Бразил улсын иргэн Грегори Грамани 2015 онд эх орноо орхин дэлхийг унадаг дугуйгаар тойрох адал явдалт аялал эхлүүлсэн аж. Ганцаараа аялдаг тэрээр өчигдөр Монголыг орхиж дараагийн улсын зүг дөрөөгөө жийсэн юм. Түүнтэй танилцаж аяллын сонирхолтой адал явдал болон хувь хүн талаас нь ярилцах боломж олдсон юм. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
- Ярилцлагаа Грегори Грамани гэж хэн бэ гэдэг асуултаар эхлүүлье.
- Намайг Грегори Грамани гэдэг. Бразил улсын иргэн. Би хуульч мэргэжилтэй. Харин яг одоогоор бол аялагч, унадаг дугуйчин гэж өөрийгөө тодорхойлмоор байна.
- Хүн бүр л өөрийн гэсэн учир шалтгаанаар ямар нэгэн зүйлийг хийдэг. Та яагаад, юуны төлөө аялаж байгаа юм бэ, таны зорилго юу вэ?
- Би маш удаан хугацаанд олон өөр өөр шалтгаантайгаар аялж байна. Яг одоогийн хийж буй аялал маань дөрвөн жил үргэлжилж байна.
Дэлхийг тойрч аялах болсон миний хамгийн том шалтгаан ээжтэй минь холбоотой. Тэр хоёр ч удаа хорт хавдраар өвчилж, бараг л нас барах шахсан. Үүнээс өмнө би гурван удаа урт хугацааны аялал хийхэд тэр огт зөвшөөрч, дэмжиж байгаагүй. Харин энэ удаагийн аяллаа эхлэх үед ээжийн минь биеийн байдал үнэхээр хүнд байсан. Тэгээд өөрийн амьдралдаа харамсах зүйл хэзээ ч битгий хий гэж хэлээд намайг дэмжихээр шийдсэн. Энэ бол бидний хувьд үнэхээр чухал. Магадгүй тэр амьдралыг арай өөр өнцгөөс харахыг хүссэн байх. Манай гэр бүлийн хүмүүжил эцэг эхээ болон ахмад хүмүүсийг хүндлэх ёстой гэж сургасан. Хэрвээ ээж маань энэ аяллыг маань дэмжээгүй байсан бол би энэ хүртэл явахгүй байсан.
- Та нийт дэлхийн хэдэн орноор аялаад байна вэ, одоо явж буй аяллын төслийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
- Монголыг оролцуулаад би одоогоор дэлхийн 106 орноор аялаад байна. Азийн мөрөөдөл гэх дугуйн аяллын энэхүү төслийн хүрээнд ирэх хоёр юм уу хоёр жил хагасын хугацаанд би энэ тоог 120, 121 болгоно гэж төлөвлөж байгаа. Миний дараагийн очих орон бол ОХУ байх болно. Ерөнхийдөө Ази болон Ойрх Дорнодын 18 орноор явах юм. БНХАУ, Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Иран, Пакистан, Энэтхэг, Непал, Бангладеш, Бутан, Мьянмар, Тайланд болон Малайз гэх орнууд байх юм.
Манай улсад хүмүүс бусадтай л адил ямар нэгэн улс орны талаар мэдээллийг телевиз, сонин, интернетээс авдаг. Голцуу улс төр, цаг үе эсвэл хурцадмал байдлын талаар мэдээлэл хэвлэлээр гардаг. Латин Америкчуудын хувьд миний аялж буй газрууд маш аюултай. Яагаад гэвэл хэвлэлүүд жишээ нь Афганистан, Иран зэрэг улсуудыг террорист л гэж бидэнд харуулдаг. Эсвэл “стан” орнууд үргэлж байлддаг бас л террористууд. Өмнө нь социалист дэглэмтэй байсан улсууд нь бүгд л ядуу гэх мэт.
Хэвлэл үнэхээр хүчтэй болохоор хүмүүс тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн харуулж буй өнцгөөр л бүхнийг хүлээж авдаг. Гэтэл бодит байдал дээр тэс өөр зүйлс олон. Тиймээс би улс төр гэхээсээ илүүтэй үнэхээр тухайн улсын гудамжийг нь шагайгаад жирийн иргэдийн бодит нөхцөл байдлыг бусдад харуулж, зөв ойлголт өгөхийг зорьдог. Үнэндээ би эдгээр улсуудад маш олон сайн хүмүүстэй учирч тэдний халуун дулаан мэдрэмж, хүн чанар, тус дэм, амттай хоолыг мэдэрсэн.
Үнэндээ би Сири, Йемен зэрэг орнуудад очихыг үнэхээр их хүсэж байна. Тэнд дайн болж байгаа эсэх нь надад хамаагүй. Хэрвээ надад виз олгох юм бол заавал очих болно. Тэгээд бодит байдлыг хүмүүст мэдүүлж, тусламж хэрэгтэй нэгэнд нь тусалмаар байна. Харин дараа нь Африк тивээр аялах шинэ төсөл эхлүүлнэ.
- Тэгвэл аялал хийх төслийн санхүүжилтээ ямар эх үүсвэрээр олдог вэ?
- Энэ асуултыг надаас их олон хүн асуудаг. Би сошиал медиаг их идэвхтэй ашигладаг учир хүмүүс надтай холбогдоод энэ талаар их сонирхдог. Мэдээж санхүүгийн эх үүсвэр байхгүй бол аяллаа үргэлжлүүлж чадахгүй шүү дээ. Тиймээс энэ үнэхээр чухал асуудал.
Гэхдээ хариулт нь маш энгийн. Би зүгээр л контент хийдэг. Бага зэргийн ур чадвар шаарддаг ч гэсэн сошиал медиаг хэрхэн ашиглахаа мэддэг бол санхүүгийн эх үүсвэрээ эндээс бий болгож болно. Гэхдээ би Фэйсбүүк болон Инстаграмыг ашиглахдаа тийм ч сайн биш. Тиймээс би Бразилын хэд хэдэн хэвлэлд аялж буй улсуудынхаа тухай нийтлэл бичиж илгээдэг. Саяхнаас Бразилын зарим телевизүүдэд видео контент бэлтгэн өгч эхэлсэн.
Бичлэгийн өнгө аясын хувьд би хошигнохдоо тийм ч гаргууд биш, улс төрийн талаар егөөдөл хийхдээ тааруухан. Мөн аялал жуулчлалын сонирхолтой газрууд ч юм уу эсвэл түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудын талаар тайлбарлахдаа маруухан.
Ерөнхийдөө би аялж явахдаа маш олон шинэ хүмүүстэй танилцдаг. Голцуу би тухайн очсон газар, орныхоо бодит байдлыг бичихийг зорьдог. Жишээ нь тухайн улсын иргэд өдөр тутамдаа юу хийдэг, ямар хоол иддэг, хэрхэн амьдардаг, эсвэл хөдөө нутгаас нь юуг олж харж болох вэ, тээвэр, дэд бүтэц нь хэрхэн хөгжсөн бэ гэх зэрэг. Мөн би том хотуудын талаар тийм ч нарийн бичдэггүй. Гол нь л хүмүүс, ард түмнийх нь онцлогийг чухалчлан авч үздэг.
-Үнэхээр сонирхолтой сонсогдож байна.
-Тийм ээ, би яг одоо хийж байгаа зүйлдээ үнэхээр хайртай. Мэдээж миний өмнө нь хийж байсан ажилтай тэс өөр. Үүнээс өмнө би мэргэжлээрээ ажиллаж байхдаа өдөржин л оффисоос гаралгүй компьютерын өмнө суудаг байсан. Одоо бол өдөржин аялаад, орой нь буудалласан газраа ирмэгцээ өөрт тохиолдсон зүйлсээ урам зориг дүүрэн бичиж эхэлдэг.
-Та Монголд эхний удаа ирж байна уу, таныг сошиал ертөнцөөр их харлаа. Хэр удаан аялчихваа, манай улс ер нь танд хэр санагдсан бэ, ямар сэтгэгдэл төрүүлэв. Ер нь Монголчууд юугаараа таны аялж байсан дэлхийн бусад орны иргэдээс онцгойрч байна вэ?
-Тийм ээ, би Монголд анх удаа ирж байна. Одоогоор Монголын нутгаар бараг хоёр сарын турш 3.000 километр аялчихлаа. Энэ хугацаанд 9, 10 аймгийг хөндлөн туулсан. Би аяллынхаа талд нь гадаа хоноглож, үлдсэн хэсэгт нь гэр буудал болон хөдөөний айлуудад хоносон. 2015 оноос эхлэн Бразил болон Монголын иргэд харилцан 90 хоногийн турш визгүй зорчих болсон.
Энэ бүхэн миний амьдралдаа туулсан хамгийн гайхалтай туршлага байлаа. Би Монголын талаар маш их зүйлийг сурсан. Монголын ёс уламжлал, соёл, түүх, ард түмнийх нь тухай мэдэх үнэхээр сонирхолтой юм. Хүмүүс нь маш нээлттэй, найрсаг, юугаа ч нуулгүй яг байгаагаараа бусдад ханддаг зэрэг нь таалагдсан.
Хөдөөний хүмүүстэй ярилцаж байхад тэд амьдралын хэв маягтаа үнэхээр хайртай. Юу ч амласан гэсэн хот газар руу нүүхгүй юм шиг санагдсан. Тэд зүгээр л гэрт амьдраад орчин үеийн амьдралын хэв маягаас хол хөндий байгаа нь атаархмаар. Хөдөөний хүмүүст том байшин, үнэтэй машин огт хэрэггүй. Тэд зөвхөн хуучин гар утсаа хэрэглэж, тог цахилгаан, хүний наад захын энгийн хэрэглээгээр дутмаг ч гэсэн аз жаргалтай сайхан амьдарч чадаж байна.
Гэтэл бусад газруудад, манай улсад ч гэсэн хүмүүс маш шуналтай. Уулзсан хүмүүс ихэвчлэн л би том байшин, гоё машин, дараагийн загварын ухаалаг гар утас хүсэж байна гэдэг. Үргэлж өөрт байгаагаасаа илүүг хүсдэг. Харин нүүдэлчид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ хэн нэгэн та нар том хот руу нүү гэвэл яасан ч үгүй л гэх байх. Хэдий тэд өдөр бүр хуучирч, халтар болсон нэг хувцсаа өмсөж, ядуу мэт харагдах боловч амьдрал нь үнэхээр баялаг.
Хувь хүнийхээ талаас би байгаа бүхэн минь л надад хангалттай юм байна гэдгийг нүүдэлчдээс ойлгож авсан. Мөн аз жаргал хэзээ ч том байшин, мөнгөнд бус өөрт байгаа зүйлээ хэрхэн үнэлж, үнэ цэнэтэй байлгах вэ гэдэг дээр ихээхэн тогтдог юм байна. Хүн хүсээд л байвал хэзээ ч дуусахгүй. Үргэлж шинэ, одоо байгаагаасаа илүүг хүснэ. Харин нүүдэлчин аж амьдрал гэдэг хамгийн амар амгалан, аз жаргалтай амьдралын хэв маяг юм билээ. Төсөөлөөд үздээ XXI зууны нийгэмд ийм зүйлийг харна гэдэг үнэхээр сонирхолтой. Ямар ч нийгмийн дээд, дунд, ядуу давхарга гэж байхгүй. Чи олон малтай ч байж болно. Гэхдээ л нүүдэлчдийн амьдрал бүгдийнх нь хувьд ижил тэгш.
Мэдээж жуулчдад бэрхшээлтэй зүйл их ажиглагдсан. Жишээ нь зам харгуй, замын тэмдэглэгээ хөдөө нутгуудад тийм ч элбэг биш. Би маш олон удаа төөрсөн/Инээв/. “GPS” байхгүй бол үнэхээр хэцүү. Мөн том хотуудаас гармагц буудаллах жижиг жуулчны баазууд тун хомс санагдсан. Хамгийн ойрын буудал 50 километрийн цаана байх жишээтэй. Дугуйн дээрээ хүнд ачаа тээгээд явж байгаа хүнд гэгээ тасрахаас өмнө хүрч очно гэдэг үнэхээр бэрх. Тэгээд л хээр хононо доо.
Хэдий жуулчдад зориулсан зүйлс нь тийм ч ойлгомжтой, элбэг биш ч гэсэн ерөнхийдөө Монголчууд зөв замаар явж байна гэж бодож байгаа. Учир нь Монголоор аялах сонирхолтой жуулчид маш их байна. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан Монголын хамгийн гайхамшигтай зүйлс нь байгаль болон хүмүүс нь. Тийм ч учраас олон хүн ирэхийг хүсдэг байх. Тэдний хувьд Монголд ирнэ гэдэг дэлхийн өөр хаанаас ч харж чадахгүй зүйлсийг харж, мэдрэх ховорхон боломж юм.
-Тэгвэл Монгол таны өмнөх төсөөлөлтэй хэр ойрхон санагдав?
-Надад Монголын талаар маш олон төсөөлөл байсан. Мэдээж Бразил хүн бүр дунд сургуулийн түүхийн хичээлээс Чингис хааны тухай үздэг. Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулаг гэдэг утгаар нь. Энэ бол бидний Монголын тухай мэдэх цорын ганц зүйл.
Тиймээс би Монголын түүхийг маш дэлгэрэнгүй судалж өөрт тааралдсан бүхий л номыг уншсан. Монгол хэдэн зууны өмнө ямар агуу их гүрэн байсан юм бэ, тэр нь ямар их соёлын өвийг хүн төрөлхтний иргэншилд үлдээсэн талаар хүн бүрийн мэдэх ёстой мэдлэгийг олж авсан. Би Афганистанд одоо хэрнэ Монголоор ярьдаг хүмүүс байдаг гэдгийг мэднэ. Тэд байлдан дагуулж явах үед эзэлсэн газраа харж үлдсэн цэргүүд. Харин тэднийг буцаж ирж аваагүй учир өөрсдийн үндэс угсааг тэндээ үлдээж, эх оронч байдлаа одоо хэрнэ ч хадгалдаг. Түүнийгээ амьдралын хэв маяг, хувцас хунар, хэл соёл, хоол хүнсээрээ харуулдаг.
Тэгээд дэлхийн бусад орнуудад тэр дундаа Европт Монголын соёлын нөлөө одоо хэрнэ байгааг олж харсан. Энэ олон жилийн дараа шүү дээ. Дэлхий даяар Монголчуудтай холбоотой түүхэн дурсгалт газар, хөшөө зэрэг зүйлс элбэг.
Би Монголын талаар бараг бүх номыг уншсан гэж хэлсэн шүү дээ. Тэнд Монголын ард түмэн бол үнэхээр найрсаг, сайн хүмүүс, хоол нь Бразил үндэсний хоолтой тун төстэй гэсэн байсан. Энэ бүхэн огт зөрөөгүй шүү. Хоолны хувьд Бразил хоолтой үнэхээр ижил. Бид ч бас мах их иддэг. Заримдаа гэрийнхээ хоолыг л идэж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байсан. Харин ялгаатай нь Монголд хоол илүү чанартай бас шинэ.
Би хоёр сарын хугацаанд Монголд үнэхээр сайхан мөчийг өнгөрүүллээ. Миний төсөөлж байснаас ч сайхан орон юм. Би аяллынхаа 99 хувьд нь таашаал авсан. Тэр ч утгаараа нийтлэлүүдийнхээ 99 хувьд нь Монголыг магтсан. Би үнэнийг л бичдэг хүн. Мэдээж сайн муу тал үргэлж байдаг. Гэхдээ доромжилж, доош нь хийсэн зүйл биш шүү.
-Та тэгвэл найзуудаа ч юм уу бусад хүмүүст, эсвэл уншигчиддаа Монголд аялаарай гэж зөвлөх үү?
-Мэдээж. Ямар ч эргэлзээгүй. Би аль хэдийн Монголд аялахыг санал болгосон. Сүүлийн хэдэн долоо хоногт маш олон хүн надтай холбогдоод “хөөх Монголын талаар өмнө нь огт ингэж бодож байсангүй. Би огт өөр төсөөлөлтэй байжээ. Би өөрийн заавал очиж үзэх газруудынхаа жагсаалтад Монголыг орууллаа” гэх мэт зүйлсийг хэлсэн.
-Жуулчны нүдээр харахад Монголд юуг сайжруулах хэрэгтэй юм шиг санагдсан бэ?
-Хамгийн түрүүнд ойлгомжтой байдал. Зам, тээвэр, үзвэр үйлчилгээ яг хаанаас хэзээ хөдөлж, аль хүрээд хэзээ дуусах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэн ч авч чаддаг байх нь чухал.
Миний бодлоор Монголд ирж буй жуулчдын дийлэнх нь яг зорьж ирэхгүй байгаа болов уу. Тэд Хятад Орос хоёрын хооронд Монголоор дайрч өнгөрөөд байна шүү дээ. Тиймээс Транс Сибирийн төмөр замыг ашиглаад хүмүүс зорьж ирээд 4,5 хоноод явдаг биш. Өөр сайхан зүйлсийг бий болгоод удаан саатдаг болгох нь ашигтай байх.
Миний маш их гайхсан нэг зүйл нь ямар нэгэн аялал жуулчлалын цэг юм уу музейд орох гэтэл илүү мөнгө нэхдэг. Энэ үнэхээр шударга биш. Намайг гадаад хүн учир ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг л санагддаг. Би бусдын л хоёр нүдээрээ үзэж байгаа зүйлийг илүү мөнгө төлж үзнэ гэдэг утгагүй биз дээ. Тэглээ ч Монголыг зориод хэдэн мянган километр туулаад их мөнгө төлөөд ирсэн хүнээс яг ижил зүйл үзүүлэхийн төлөө илүү хөлс авна гэдэг тийм ч зөв биш байх.
-Монголоор аялж явахад тань хамгийн их сэтгэгдэл үлдээсэн газрууд юу вэ?
-Арвайхээр надад маш их таалагдсан. Бас Тариат, Чулуут, Эрдэнэмандал сумуудыг нэрлэхээр байна. Хамгийн ихээр таалагдсан хот нь Дархан байсан. Том хотууд дундаасаа хамгийн найрсаг хот шиг санагдсан. Би тэнд маш олон нөхөрсөг хүмүүстэй танилцсан. Монголын өөр том хотуудыг бодвол маш тайван, гайхалтай хоолтой, замын түгжрэл байхгүй, хүмүүс нь хүртэл гудамжаар маш тайван удаан алхдаг, хамгийн гол нь жолооч нар нь унадаг дугуйтай хүнийг маш ихээр хүндэлж өөрсдийн зохимжит зайгаа баримтлан явдаг. Харин Эрдэнэт, Улаанбаатарт бол огт өөр санагдсан. Зам дээр явж буй машинууд нь дайрчих гээд байгаа юм шиг. Том хотуудад дугуйгаар явах үнэхээр хэцүү юм билээ.
-Монголд өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжуудаа хуваалцаач?
-Тэгэлгүй яах вэ. Би Монголд амьдралдаа өмнө нь огт хийж үзэж байгаагүй маш олон зүйлсээ хийж үзэж, сурсан. Сүүлдээ тоог нь ч мартсан. Тэгэхээр аялагч хүний хувьд энэ ямар гайхалтай байсныг ойлгож байгаа байх. Хамгийн сайхан дурсамж нь мотоцикл хөлөглөөд морьд хөөж давхих үнэхээр бүрэн дүүрэн эрх чөлөөг надад мэдрүүлсэн. Нэг нүүдэлчин айл надад хэрхэн үнээ саахыг зааж, түүгээрээ өрөм хийхийг сургасан. Өрөм үнэхээр амттай бас эрүүл, шинэ. Одоо ч амтыг нь мартаж чадахгүй байна. Би гал асааж чадналдаа гэхдээ Монголчууд үнэхээр гаргууд юм билээ. Би одоо ямар ч хүйтэн газар очсон маш хурдан гал ноцоож чадахаар болсон. Амьдралдаа анх удаа морь унаж үзсэн. Би өмнө нь 100 гаруй орноор аялахдаа нэг ч удаа морь унаж үзээгүй байсан. Ер нь л Монголчуудын өдөр тутмын аж амьдралаас маш ихийг суралцсан. Аан хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараасан юм байна. Тэд үнэхээр баярлаж байсан шүү. Хүний баярлаж байгаа нь нүднээс нь л мэдэгддэг. Хүүхдүүдийнх бол бүр ч онцгой. Яг л амьдралын баяр баясал мэт.
-Та түрүүн нүүдэлчин амьдралын хэв маяг хамгийн амар амгалан гэж хэллээ. Хэрвээ боломж олдвол та бидэнтэй адил XXI зуунд нүүдэллэн амьдрах уу?
-Ямар ч эргэлзээгүй. Үнэндээ би дэлхийг тойрч дуусаад том хотын орон сууцанд биш байгальтай ойрхон амьдрахаар шийдсэн. Гэхдээ мэдээж яг нүүдэлчин хэв маягтай амьдрах боломжгүй л байх. Учир нь би мал хариулж чадахгүй шүү дээ. Хэрвээ нүүдэлчин амьдралын замыг сонгох юм бол хамгийн түрүүнд өөртөө усанд орох аргыг нээж олох болно/Инээв/. Учир нь миний хувьд усанд орох их чухал.
-Би өмнө нь олон аялагчтай уулзаж байсан. Хараад байхад тэд хэдий чинээ хол явж, олон газарт хүрч, шинэ шинэ зүйлсийг туршлагаараа туулах тусмаа энгийн амьдралын хэв маягийг эрэлхийлдэг юм шиг санагддаг. Хуульч явсан Грегори аялагч болоод энэ тал дээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Миний бодлоор хүмүүс өөрсдийн тав тухтай орчин буюу “comfort zone”-д амьдардаг. Хэрвээ чи өөрийн тав тухтай орчноосоо гарах юм бол тэр бүхэн тийм ч чухал биш болохыг ойлгоно.
Ихэнх хүмүүс, би ч гэсэн өөрийн гэсэн тусдаа өрөөтэй, тухлаг, өдөр бүр халуун усанд орж болохуйц сууцанд өссөн. Чи гэртээ өдөр бүр сайхан хоол идэж чадна. Харин одоо бол би ихэвчлэн жижиг майханд, хатуу гудас дээр хонож байгаа ч надад энэ бүхэн маш тухтай санагддаг. Эргээд харахаар тав тухын тухай миний ойлголт тэр чигтээ өөрчлөгдсөн байгаа юм. Амьдалыг үзэх үзэл маань өөрчлөгдөхийн хэрээр гэх юм уу даа.
Тийм ээ, надад ч гэсэн аялагч нар олон газраар явахынхаа хэрээр бага зүйлийг хүсдэг болдог шиг санагддаг. Тэдний зарим нь гэртээ эргэж очоод хуучин бүхэн нь ямар ч хэрэггүй, утгагүй мэт санагддаг. Жишээ нь би хамгийн сүүлд Бразилд буцаж очоод өрөөндөө байсан бүх хувцсаа авч гараад зах дээр очоод хэрэгтэй хүмүүст нь өгчихсөн. Учир нь надад тийм их зүйл хэрэггүй мэт санагдсан. Би өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байна. Одоо надад эх оронд минь ганцхан хаалгатай жижиг байшин байхад л болно.
Нэг талдаа өөрт байсан бүх дарамтаа үгүй хийхэд энэ бүхэн надад маш их тусалсан. Өмнө нь надад нэлээдгүй ачаа байсан. Би тэр бүгдийг заавал хийх албагүй л дээ. Гэхдээ л тэгэхгүй бол болохгүй юм шиг, ямар нэгэн зүйлийн нэг хэсэг байхгүй л бол хэн ч биш юм шиг санагддаг байсан. Харин одоо бол би өөрөө өөртөө л эзэн. Надад байгаа бүхэн минь, миний үзэж харсан бүхэн минь л миний хамгийн үнэтэй зүйлс.
-Тэгэхээр та илүү бие даасан бас эрх чөлөөтэй хүн болжээ?
-Тийм ээ, гэхдээ би 16 нааснаасаа эхэлж ажил хийж эхэлсэн. Их сургуулийн төлбөрөө ч өөрөө хийсэн. Үеийнхээ залуусыг бодвол Бразилдаа нэлээд бие даасан байсан. Бас гэхдээ би өөрийн эх орондоо байгаа шүү дээ. Ядаж л би Португали хэлээрэй бүх хүнтэй ойлголцож чадна.
Харин өөр улс оронд явах тэс өөр. Наад зах нь чи аялж буй тухайн орныхоо ард түмэнтэй ойлголцож чадахгүй. Тэгээд өөртөө хоол бэлтгэх шаардлага гарна. Үүнд суралцахаас өөр арга зам байхгүй. Өдөр бүр ресторанд хоол идээд байж чадахгүй шүү дээ. Заримдаа буудаллаж болох газар хол бол байгаа газраа л хоноглох хэрэг гарна. Тэгэхээр өдөр бүр л би шийдвэр гаргана. Заримдаа хүмүүс ирээд зүгээр л тусалдаг. Эсвэл гэртээ оруулж хоноголуулдаг. Тэр бүхэнд чин сэтгэлээсээ талархаж сурна.
Өглөө бүр сэрэхдээ өмнө нь огт туулж байгаагүй шинэ туршлага, адал явдалтай учрах болно. Очсон газар бүрдээ шинэ амтыг мэдэрч гайхалтай хоолнууд амтлах болно. Тэр бүрд миний хэл өөр өөр мэдрэмж авна. Хэрвээ би өдөр тутмын хэвийн амьдралтай байсан бол хэзээ ч энэ бүхэнд талархалтай хандахгүй байсан.
-Та ер нь хэр сүсэг бишрэлтэй хүн бэ, ямар шашин шүтлэгтэй вэ, учир нь олон газраар явсан хүн шүү дээ, асуухгүй байж болохгүй байх?
-Тэгэхээр би Католик гэр бүлд өсөж, Католик сүмийн дэргэдэх сургуульд хүмүүжиж, төгссөн. Арван жилийн өмнөөс эхлэн Буддизмийг судалж, суралцаж эхэлсэн. Аялж байх хугацаандаа Тайланд, Төв Америк зэрэг газруудад хэд хэдэн удаа бясалгал болон буддизмийн талаар гүнзгий судлах боломж олдсон. Яг ч өөрийгөө шүтлэгтэй хүн гэж хэлж чадахгүйн. Гэхдээ хамгийн ойр гэвэл өөрийгөө буддист гэж хэлнэ.
-Учир нь олон аялагч будда шиг амьдралын утга учрийг өөрийнхөөрөө хайж байна гэж надад хэлж байсан юм л даа.
-Би буддизмийн талаар маш олон ном уншсан. Ер нь уг шашны философи нь маш сэтгэл татмаар. Жишээ нь Будда өөрөө ая тухтай амьдрал буюу “comfort zone”-оо орхиод амьдралын утга учрыг өөрийнхөөрөө хайх аялалд гарсан. Тиймээс түүний үлдээсэн сургаалыг талархан хүлээн авах хэрэгтэй.
Би Буддагаас нэг л зүйлийг сайтар ойлгосон. Тэр нэг газраа байхыг хүсээгүй. Маш олон төрлийн амьдралаар амьдарч үзэхийг хүссэн. Тэгж байж л жинхэнэ хүсээд байгаа өөрийн тэр амар амгалан амьдралын хэв маягийг олж авсан. Өөрөөр хэлбэл чи өөр амьдралаар амьдарч үзэхгүй л бол яг одоогийн амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун байна уу, үгүй юу гэдгээ мэдэхгүй. Учир нь чамд харьцуулах өөр жишээ байхгүй. Сайн, мууг нь ч ялгаж чадахгүй.
Миний хувьд аялж байх хугацаандаа тухайн ард түмэнтэй аль болох ижил хэв маягаар амьдарч хамгийн сайхан, аз жаргалыг нь л мэдрэхийг хүсэж байна. Хэрвээ надад таалагдахгүй бол би өөрийн хүссэнээрээ амьдарч чадна.
-Та тэгвэл өөрчлөлтийг хийхээс эмээдэггүй байх нь. Тэгвэл өөрчлөлт хийхийг хүсэж байгаа ч одоогийн нөхцөл байдалдаа гацчихсан байгаа хүмүүст ямар санагдаж байгаа бол. Тэдэнд юу гэж хэлэх вэ?
-Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө амьдралын юунд сэтгэл дундуур байна вэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Тэгээд юуг хүсэж байгаагаа ойлгох нь чухал. Хэрвээ олж чадвал аль чадахаараа хурдан өөрчлөлт хийх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Шинэ амьдралаа эхлүүлэх тодорхой хугацаа ч товлож болно.
Жишээ нь миний хувьд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ амьдралаа эхлүүлж, одоогийн энэ замдаа эргэлт буцалтгүй орсон. Шинэ жилийн орой шүү дээ. Шинэ жил гэдэг бол номоор бол шинэ бүлэг эхэлж байгаатай ижил гэж би боддог. Тиймээс өөрийн амьдралын шинэ хуудсыг эхлүүлж, бүх зүйл сайхан болно гэдэгт л итгэсэн. Бас энэ нь надад таалагдана гэдгийг би мэдэж байсан.
Миний уулзаж байсан олон хүн өөрийн ажилдаа дургүй, илүүдэл жингээ яаж хаях вэ, би амьдарлаа үзэн ядаж байна гэж надад хэлдэг. Харин би зүгээр л үүнийгээ үнэхээр өөрчлөхийг хүсэж байвал ямар нэгэн зүйл хий гэж зөвлөдөг. Зүгээр хэн нэгэнд яриад байхын оронд ажил чинь таалагдахгүй, цагаа үрж байгаа юм шиг санагдаад байвал өөр ажил хийгээд үз. Магадгүй чамд таалагдана. Үгүй бол ахиад л өөр ажилд орчих. Хэрвээ турмаар байвал фитнессд яв. Мөнгө үрмээргүй бол өөрөө ч дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлдэг.
Ингэж хэлэх нь амархан л даа. Гэхдээ тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавиад бодоод үзвэл тэд ирээдүйд юу болох бол гэхээс айж байдаг. Тэгэхээр ирээдүй одоо ч гэсэн эргэлзээтэй байна. Магадгүй чи бүтэлгүйтлээ ч өөрийн хүссэн зүйлээ л хийж байсан. Миний бодлоор хүнд хамгийн чухал зүйл нь оюун санааны эрх чөлөө болон түүний тогтвортой байдал юм шиг. Хүн ирээдүйнхээ төлөө санаа зовоод өөрт таалагдахгүй байгаа зүйлтэйгээ эвлэрсээр байвал өөрийгөө хайрцаглаж байгаа хэрэг. Тиймээс оюун санаагаа эрх чөлөөтэй байлгах нь чухал.
- Тийм шүү. Та гэхдээ айдаг уу, ганцаараа аялдаг хүн шүү дээ?
-Тийм ээ, мэдээж би айдаг. Би маш олон зүйлсээс айдаг. Хэрвээ чи огт айхгүй бол өөрийгөө үнэхээр аюултай нөхцөл байдалд оруулна. Гэхдээ би айдсаа зайлшгүй даван гарах ёстой сорилт гэж хардаг. Бид үүнийг давж гарч байж л улам бүр хөгжиж, илүүтэй төлөвших болно.
Ганцаараа аялж байхад үргэлж хоёр сонголт гарч ирдэг. Бууж өгөөд буцах. Эсвэл сорилтыг хүлээж аваад юу ч байсан гэсэн туршиж үзэх. Ганцхан сонголт нь л таныг урагшлуулах болно. Нөгөө талд нь таны зорилго, хүрэхийг, мэдрэхийг хүсэж байгаа урд өмнө нь хэзээ ч харж байгаагүй тэр зүйл чинь байгаа.
Би амьдралдаа хэзээ ч бууж өгч байгаагүй. Үнэхээр шүү. Гэхдээ би Монголд анх удаагаа бууж өгсөн. Учир нь их өндөр уул, хэцүү замтай тулгарсан юм л даа. Тэгээд би буцаж буугаад хэсэг хугацаанд хүлээсэн. Тэгээд ахиад урагшилсан. Харин огт ухраагүй. Тухайн үед үүнийг хийхгүй л бол маш их харамсах юм шиг санагдсан.
-Монголд ирсэнд баярлалаа, манай улсыг сайн сайхнаар дэлхий дахинд сурталчилж өгсөнд тань иргэний хувиар талархах ёстой байх. Та Монголд хийсэн аяллаа товчхон дүгнээч, Учир нь энэ бол бидний ярилцлагын төгсгөл юм л даа.
-Үгүй ээ. Харин ч би Монголчуудад би талархах ёстой. Надад маш их тусалсан. Аялагч хүнийхээ хувьд би энд үнэхээр аз жаргалтай байлаа. Монгол бол миний хувьд хоёр дахь дуртай орон минь болсон. Би анх Монголд ирэхээсээ л өмнө магадгүй миний эхний 10-т орох байх гэж байсан юм. Гэхдээ хоёрт орлоо. Нэгт нь Иран улс байгаа. Хүмүүсийн бодож байгаагаас тэс өөр газар. Тэнд үнэндээ ямар ч террорист байхгүй. Монголчуудтай адил маш олон найрсаг, сайн хүмүүстэй. Амар амгалан, эв нэгдэлтэй ард түмэн.
Монголд хийсэн аяллын хувьд би өөрийгөө огтхон ч жуулчин, аялагч гэж төсөөлөөгүй. Би Монголчуудын нэгэн адил байх гэж хичээсэн. Тэгж ч чадсан. Намайг өөрсдийн нэг адил хүлээн авсан. Мэдээж соёлын ялгаа их байсан ч тааралдсан хүн бүр тусалж байлаа, баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.