Open iToim app
Анализ | 8 мин уншина

Ц.Сарантуяа: Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс алдаатай харагдаж байна

Ц.Сарантуяа: Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс алдаатай харагдаж байна
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 12
МУИС-ийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат хуульч Ц.Сарантуяатай Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал ихээхэн яригдаж байна. Та ярилцлагын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл юунд оршиж байна вэ гэдгийг тайлбарлаж өгч болох уу?
-Үндсэн хууль бүр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Үндсэн хуулийн үнэт зүйл нь эхлээд хүний үнэт төсөөлөл байж улмаар нийгмийн үнэт зүйл болдог. Харин Үндсэн хуульд тусгалаа олсноор түүнийг Үндсэн хуулийн үнэт зүйл гэж нэрлэнэ. Аливаа үнэт зүйл Үндсэн хуульд нэгэнт тусгалаа олсон л бол түүнийг хэрэгжүүлдэг байх нь зохилтой. Тэгэхгүй бол үнэт зүйл биш болно. Жишээ нь, Үндсэн хуульд заасан, төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэсэн заалт өөрөө үнэт зүйлийн нэг юм. Ард түмэн сонгуулийн үр дүнд байгуулагдсан хууль тогтоох байгууллагаар дамжуулан эрхээ эдэлдэг. Гэтэл 2004, 2008, 2016 оны сонгуулиар царцааны нүүдэл гэгч бий болж сонгогчдыг автобусаар хэдэн зуугаар нь аялуулан санал өгүүлж сонгуулийн үр дүнд нөлөөлөх тохиолдол гарсан тухай баримтаар мэдээлж байсан.
Үүнээс үүдэн Монгол Улсад төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг дээрх үнэт зүйл бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй болж байна гэсэн үг. Үүнийг болиулах, таслан зогсооход чиглэсэн хууль тогтоомж, бусад шийдвэр гараагүй, үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгээгүй явж ирсэн атлаа Үндсэн хууль болохгүй байна гэж ярих нь учир дутагдалтай.
Өөр нэг жишээ хэлье. Хүүхдээ түр салхилуулаад явж байсан хүний зургийг авч нялх хүүхдийг шил архиар зарна гээд явж байна гэх ташаа мэдээлэл цахим сүлжээгээр тараасан, мөн дунд сургуулийн нэгэн охины нүцгэн зургийг олон нийтэд дэлгэснээс охин амиа хорлох дээр тулж байсан, ДОХ-той гэж гүтгүүлсэн иргэн сэтгэл зүйн дарамтад орж амиа хорлосон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Монгол Улсад цахим орчин нийтийн хэрэглээ болоод 20 орчим жил болж байхад цахим орчинд хүний нэр төр, алдар хүнд, үнэлэмжийг хэрхэн яаж хамгаалах талаар шийдвэр гаргаагүй л байна. Үүнийг хууль тогтоогчийн эс үйлдэхүй гэж хэлж болно.
Төр нь хүний нэр төр, алдар хүнд, үнэлэмжийг хамгаалах, хүндэтгэх үүрэг хүлээнэ, иймд энэ үнэт зүйлийг ч мөрдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргаж байх нь зохилтой. Түүнээс бус Үндсэн хууль нь хүн нэг бүрийн өдөр тутмын амьдралд хүртээл багатай, хамааралгүй, зөвхөн төрийн зарим байгууллагын бүтэц, эрх үүрэг тогтоохыг чухалчилдаг, түүнийг нь хүсвэл хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхгүй ч байж болдог хийсвэр хууль байж хэрхэвч таарахгүй, тийм ч зориулалтгүй.
Үндсэн хууль ба иргэдийн аж амьдрал нь хоёр тусдаа салангид үзэгдэл биш, иймд өдөр тутмын бодит байдалд үндсэн хуулийн үнэт зүйлийг хэрэгжүүлснээр иргэнд эерэг нөлөө үзүүлэх боломжийг төр хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл төр Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй. Үндсэн хуульд нэгэнт заасан үнэт зүйлийг бодит байдалд хэрэгжүүлэх бодлого баримталж, энэ чиглэлд алхам хийснээр уг хуулийн нөөцийг иргэдэд бүрэн зориулах боломж нээгдэнэ.          
-Нийгэм өөрчлөгдөж байгаа нь Үндсэн хуулиа өөрчлөх гол шалтгаан болоод байна уу, эсвэл өөр шалтгаан байна гэж харж байна уу?
-Нэмэлт, өөрчлөлт нэг талаас төрийн ажлыг илүү сайжруулах зорилготой мэт боловч зарим нь Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс алдаатай харагдаж байна. Жишээ нь, Үндсэн хуульд гишүүдийн тоо зааж орсон хоёрхон байгууллага нь Улсын Их Хурал болон Үндсэн хуулийн цэц юм. Энэ хоёр нь Ерөнхийлөгч, Засгийн газрын адил төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог. Чухамхүү энэ л шалгуураар Үндсэн хуулийн эрх зүйн ухаанд тэдгээрийг үндсэн хуулийн байгууллага гэж ангилдаг. Манай төрийн тогтолцоонд ийм дөрвөн л байгууллага байна. Ийм ч учраас Үндсэн хуульд нэр нь орсон, дурдагдсан байгууллага болгон энэ ангилалд хамаарахгүй.
Ер нь прокурорын байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, шүүхийн захиргааны байгууллагыг Үндсэн хуульд зааж болох боловч тэдгээр нь Үндсэн хуулийн байгууллагын ангилалд хамаарахгүй. Иймд эдгээрт ажиллагсдын тоо, бүтэц бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заах үндсэн хуулийн эрх зүйн битгий хэл, ёс төдий ч шаардлага байдаггүй. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийг ажиллах нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй захиргааны чухал байгууллага, гэхдээ төрийн бие даасан эрх мэдэл биш. Шүүхгүй бол шүүхийн захиргаа гэж байхгүй. Түүнийг байгуулах журмыг Үндсэн хуулиар биш, Шүүхийн захиргааны тухай хуулиар зохицуулах нь зохилтой. Гэтэл энэхүү асуудлыг Үндсэн хуулиар зохицуулахаар болж байгааг нэмэлт, өөрчлөлтөөс харж болно. Эдгээр байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж болох боловч түүнийг Үндсэн хуульд тусгаснаар илүү чадварлаг, шударга ажиллана гэсэн баталгаа бүрдэхгүй, энэ нь бие даасан хуулиар зохицуулагдах хэмжээний асуудал юм.       
УИХ-ын зарим гишүүн чуулган, байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хүрэлцэн ирж оролцох бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй жишээ яригдаж иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан тохиолдол гарсан. Улсын Их Хурлын зарим гишүүний ажил үүрэгтээ хандсан байдалд Үндсэн хуулиа тохируулан тэдгээрийг эгүүлэн татдаг болох асуудлыг оруулж ирэх нь хамгийн оновчтой шийдэл биш. Эгүүлэн татах нь императив мандатын үед хэрэгждэг. Харин чөлөөт мандатын үед парламентын гишүүн тодорхой тооны сонгогчийг биш, нийт ард түмнийг төлөөлдөг, ажлынхаа талаар сонгогчиддоо мэдээлэл өгөх боловч тогтмол хариуцан тайлагнах үүрэг хүлээхгүй, түүнийг эгүүлэн татах боломжгүй. Императив мандат манайд 1992 оны Үндсэн хуулиас өмнө хэрэгжих боломжтой байсныг болиулж чөлөөт мандатыг нэвтрүүлсэн. Одоо буцаах нь нэг ёсны ухралт юм. Үүний оронд Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн үүргээ ямар байдлаар биелүүлээгүй тохиолдолд шат дараалсан ямар төрлийн хариуцлагыг хэн хүлээлгэхийг зааж үүнийгээ гол нь хэрэгжүүлдэг байх нь үр нөлөө өгнө гэж үздэг.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийнхийг сулруулна гэж ярьж байна.  Та үүнтэй хэр санал нийлэх үү, нийлэхгүй юү. Яагаад?
-Монгол Улсад 1992 оноос хойш Засгийн газрыг огцруулах асуудал олон удаа хөндөгдсөн. Засгийн газар тогтвортой ажиллах, иргэдийн аж амьдрал баталгаатай байх, төрийн бодлого тогтвортой хэрэгжих нь чухал. Энэ талаас нь харвал нэгэнт томилсон Засгийн газрыг ажиллах бололцоогоор хангаж байх ёстой юм. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийг томилох, өөрчлөх, огцруулах эрхтэй байгаа нь уг тотвортой байдлыг алдагдуулах, парламентын эрх хэмжээг хэтрүүлэх, Засгийн газрыг кабинетын зарчмаар ажиллах нөхцөлийг хаах үндэс суурь бүрдүүлдэг. Үндсэн хуулийн заалтаас болж Улсын Их Хурал нь Засгийн газрыг огцруулаад байх үүрэг хүлээдэг гэсэн үг биш. 
Парламентын засаглал сонгодог утгаар хэрэгждэг улсад Ерөнхийлөгч нь билэгдлийн шинжтэй, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Мөн сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдаар сонгогдож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг зүй тогтол харагддаг. Үүнийг Үндсэн хуульд заах шаардлага байхгүй гэж үздэг, нэгэнт зүй тогтол учраас. Иймд ямар намын бодлогыг ард түмэн сонгосон байна, түүнийг хэрэгжүүлэх боломжийг нь Засгийн газарт олгох ёстой.      
-Жил ч хүрэхгүй хугацаанд Засгийн газраа огцруулдаг засаглалын тогтворгүй байдлын буруутан нь Үндсэн хууль юм уу. Бурууг нь Үндсэн хууль руу чихээд өөрчлөх гээд  байгаа хандлага гараад байгаа шүү дээ. Энэ хэр зөв юм бэ?
-Уг шалтгаан нь Үндсэн хуульдаа биш байх. Ашиг сонирхлын зөрчил, талцал, намчирхал, эв түнжингүй байдал манай төрийн тогтвортой байдалд сөрөгөөр нөлөөлдөг. Засгийн газар ажлаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнах ёстой болов ч  дээр хэлсэнчлэн, Үндсэн хууль нь Улсын Их Хуралд Засгийн газрыг огцруулаад байх үүрэг хүлээлгээгүй.   
-Хуулийн бүрэн хүчин чадлыг дайчлахгүй байгаа нь тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа хүн, тогтолцоо эсвэл өөр хүчин зүйлд байна уу?
-Тодорхой нэг асуудалд тухайн салбарын, шинжлэх ухааны нэгдсэн байр сууринаас хандахаас илүү өөрийн хувийн үзэл бодлоор хандаж ярих, үүнээс болж олон түмэн төөрөгдөх, хэнд нь итгэхээ мэдэхгүй болох, улмаар хуулийг, эрх зүйг үгүйсгэх үзэл газар авах хандлага гардаг. Тухайлбал амьд явах эрх, цаазаар авах ял, олон улсын гэрээний хүчин чадал, түүнд нэгдэн орох асуудал зэрэг эдүгээ удаа дараа яригдаад байгаа зүйл нь л гэхэд хууль зүйн холбогдох шинжлэх ухаан, хэм хэмжээгээр хэдийнээ нэгэнт тодорхой зохицуулагдсан байдаг. Гэтэл үүнийг хангалттай судлахгүйгээр энгийн ухамсрын түвшинд олон янзаар тайлбарлаж, ярьж, төөрөгдүүлж байх жишээтэй. Иймд аливаа асуудлаар нэгдсэн, зөв буюу стандартад нийцсэн ойлголт, байр суурь тогтоогүй цагт сайн хууль хийнэ, оновчтой, зөрчилгүй шийдвэр гаргана гэвэл хэцүү. Сайн хуультай улсаас жишээ авсан ч энэ нь өөр бусад хуультайгаа зөрчилдөх, мөн асуудлыг дутуу ойлгосноос өөрийн хууль тогтоомжид буруу тусгах тохиолдол гарч болдог. Энэ бүхэн нь нийгмийн хөгжилд асар их саад учруулж гацаах аюултай.        
-Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтийн үеэр “Системийн шинэчлэлд уриалж байна” гэдгээ илэрхийлсэн. Зарим хуульч Ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг уриалсан гэж ярьж байна. Таны хувьд Ерөнхийлөгчийн уриалгыг аль талаас нь харав?
-Намрын Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дуулдаагүй. Гэхдээ системийн шинэчлэл гэдэгт одоо байгаа системийг өөрчлөх, солих санаа ойлгогдсон. Манай улс 1992 онд парламентын засаглалыг сонгохдоо өвөрмөц зохицуулалт хийсэн юм. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх хувилбар хэлэлцүүлэхэд ард түмэн: Ерөнхийлөгчөө бид өөрсдөө сонгодог байя. Ямар Ерөнхийлөгчтэй байхаа ард түмэн мэддэг байя гэх санаа хүчтэй гарсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн засаг тогтоохгүйн тулд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог боловч Засгийн газрыг тэргүүлэхгүй байх хувилбарыг Үндсэн хуульдаа тусгасан. Ингэснээр нэг талаасаа ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлсэн. Нөгөө талдаа парламентын засаглалыг авч хадгалах алхам хийсэн.
Ер нь хүн төрөлхтөн парламентын ардчиллыг бусдаас шилдэгт тооцдог. Парламентын засаглал бүхий төрөө бүрэн утгаар нь ажиллуулаагүй, үр шимийг нь хүртээгүй байж огт танил биш, Монголын хөрсөн дээр хэзээ ч байгаагүй ерөнхийлөгчийн засаглалыг нэвтрүүлнэ гэдэг нь бүгдийг тэгээс эхэлнэ гэдэгтэй утга нэг. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг бол хэлэлцэхгүй шийдэх нь эргэлзээтэй. Тиймээс л 1992 оны Үндсэн хууль тогтоогчид парламентын засаглалыг сонгосон байдаг.
-Ер нь Үндсэн хууль өөрчлөх шаардлага нь нийгмийн хөгжлөө дагадаг юм уу, эсвэл хүний язгуурын эрхийн зөрчлүүдээс үүддэг юм уу?
-Үндсэн хууль нь нийгмийнхээ хөгжлийг дагаж өөрчлөгдөж болно. Гэхдээ эдүгээ цагт үзэл баримтлал буюу концепцын, үнэт зүйлийн өөрчлөлт хийх шаардлага байхгүй байна. Учир нь, Монгол Улс ардчилсан чөлөөт эрх зүйт төр. Энэ үнэт зүйлийг хүн төрөлхтөн олон зуун жилийн тэмцлийн үр дүнд олж авсан байдаг. Үүнийхээ хүрээнд хөгжиж гэмээж нь бусад улстай эн зэрэгцэх, бүс нутагтаа эсвэл хөгжиж буй бусад улсад үлгэр жишээ улс болох, хойч ирээдүйдээ үр шимийг нь өвлүүлэх боломжтой юм.
-Ярилцсанд баярлалаа.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн