар төдийгүй, бусад орнуудад чөлөөтэй зорчих боломжийг олгох тухай асуудал яригдаж байгаа билээ.
Эрдэмтэд одоог хэрнэ коронавирусийн талаарх зарим чухал судалгаанууд, тэр дундаа вирус хүний биеийн дархлааны системд хэрхэн нөлөөлдөг болохыг эцэслэн тогтоогоогүй болохыг анхааруулсан. Олон улсын эрдэмтэд “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн өвчтөний биед үүссэн эсрэг бие нь тухайн хүнийг дахин халдвар авахаас сэргийлдэг үү гэх том асуултын хариуг олохоор ажилласаар байгаа юм. Өөрөөр хэлбэл одоогоор халдвараас эдгэсэн хүн дахин халдвар авах боломжтой эсэх, хэрэв тэгсэн тохиолдолд халдвар тархаах чадвар ямар төвшинд байхыг шинжлэх ухааны судалгаагаар эцэслэн батлагдаагүй байна. Дэлхийн хэд хэдэн оронд “COVID-19”-ийн халдвар нь эдгэрсэн ч дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.   
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн, доктор Энтони Фаучи энэ сарын эхээр “COVID-19”-ийн вакцин нь хүний биед коронавирусийн эсрэг удаан хугацаанд дархлаа болж чадахгүй” гэж мэдэгдсэн. Тэрээр шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй “JAMA” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Бусад коронавирус болон ердийн ханиад үүсгэгч жирийн коронавирусийн өмнөх түүхүүдийг ажиглавал үүний эсрэг хүний бие дэх дархлааны бат бөх байдал нь гурваас зургаан сар болон нэг жилээс доош хугацаанд хадгалагддаг гэх судалгаанууд байдаг. Энэ бол тийм ч найдвартай, бат бөх хамгаалалт биш юм” гэжээ.
Эх сурвалж: CNBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн