Монголыг “Оюу толгой” биш оюунтай толгой л хөгжүүлнэ. Цар тахлын хүнд хэцүү үед энэ үгийн утгыг монголчууд эрх биш ойлгож байгаа байх. БНХАУ аравдугаар сард хилээ хааснаас хойш байр, машин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа. Бидний худалдаж авдаг бүх зүйлийн үнэ өслөө. Харин цалин өссөнгүй. Бид үйлдвэргүйдээ л “зовж”, үйлдвэргүйдээ л бусдаас гуйж, хараат амьдарч байна. Үүний нэг жишээ нь шатахуун. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 90 хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас хангадаг. Тэднийг хэзээ “крант”-аа хаах бол гэсэн айдастай, өндөр үнээр бензинээ авч байна.
Нөгөө талд, хийж бүтээж буй хүмүүс бий. Тэд бол цементийнхэн. Манай улсад “Ховд Эко цемент, Хөтөлийн “Цемент шохой”, БНХАУ-ын төрийн өмчит “Мөнхийн баян гал”, “МАК Цемент” болон “Монцемент” гэх таван компани цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Бид цар тахлын хүнд нөхцөлд бензинээр тасарсан ч тэдний ачаар цементээр тасарсангүй. Энэ таван үйлдвэрээс Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах “Монполимет” группийн харьяа “Монцемент” үйлдвэрээр зочиллоо.
“Монполимет” групп цементийн үйлдвэр байгуулах судалгааг 2006 оноос эхлүүлж, 2015 онд Дорнын говийн хоосон талд “Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэн “Монцемент” үйлдвэрийг байгуулжээ. Цемент үйлдвэрлэхэд нойтон, хуурай гэсэн хоёр аргыг ашигладаг бөгөөд "Монцемент" үйлдвэр хуурай аргыг ашигладаг байна. Нойтон арга бус хуурай арга ашигласнаар эрчим хүчийг 4.5 дахин бага ашигладаг аж.
"Монцемент" үйлдвэр Европын холбооны улсад тав л байдаг WHR технологийг 2016 онд Монголдоо нэвтрүүлжээ. Тус технологи нь байгаль орчинд ээлтэй, халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг юм байна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр азотын хий, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээс гадна эрчим хүчээ хангах боломжтой юм.
Дорноговь аймагт эрчим хүчний тасалдал их байдаг. Үүнээс болж техникүүд нь унтарвал буцааж асааж халаахын тулд нэг удаадаа 200 сая төгрөгийн өртөг гардаг байна. Тэгвэл WHR технологийг нэвтрүүлснээр цагт 5000 мВт эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрийн эрчим хүчний 40 хувийг хангадаг аж. Ингэснээр эрчим хүчний тасалдал багасаж, үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахад дэм болдог ажээ. "Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн автомат гэдгээрээ онцлог юм.
Манай улсад үйлдвэрлэдэг цемент импортын цементтэй харьцуулахад илүү чанартай гэж салбарынхан нь ярьдаг. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа энэ талаар “Манай дотоодын үйлдвэрүүдийн цементийн чанар маш сайн. Хятадын цементийн чанартай харьцуулшгүй. Хятадын цемент тухайн стандартаа л хангадаг болохоос манай цементийн чанарт хүрэхгүй” хэмээж байсан юм. Монцемент үйлдвэрийн цементийн чанарын нууц нь нүүрс болон үйлдвэрлэлийн процесстоо байдаг ажээ.
Цемент үйлдвэрлэх процессыг тайлбарлая. Эхлээд цементийн түүхий эд буюу занар, шохойн чулуу, төмрийн хүдрийг бутална. Жигдрүүлж хадгална. Хольц бэлтгэж тээрэмдэнэ. Жигдрүүлэх цамхагт задална. Чулуунцрыг 1400 цельсийн эргэдэг зууханд шатаана. Шатаасан чулуунцрыг байгалийн гөлтгөнөтэй холин цемент болно. Чулуунцрын чанар сайн байх тусам цементийн чанар сайн байдаг аж. Чулуунцрын чанарыг сайн байлгахын тулд нүүрс хамгийн сайн байх ёстой байдаг байна.
Энэ талаар “Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Сайн цемент гаргахад нүүрсний чанар маш чухал. 6000 киллкалориоос дээш илчлэгтэй сайн чанарын нүүрсийг ашиглаж байж, цементийн чанар сайн байдаг. Тэгэхээр бид хамгийн сайн нүүрсийг ашиглах учиртай. Тиймээс ч бид нүүрсний үнэ өссөн ч Тавантолгойн нүүрсээр л үйлдвэрлэлээ явуулдаг” гэсэн юм.
Орон нутагт нэг том бүтээн байгуулалт хийх, нэг том үйлдвэр барихад л нутгийн иргэдийн ажлын байраар хангаж, нийгмийн баталгааг нь өгч чаддаг ажээ. “Монцемент” үйлдвэрт ажиллаж буй иргэдийн дийлэнх нь залуус бөгөөд 60 хувь нь Дорноговь аймгийн хүмүүс байна. Үүнээс гадна Өргөн сумыг халуун, хүйтэн цэвэр устай холбоход 11.2 км усны шугам хоолой, эрчим хүчнээс 53.3 км агаарын шугам татаж орчин үеийн тоноглолтой 110 кВт станц барьжээ. Түүнчлэн, үйлдвэрийн ажилчид болон Өргөн сумын иргэдэд зориулан нийт 200 айлын орон сууц, хүүхдийн өдөр өнжүүлэх төв, спорт зал зэргээс бүрдсэн “Шинэ өргөн” хорооллыг барьж байна.
Дорноговь аймгийн Өргөн өртөөнөөс салбарлуулан хувийн хөрөнгөөр 3.5 км салбар төмөр зам барьж, 2015 онд улсын комистт хүлээлгэн өгчээ. Ингээд 30 ширхэг ачааны хагас вагон, 40 ширхэг хоппер вагон, сэлгээний зүтгүүр авч цементийн тээвэрлэлийн хүчин чадлыг 50 хувиар нэмжээ.
Сүүлийн үед цементийн үнэ өслөө, үнээ буулгахгүй бол урдаас цемент оруулж ирнэ гэх шүүмжлэлүүд хөвөрч байна. Барилга хот байгуулалтын яамнаас Мөнхийн баян гал 16, Хөтөл 24, МАК 26, Монцемент 28 хувиар цементийн үнэ нэмсэн гэж мэдэгсэн. Тэгвэл Монцементийнхэн цементийн үнээ нэмсэн шалтгааныг ингэж тайлбарлав.
“Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Цемент үйлдвэрлэх өртөг маш их өссөн. Нүүрсний үнэ 65 мянга байсан бол одоо 166 мянган төгрөг болсон. Өмнөх жилээс 130 хувиар өссөн гэсэн үг. Энэ бол өртөг эзэлж байгаа хамгийн том хувь. Төмрийн хүдрийн үнэ гурав дахин өссөн. Олон нийт дотоодоосоо түүхий эд авдаг байж яагаад үнээ нэмээд байгааг асуугаад байгаа. Дотоодын түүхий эдийн үнэ ийм үнэтэй байгаа юм. Тээврийн үнэ ямар өндөр өсөлттэй байгаа билээ. Дизель түлшний үнэ сарын өмнө 2575 төгрөг байсан бол одоо 3045 болсон.
Мөн Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэн учраас бид ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж байна. Ингэхдээ ажилчдынхаа цалинг нэмж байгаа. Яагаад гэвэл инфляц ямар байгаа билээ. Амьдралынх нь түвшинг дордуулж болохгүй шүү дээ. Энэ мэт зардал нэмэгдсэнээр бид цементийн үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Бид түүхий эд болон нүүрс, түлшээ ихэнхийг нь доллараар худалдан авдаг учир долларын ханш өсөх тусам дарамт болно. Энэ хэвээр өссөөр байвал цементийн үнэ цаашдаа ч өснө” гэв.
Түүнээс үргэлжүүлэн БНХАУ-аас цемент оруулж ирж, чөлөөт зах зээлийг бий болгох тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулав.
Тэрээр “Бид бодох ёстой л доо. Валютын нөөц багасаж байхад гадагшаагаа валют урсгах хэрэгтэй юу гэдгийг бодох ёстой. Цемент зөвхөн манай улсад ч бид дэлхий дахинд өсөж байгаа. Шалтгаан нь ердөө л нүүрсний үнийн өсөлт. БНХАУ-д нэг тонн цемент хамгийн багадаа 250 мянга орчим төгрөгт зарч байна. Үүн дээр тээвэр, ложистик болон бусад зардлаа нэмэхээр манай улсад орж ирэх үнэ нь 600 мянга хүрнэ” гэсэн юм.
Монполимет групп цементийн үйлдвэр байгуулахаар Хөгжлийн банкнаас зээл авсан. Тэгвэл одоо зээлийн үлдэгдэл 100 гаруй тэрбум үлдсэн байна. Зээлийг доллараар олгосон бөгөөд одоо долларын ханшийн зөрүүн дээр асуудал үүсээд байгаа аж. Тодруулбал, зээл олгож байх үед долларын ханш 1850 төгрөг байсан бол одоо 3000 даваад байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрөө төлсөн ч ханшийн зөрүү нь 100 гаруй тэрбумд хүрчээ. Үүнийг Хөгжлийн банкинд уламжилсан ч одоо болтол хариу өгөөгүй байгааг үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун хэлж байлаа.