Малайзын Дээд шүүх мягмар гаригт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ял, 49.3 сая ам.доллараар торгох ял оногдууллаа.
Тэрээр 2009-2018 оны хооронд Малайзын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа төрийн өмчит хөгжлийн сангаас 11.73 тэрбум ам.долларын хөрөнгө шамшигдуулсан, хууль бусаар олж авсан хөрөнгөө мөнгө угаах замаар нуун дарагдуулсан, авлига авсан зэрэг долоон хэрэгт буруутгаад байгаа юм.
Эх сурвалжуудад мэдээлснээр Куала Лумпурын Дээд шүүхийн шүүгч Мохамад Назлан Мохамад Газали түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гурван хэрэг болон мөнгө угаасан гурван хэрэг тус бүрд 10 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг нэгэн зэрэг эдлүүлэх шийдвэр танилцуулсан аж. Нажиб Разакын өмгөөлөгчид шүүх хурлын дараа 67 настай түүний 12 жилийн хорих ялыг хэвээр үлдээхийг хүссэн байна.
Гэсэн ч ажиглагчид түүнд холбогдсон бусад хэргүүдэд шүүхээс нэмж ял онооно гэх байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, Нажиб Разак нь 2004-2009 оны хооронд Малайзын Шадар сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт аллагын захиалагч, аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. Аллагыг үйлдсэн цагдаагийн хоёр офицер болон хэргийн зарим холбогдогчид түүнийг аллагын захиалагч болохыг мөрдөн байцаалтын үед мэдүүлсэн. Тиймээс түүний ял багадаа 15-20 жилийн хорих ял болж нэмэгдэх боломжтой аж.
Нажиб Разак өөртэй нь холбоотой бүх хэргийг улс төрийн сөрөг хүчнүүдийн зүгээс зохион байгуулалттай явуулж буй гүтгэлэг хэмээн мэдүүлсээр ирсэн юм. Харин Малайзын сөрөг хүчнүүд болон хэвлэлүүд түүнийг эрх мэдлээ ашиглан өөртэй нь холбоотой гэмт хэргүүдээ нуун дарагдуулсаар байгааг хүчтэй шүүмжилсээр ирсэн.
Малайзын сөрөг хүчин болох Нэгдсэн уугуул нам 2018 оны парламентын сонгуульд ялалт байгуулснаар нэгэн цагт тус улсын улс төрд хаан мэт эрх мэдэл төвлөрүүлээд байсан Нажиб Разактай холбоотой хэргүүдийг шалгах үйл явц идэвхэжсэн байна. Гэсэн ч Малайзад дахин улс төрийн хямрал нүүрлэж өнгөрөгч хоёрдугаар сард Нажиб Разакын Нэгдсэн Малайзын үндэсний байгууллага нам дахин төрийн эрхэнд гарсан юм.
Тус улсын шинэ Ерөнхий сайд Мухиддин Ясин нь Нажиб Разак Засгийн эрхэнд байх хугацаанд Малайзын Шадар сайд болон Боловсролын сайдын албан тушаалыг хашиж байв. Гэсэн ч тэрээр 2015 онд Нажиб Разактай үзэл бодол зөрчилдсөний улмаас сайдын албан тушаалаас огцорч, намаасаа хөөгдөж байсан нэгэн юм. Мухиддин Ясин 2018 оны сонгуульд намдаа эргэн нэгдэж, намаа цэвэрлэх ажлыг хүчтэй өрнүүлж эхэлсэн. Тэрээр шүүхээс Нажиб Разакад 12 жилийн хорих ял оногдуулсан асуудлаар одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Харин ажиглагчдын хувьд Нажиб Разакын уналт Мухиддин Ясинд амласан улс төрийн шинэчлэл хийх боломжийг олгоно гэх байр суурийг илэрхийлжээ.
Эх сурвалж: CNBC, Aljazeera, cfr.org, The Telegraph, The Star