Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мандуул зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ сүүлд төлөгдсөн 86.6 тэрбум төгрөгийн үнэлэмжтэй “Гантиг Вилла” хотхоны 22 орон сууцыг чанаргүй зээлийн өрөнд хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр авсныг онцоллоо. Цаашид ч зарим эргэн төлөлт нь удаашралтай компаниудын үл хөдлөх хөрөнгө, орон сууцаар чанаргүй зээлийн төлбөрийг барагдуулах ажлыг хийхээ мэдэгдсэн юм.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэлэхдээ “Сүүлийн үед зээлийн эргэн төлөлтөд үл хөдлөх хөрөнгөөр төлүүлсэн онцлох явдал боллоо. Цаашид чанаргүй зээлдэгчдийг үл хөдлөх болон бусад хөрөнгөөр эргэн төлөлтийг хангуулна. Эргэн төлөлтүүд өдөр бүр хийж байна. Гэхдээ жин дарсан томоохон төлбөрүүдээ хийх нь чухал. Нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэл 634.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Үүний 86.6 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгөөр шилжсэн гэсэн үг. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд төвлөрч, мөнгөн хөрөнгөөр хэмжигдэж байгаа” гэлээ.
“Гантиг Вилла” хотхоныг зах зээлийн ханшаар нь үнэлж авчээ
Үл хөдлөх хөрөнгө дээр 86.6 тэрбум төгрөгийг “Капитал банк” болон “Монгол мах экспо” гэх хоёр зээлдэгчийн чанаргүй зээлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулсан. Капитал банк нь Хөгжлийн банкинд 54.4 тэрбум төгрөгийн өртэй байсан. Капитал банк үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж дампуурсан. Харин “Монгол мах экспо” ХХК нь 32.2 тэрбум төгрөгийн Капитал банкинд өртэй, чанаргүй ангилалд нь байв. “Бишрэлт” группийг нь дээрх хоёр компанийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг. Тиймээс толгой компанийн удирдлагуудтай нь Хөгжлийн банкны зүгээс уулзсан байна. Уг компанийн хамаарал бүхий “AB трейд групп” гэх компанийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүрэгт байрлалтай “Гантиг Вилла” орон сууцны тодорхой хэсгүүдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлдээ харилцан тохиролцсоны үндсэн дээр өгчээ. Цаашид “AB трейд групп” компани нь уг хотхоны борлуулалт, хөгжүүлэлтийг нь хариуцах аж. Мөн энэ хотхонд байгаа есөн блок, 22 орон сууцын борлуулалтын орлого нь Хөгжлийн банкны дансанд шилжиж, үл хөдлөх хэлбэртэй байсан зээл мөнгөн хэлбэрт шилжих юм. Иргэд захиалгаа тус компаниар дамжуулан хийх ч гэрээгээ Хөгжлийн банктай хийх юм байна. Үл хөдлөхийг худалдахдаа ямар нэгэн хөнгөлөлттэй үнээр өгөхгүй, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй. Зах зээлийн ханшаар нь үнэлж авна гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж 86 хүнийг яллагдагчаар татжээ
Ирэх онд төлөгдөх хоёр бондын өрийг Хөгжлийн банк цэвэр өөрсдийн хөрөнгөөрөө төлөх учир чанаргүй зээлдэгчдийн эргэн төлөлтийн ажлыг эрчимжүүлээд буй. Үүний хүрээнд хууль хяналтын байгууллагатай хамтарч, АТГ-аас 19 хэргийг дуусгаж, материалыг нь прокурор, шүүх рүү шилжүүлэхэд бэлэн болгосон байна. Энэ 19 хэрэгт нийт 86 хүнийг яллагдагчаар татсан байгаа аж. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт чанаргүйжсэн есөн зээлийн 233 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй асуудал байгаа аж.
Ойрын хугацаанд төлөгдөх өрийн тухайд:
Өнөөдрийн мэдэгдлийн үеэр Хөгжлийн банкны зүгээс энэ сард төлөгдөх зарим өрийн талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад Н.Мандуул дараах байдлаар хариуллаа.
Тэрээр “ТӨХК-иудын өр зээлийн төлбөрийн асуудал яригдаж байна. ТОСК-ийн 180 тэрбум, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Уг төлбөр энэ сарын дуусахаас өмнө шийдвэл эргэн төлөлтийн балансад их нэмэртэй. МИАТ компани энэ сард үлдсэн төлбөрөө барагдуулахаар ярьж байгаа. Тэд энэ сарын төлөвлөгөөнийхөө дагуу зээлүүдээ төлбөл 300 гаруй тэрбум төгрөг төлөгдөх төлөвтэй байгаа” гэв.