УИХ-ын төсвийн байнгын хороо болон Дэлхийн банкнаас "Уул уурхай ба оюун ухаан" хэлэлцүүлгийн зохион байгуулав. Дэлхийн банкнаас уул уурхайн Монголын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай. Уул уурхайгаас оюун ухаанд чиглэх бүтцийн өөрчлөлтийг гурван зорилтоор тодорхойллоо.
-Тогтвортой байдлыг чухалчлах
-Бүтээмжийг өсөлтийг тэтгэх
Хүний болон институцийн хөгжилд чиглэх зэрэг гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөмжтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэв.
-УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Дэлхийн банкны тайланд дурдагдсан бодлогын саналуудыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Цаашдаа Монгол Улсыг чадварлаг банкуудтай болох ёстойг сануулсан байна. Гучин жилийн өмнө хоёр шатлалтай банкны системд орсноос хойш манай эдийн засаг гаж бүтэцтэй яваа. Дан ганц банкны системдээ суурилсан санхүүгийн системтэй явж байна. Үүнийг дагаж банкин дээр шок үүсэхэд тэр хэмжээгээр эдийн засагт том цохилт болдог. Тиймээс банкны системийн засаглалыг сайжруулах, Төв банкны хувьд улс төрөөс хараат бус байх явдалд анхаарч байна. Арилжааны банкуудын хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжих, өсөлтийн хурдыг гүйцэх хэмжээний санхүүгийн зуучлал, санхүүгийн үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Энэ нь өөрийн хөрөнгийн хангалтгүй байдал, зарим тохиолдолд тодорхой бус байдлаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж байгаа.
-Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир: Банкууд дээрх хувьцаа эзэмшигч, эздийн төвлөрлийг сааруулах үүднээс нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмшихийг хуулиар хориглосон. Яваандаа банкуудыг олон нийтийн компани болгож, засаглалыг сайжруулах асуудлыг хуулиудад тусгасан байгаа. Энэ хүрээнд банкуудын үйл ажиллагаа зөв гольдролдоо ороод явах боломжтой. Дэлхийн банкны тайланд Монголбанктай холбоотой гурван том асуудлыг хөндсөн. Эхнийх нь эдийн засгийг тогтворжуулъя. Хоёрт, бүтээмжээ сайжруулж бүрэн боломжоороо үйлдвэрлэлээ хийе. Гуравт, оюун ухаан дээрээ хөрөнгө оруулалт хийж, хүний хөгжлөө дэмжиж эдийн засгаа тэл гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор гурван асуудлыг онцолсон байна. Нэгд, валютын ханшийн уян хатан байдлыг хангах. Хоёрт, Төв банкны хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх. Гуравт, бүтээмжийг дэмжих, өрсөлдөх чадварыг бий болгохыг зөвлөсөн байна. Өнөөдөр бид валютын ханшийн хөвөх ханш гэдэг айдсаасаа бүх төвшиндөө салмаар байна. Монголд өнөөдөр уул уурхайн экспортоос хараат байдал нь гадаад шоконд мэдрэмтгий, үнэ ханш савлахад ханш хэлбэлздэг. Гэтэл УИХ, Засгийн газар, олон нийт валютын ханшаа тогтоон барь гэдэг. Үүний хариуд Төв банк интервенц хийж, хамаг нөөцөө алддаг. Зах зээлд байгаа төгрөгөө аваад доллар болгодог ч тэр нь импорт болоод гараад явчихдаг. Үүний цаана зээлийн эрэлт хумигдаж, дараагийн хүндрэл рүү ордог. Хоёрт, наймдугаар сарын байдлаар түүхий эдийн үнэ 20-30, экспортын орлого 50 хувиар буурсан үед валютын ханш дөрвөн хувиар суларсан. Үүнийг хэт их суларчихлаа гээд УИХ-ын танхимаас хэлээд эхлэхээр олон нийтийн дунд Төв банк валютын ханшийг тогтоох барих ёстой гээд хүлээлт үүсгэдэг. Нөгөө талд нөөц нэмэгдэхгүй, доллар орж ирэхгүй байхад энэ нь өөрөө ханш савлах эрсдэл болдог. Тиймээс бүх төвшиндөө хөвөх айдсаасаа салахгүй бол Монголын эдийн засаг тогтворжихгүй, бүрэн потенциалаа ашиглаж чадахгүй байдалд орно.
-Модератор Д.Жаргалсайхан: Улстөрчид юу гэх нь хэнд хамаатай юм. Төв банк ханшаа хэлбэлзүүлээд ч хамаагүй бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд яв л даа. Улстөрчид шаардаад байгаа болохоор долоо хоногт 100-200 сая доллараар интервенц хийгээд нөөцөө алдаж байна гэдгээ олон нийтэд нээлттэй ярих хэрэгтэй.
Сая танилцуулгад Монголын хувийн хэвшлийнхэн дунд шинийг санаачлагч, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах хандлага эрс буурсан гэж дүгнэсэн байна. Энэ юунаас болоод байгаа унаад байна вэ гэдэгт танхимын Ерөнхийлөгч хариулт өгнө үү?
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Дотоодын зах зээл дээр нийт компанийн 92 хувь нь ажиллаж байна. 2010 онд стратегийн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг багасгах хууль баталснаас хойш гадаадын хөрөнгө оруулалт асар их татарсан. Сүүлдээ гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад хүртэл хүндрэлтэй болсон. Монгол Улс өнөөдөр дэлхийд өрсөлдөх чадвараараа хэдэд байгаа билээ, манайд итгэж хөрөнгө оруулалт хийх процесс хязгаарлагдмал болсон. Уул уурхай хэдэн төслийг эс тооцвол Монголд гадаадын хөрөнгө оруулалт алга. Гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр инноваци, технологийн шинэчлэл хийгдэж, бүтээгдэхүүн экспортыг дангаараа хөгжүүлж чадахгүй. Энэ хуулийн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Бид эдийн засгаа тэлэх асуудал ярьж байгаа бол экспорт, гадаадын хөрөнгө оруулалт гэсэн хоёр зүйлтэй тулж ажиллах ёстой. Гадаадын хүн бизнес хийх гээд бүртгэл, зөвшөөрлөө авч чадахгүй аргаа бараад хоёр монгол хүний нэр дээр компани байгуулаад ажиллаж байгаагаа хэлж байна. Үүнийгээ өөрчилж байж л бид хөгжинө. Нөгөө талд гадаад зах зээл дээр монгол компаниуд гарах гэж мөн хичээж байгаа. Боломжууд байгаа ч монгол компаниуд дангааараа чадахгүй байна. Гаднын хөрөнгө оруулалтыг эрс дэмжиж, урамшуулж, хамгаалж байж экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломж бололцоо үүснэ.
-Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Уул уурхайн үндэсний хувийн хэвшлийг төлөөлж байгаагийн хувьд салбарынхаа байр суурийг илэрхийлье. Уул уурхай бол муу зүйл биш юм. Уул уурхайн салбар байгаагүй бол Монголын эдийн засаг 20 жилд 13 дахин өсөхгүй байсан. Өнөөдрийн эдийн засаг ингэж тэлэхгүй байсан. Манай улс 20 жилийн өмнө нэг тэрбум ам.доллар хүрэхгүй эдийн засагтай байсан гэдгээ санаж байх хэрэгтэй. Уул уурхай, байгалийн баялаг Монголын ард түмэнд заяасан гэдэг нь бидний давуу тал. Харин энэ боломжоо монголчууд бид яаж ашиглахаа өнөөдөр ярьж байна. Олдсон боломжоо бүрэн ашиглаж чадах уу, эсвэл хурууныхаа салгаараа урсгаад боломжоо алдах уу гэдгийг хэлэлцэж байна гэж харж байна. Уул уурхай бол Монголын эдийн засгийн гол тулгуур, төсвийн орлогын 4/1-ийг, экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа. Бүтээмж өсөхгүй байна гэдэг асуудлыг хэлж байна. Уул уурхайн салбар бол мөнгөн хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтыг шаарддаг. Техник, технологи, инноваци ч шингээдэг салбар. Зөвхөн олборлохоос цааших боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингээх техник техногийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Харамсалтай нь, хэдхэн жилийн өмнө УИХ-ын дарга байсан хүн "Уул уурхайн салбар гэж юу байдаг юм, ямар нэгэн хөрөнгө оруулалт шаардлагагүй, хөрсийг нь хуулаал ачаал явна ш дээ" гэж ярьж байсан. Өнөөдөр энэ хандлага өөрчлөгдөж байгаад баяртай байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, технологи инноваци шингэж, гаргаж байгаа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх үнэ цэнэ байгаа. Хятад улс руу экспортолж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй, 30, 40 сая дээр тогтоно. Гэхдээ түүхийгээр нь 30, 40 сая тонн нүүрс гаргаад байх уу, баяжуулсныг гаргах уу гэдэг нь тэс өөр асуудал.Тиймээс уул уурхайн салбарт нэмэлт оюуны хөрөнгө оруулалт хийх шаардлага бий. Ойрын хугацаанд уул уурхайн салбар Монголын эдийн засгийг чирээд явна. Цаашдаа яаж олуулаа болох уу, олон салбарт экспортын өрсөлдөх чадвартай компаниудын төлөөллийг бий болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
-Байгалын баялгийн засаглалын хүрээлэнгийн судлаач Н.Дорждарь: Монголд хууль, түүний хэрэгжилт хоёрын хооронд маш том зөрүү байгааг сүүлийн 20 жил харуулж байна. Төсөвтөө дөрвөн чухал өөрчлөлтийг хуулиар оруулж өгсөн. Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан ч 2010 оноос хойш хэрэгжсэнгүй. Хууль зөрчиж болохгүй учраас хуулиа өөрчлөх байдлаар 10 жил явлаа. Одоо цаашдаа яах вэ. Хоёр жилийн өмнө Төсвийн зөвлөл байгуулсан ч ажилласангүй. Төвсийн зөвлөл бол хараат бусаар иргэддээ чиглэж ажиллах ёстой болохоос Төсвийн байнгын хорооны Ажлын алба шиг байж болохгүй. Төсвийн дүрмүүдийн хэрэгжилтэд анхаарал хандуулахгүй, төсөв цэвэр улс төрийн шинжтэй зарцуулагдаж байна.
Дэлхийн банк хуримтлал үүсгэх талаар тодорхой асуудлыг дэвшүүлсэн байна. Шинээр баялгийн сан байгуулах асуудал яригдаж байна. Энэ бол цэвэр улс төрийн хүсэл эрмэлзлийн асуудал. Хэрвээ хуулиа хэрэгжүүлсэн бол "Ирээдүйн өв" сан корпорациа байгуулж хөрөнгөө үүсгэж, өсөн нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтууд хийгээд явж байх ёстой. Сая төсвийн хуулийг шинэчлэхдээ мөнгөний удирдлагыг 2025 он хүртэл Сангийн яаманд өгнө. Өрийн дарамт, бэлэн мөнгөний удирдлагын асуудлаа тооцоорой гэсэн. Энэ нь дахиад корпорациа байгуулахгүй таван жил явж, хуримтлал үүсэхгүй гэж харж байна. Учир нь Сангийн яаман дээр байгаа мөнгийг нэг хууль өөрчлөөл татаад авчихна. Улс төрийн нөлөө орох магадлалтай өндөр гэсэн үг.
-МУИС-ийн профессор Б.Алтанцэцэг: Манай улс судалгаанд суурилсан бодлого гэдэг зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр зохицуулалтын тогтвортой байдал маш чухал байна. Зохицуулалтын тогтвортой байдал нь хууль тогтоомжийн тогтвортой байдалтай холбоотой.
Олон тооны хуулиуд баталсан ч үр нөлөө нь ямар байв гэдэг нь маш учир дутагдалтай. Хөндлөнгөөс ажиглахад судалгааны чанар маш хангалтгүй байна. Судалгааны үндсэн асуудал нь тухайн хууль хэрэгтэй юм уу, үгүй юм уу, иргэдэд ямар хэрэгтэй хууль вэ, хэрэгцээ шаардлага үүссэн юм уу гэдгийг огт судлахгүй байна. Хууль тогтоомжоо эхлээд чанартай, судалгаатай гаргаж чадахгүйгээс болж өнөөдрийн ярьж байгаа бүх асуудлууд үүдэж байна. Яагаад компаниуд шинэ санаачилга гаргахгүй, шинэ бүтээгдэхүүн гаргахгүй байгаа нь тэдний шийдвэр гаргах орчны дүрэм тодорхойгүй байгаатай холбоотой. Хэзээ, юу өөрчлөгдөхийг мэдэхгүй байгаа нөхцөлд яаж ирээдүйдээ хөрөнгө оруулах юм бэ.