Монголын хоолзүй судлалын холбооны тэргүүн, АШУҮС-ийн шим судлалын тэнхимийн зөвлөх, дэд профессор Ц.Сонинхишигтэй ярилцлаа. Бидний яриа хүний биед тустай, хоол боловсруулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг хүнсний эслэгийн талаар өрнөлөө.
-Иргэд хүнсний эслэгийг өдөр тутамдаа заавал хэрэглэх ёстой юу. Ер нь эслэг хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй бүтээгдэхүүн бэ?
-Хүнсэнд агуулагдах шимт бодис гэж бид ярьдаг. Үүнд, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гэх мэт багтана. Мөн үүнд хүнсний эслэг гэсэн бүлэг бий. Хүнсний эслэг шимт бодисын ангилалд хамаарагдах болсон нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Эслэг нь нүүрс усны бодисын бүлэгт хамаардаг. Ганц ялгаатай чанар бол эслэг хүний биед задарч боловсордоггүй. Бид гурил, будаагаа идээд нүүрс ус авч, үүнийхээ тусламжтайгаар амьд оршин тогтнох энергийн эх үүсвэрийг авдаг. Харин эслэг боловсрогддоггүй хэрнээ хүний биед яагаад хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч байгаа биз. Эслэг нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь олон тооны олон улсын судалгаагаар нотлогдсон. Нэгд, зүрх судсыг эрүүл байлгахад эслэг чухал үүрэгтэй. Зүрх судасны өвчин нь цусан дахь өөх тос, холестерины хэмжээ ихэссэнээс үүдэлтэй. Мөн судас хатуурч, даралт ихсэх нь өөх тосны хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Тэгвэл хоолондоо эслэг агуулсан хүнс хэрэглэснээр хүний биед өөх тос, холестериний сөрөг талыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, хүний идсэн өөх, тосыг бүгдийг биед шингээхгүй, заримыг шингээснээр өөх тосны шимэгдэлтийг сайжруулж, зохицуулдаг гэсэн үг. Бидний бие махбодь усан орчин шүү дээ. Усан орчинд эслэг нь цэлцэгнэсэн, хөөсөн байдлыг үүсгэдэг. Энэ орчиндоо өөх тос, бусад металийг нэгдүүлж, ялгадсаар гаргах үйл явцыг гүйцэтгэдэг. Эслэг нь цэлцэгнүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг учраас өтгөнийг биежүүлэхэд чухал үүрэгтэй. Хоол идсэний дараа хоолны үлдэгдэл бүдүүн гэдсэнд ялгадас болдог. Ямар хоол идсэнээс шалтгаалж, өтгөний биет байдал янз бүр байдаг. Монголчууд голдуу мах, гуриланд суурилсан хооллолттой учраас өтгөн хаталт ихтэй. Дээр нь, хүнсний эслэг маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Эслэг нь гэдэсний хананд даралт үзүүлж, гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайн байснаар өтгөн ойр ойрхон гарна, харин хатна гэсэн асуудал үүсдэггүй.
-Хүнсний эслэг нь ямар бүтээгдэхүүнд хамгийн их агуулагддаг юм бэ. Өдөрт авах хэвийн хэмжээ гэж байдаг уу?
-Эслэгийг зөвхөн ургамлын гаралтай хүнснээс авна. Амьтны гаралтай хүнсэнд эслэг гэж байхгүй. Сүү, тараг, мах, уураг, өөх тосонд байхгүй гэсэн үг. Ургамлын гаралтай буюу хүнсний ногоо, жимс жимсгэнэд илүү агуулагдаг. Эслэгээр хамгийн баялаг, өндөр агуулгатай хүнс бол шош, буурцаг. Бие махбодио эрүүл байлгахад шаардлагатай эслэгийн хэмжээг 1000 к/калори тутамд 15 грамм гэж тогтоосон. Насанд хүрсэн хүн өдөрт 2000 к/калори илчлэг авах ёстой гэж үзвэл өдөрт 30 грамм эслэг хэрэглэх нь. Нэгж хэрэглээндээ нэг хоногийн эслэгийн хэрэгцээний 20 хувиас дээш агуулсан хүнсийг эслэг өндөртэй гэж үздэг. Жишээ нь, хагас аяга шош буурцаг идлээ гэхэд 8-9 грамм буюу хоногийн хэрэгцээний 30-40 хувийг авч байна гэсэн үг. Гэтэл монголчууд өдөр тутамдаа шош, буурцаг тэр бүр хэрэглэдэггүй. Хүнсний ногооны хувьд лууван, байцаанд тодорхой хэмжээний эслэг агуулдаг. Хагас аяга лууван байцаа идэхэд 2-3 грамм эслэг авна. Алим, гадил бага зэргийн эслэгтэй. Сүүлийн үед хүмүүс бүхэл үрийн гурил, хэвэг их хэрэглэж байна. Энэ нь эслэгийн сайн эх үүсвэр болдог. Жишээ нь, бүхэл үрийн гурилаар хийсэн талхнаас хоёр зүсмийг идэхэд нэг ширхэг гадил идсэнтэй тэнцэх хэмжээний эслэг авдаг.
-Монголчуудын хувьд эслэгээ зохистой хэмжээгээр хоол хүнснээсээ авч чадаж байна уу. Энэ талаар судалгаа байдаг уу?
-Монголчуудын эслэгийн хэрэглээтэй холбоотой хэд хэдэн судалгаа бий. 2013 онд ШУТИС-иас хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгааг хийсэн. Уг судалгаагаар Монголын насанд хүрсэн хүмүүсийн эслэгийн хэрэглээ дунджаар 7 грамм байсан. Уг нь насанд хүрсэн хүн хоногт дунджаар 30 граммын эслэг авч байх ёстой. Тэгэхээр монголчуудын хувьд эслэгийн хэрэглээ маш бага байгаа юм. Тэгэхээр хангалттай хэмжээгээр эслэгээ авч чадахгүй, бичил биетний зохистой харьцаа алдагдаж байна гэж үзэх үндэслэлтэй.
-Сүүлийн үед анагаахын шинжлэх ухаан, эрүүл хооллолттой холбоотойгоор бичил биетийн зохистой харьцаа гэдэг ойлголтыг ярих болсон. Тэгэхээр эслэгийн хэмжээ үүнтэй холбоотой байх нь ээ?
-Хүн бүрийн гэдсэнд бичил биетүүд амьдардаг. Сүүлийн үеийн судалгаагаар гэдэсний бичил биетийн орчин эрүүл байх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Ер нь бүхий л өвчний эхлэл гэдэсний орчинтой ихээхэн хамааралтай. Эслэг нь гэдэсний бичил биетүүдийн тэжээл болдог. Эслэг нь задардаг бүтээгдэхүүн биш ч хүний гэдсэнд ороод бичил биетүүдийг задалж чаддагаараа давуу талтай юм. Хүний эрүүл мэндийг дэмжсэн бичил биетүүдийг задалдаг гэсэн үг. Жишээ нь, мах их хэрэглэж, түүнээс болж үүссэн үлдэгдэл хоолыг гэдэсний бичил биетүүдээр задлахад маш их ялзрал явагддаг. Ялзрал нь гэдсэнд хортой бодисууд үүсгэдэг. Энэ нь цаашлаад цусанд шингэж, хор болох аюултай. Харин зохистой хэмжээгээр нь эслэг хэрэглэвэл ялзралыг биш, гэдэсний орчныг эрүүл байлгах бактериудыг дэмждэг. Тэгэхээр эслэг нь зөвхөн зүрх судаснаас гадна хоол боловсруулах зам, биеийг эрүүл байлгахад ач холбогдолтой.
Гэдэсний ашигтай бичил биетний харьцааг барих нь маш чухал. Дээх нь үед монголчууд эслэг хэрэглэхгүй болоод байсан шүү дээ хүмүүс ярина. Тэр үед хүмүүс улирлын чанартай хүнс хэрэглэж, ургамал ногоогоор хооллодог байсан. Мөн исгэлэн цагаан идээ ихээр хэрэглэдэг байсан. Исгэлэн бүтээгдэхүүнээр дамжиж гэдсэн дэх ашигтай бактери нөхөн төлжиж байдаг. Харин өнөөдөр цагаан идээний хэрэглээ багасч, эслэг хангалттай хэмжээгээр авахгүйгээс гэдэсний орчин алдагдаж байна. Гэдэсний орчин алдагдсанаас янз бүрийн өвчин үүсдэг.
-Хүн амын дунд өтгөн хатах асуудал хурцаар яригдах болсон. Эм, бэлдмэл хэрэглэж өтгөнөө гаргадаг хүмүүс ч бий. Энэ нь нэг талаараа эслэгийн хэмжээ багассан, бичил биетийн тэнцвэртэй орчин алдагдсантай холбоотой юу?
-Монголчуудын хувьд бага наснаас л өтгөн хатах асуудал үүсдэг. Өтгөн хаталтаас болж гэдэсний хана руу ялгадас нь цүлхийгээд орчихдог. Тэндээ удаан хуримтлагдаад байвал үрэвсэж, маш хүнд байдалд оруулдаг. Тэгэхээр эслэг нь цүлхэн үүсгэхээс сэргийлнэ. Нөгөө талд эслэг хэтрүүлэн хэрэглэвэл мөн өтгөн хатдаг. Учир нь эслэг ус их шаардаж, хөөдөг. Эслэгийн хэрэглээтэй уялдуулан шингэн сайн уухгүй бол эргээд өтгөн хатах эрсдэлтэй. Аливаа зүйлийг зохистой хэмжээгээр нь хэрэглэх нь зүйтэй.
-Хүний биед эслэг зохистой хэмжээнд байснаар гэдэсний ашигтай бактерийг өдөөж өгдөг гэсэн үг үү?
-Яг зөв. Эслэг нь хүний хоол биш, бактерийн хоол юм. Янз бүрийн хор гэдэснээс шимэгдээд цусаар тарснаар өвчлөл үүсэх, үрэвслийн голомт болдог. Тиймээс гэдсээ эрүүл байлгавал янз бүрийн өвчин тусахаас сэргийлнэ гэсэн үг. Ингэхийн тулд бактериудын тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй. Мөн эслэг ихтэй хүнс, эсвэл исгэлэн цагаан идээ хэрэглэж байх нь зөв.
Хоол зүйн шинжлэх ухаан эслэгийн хэрэглээг маш олон талаас нь судалсан байдаг. Зүрх судас, цөс эрүүл байх, мөн саахарыг тогтвортой байлгах, жин барихад ач холбогдолтой гэдгийг тогтоосон.
-Зарим хүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн байхгүй болчлоо гэдэг. Энэ нь нэг талаараа эслэгийн дутагдалд орсонтой холбоотой юу?
-Гэдэсний хананд тодорхой хэмжээний шахаа үүсэхээр гэдэс хариу урвалаар гүрвэлздэг. Даралт үүсэхээр гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг гэсэн үг. Эслэг нь хоол боловсруулах замд устай нэгдэж, хөөрөөд зөөлөн масс болчихдог. Энэ үед гэдэсний хананд даралт үүсч, гүрвэлзэх хөдөлгөөн явагддаг. Жишээ нь, сургуулийн насны хүүхдүүдэд тодорхой эслэгийн агууламжтай хоолыг хоёр долоо хоног өгөхөд өтгөний гаралт нь 60 хувиар нэмэгдсэн.
Эслэгийг уусдаг, уусдаггүй гэж хоёр ангилдаг. Уусдаг гэдэг нь хүний бие усан орчин болохоор биед уусаж, гэдэсний орчинд бактериудыг сайн задалж, богино хэлхээтэй тосны хүчлүүд үүсдэг. Уусдаг эслэг нь хүнд тодорхой хэмжээгээр ичлэг өгдөг. Энэ нь өөрөө гэдэсний эд эсийг эрүүл байлгах, гэдэсний дулааныг хадгалж, хэвийн орчныг хамгаалдаг.
-Зарим хүн маш олон хоног хүндээр бие засдаггүй гэдэг. Энэ асуудал удаан хугацаанд үргэлжилбэл ямар эрсдэлтэй вэ?
-Маш эрсдэлтэй. Хүний идэж уусан хоол хүнсний үлдэгдэл гэдсэнд олон хоног хуримтлагдсанаас ялзрал явагддаг. Ялзрал нь хүний цусанд шингэж, бие мах бодиор тарна. Хүний цус бүх эд эрхтнийг тэжээдэг тул бие өвчлөх, үрэвсэл үүсэх шалтгаан болно. Үүнийгээ хоргүйжүүлэх гэж элэг маш ачаалалтай ажиллана, эрхтэн тогтолцоонд ачаалал өгнө. Өтгөн биед удаан хуримтлагдсанаар янз бүрийн цүлхэн үүсч, үрэвслийн голомт, цаашлаад бүдүүн гэдэсний хавдар үүсэх ч шалтгаан болох эрсдэлтэй.
-Эцэст нь та уншигчдад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сүүлийн үед ундаа, ус, жүүсийг хүний эрүү мэндэд тустай, нэмэлтээр баяжуулдаг болсон байна. Ус гэхэд л эрдэстэй, шүлтлэгтэй үйлдвэрлэгддэг болсон. Тэгэхээр эслэгийн хэрэглээ багатай хүмүүс нэмэлтээр нөхөж болно. Гэхдээ эслэгээр баялаг хүнс хэрэглэх, эсвэл нэмэлт хүнс хэрэглэх хоёрт ялгаа бий. Нэмэлт бэлдмэл нь тодорхой шим тэжээлийг л агуулна. Эслэгээр баялаг хүнс гэдэг нь жимс ногоо, амин дэм, эрдсийг баланстай харьцаагаар авдаг. Эслэгээр баялаг хүнс хэрэглэх нь эрүүл хооллолтын нэг алхам. Бэлдмэл бол хязгаарлагдмал. Хоол хүнснээсээ авах нь илүү эрүүл. Жишээ нь, гурил сонгогдохдоо бүхэл үрийн гурил хэрэглэх. Байнга биш юмаа гэхэд долоо хоногт хоёр удаа хэрэглэж, бага багаар эрүүл хооллолт руу орох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Зарим хүнсэнд агуулагдах эслэгийн хэмжээг дурдвал:
• Улаан буудайн хивэг (1/2 аяга нь 8.8гр)
• Улаан,цагаан, ногоон, хар шош (1/2 аяга нь 7.5- 8.5гр)
• Шар буурцаг (1/2 аяга нь 5.2 гр)
• Хөх тарианы талх,жигнэмэл (2 зүсэм/ширхэг нь 5.0 гр)
• Хальстай жигнэсэн амтат төмс (1 ширхэгт 4.8 гр)
• Лийр (1 ширхэг лийр 4.3-4.4 гр)
• Ногоон вандуй(1/2 аяга нь 4.4 гр)
• Бүхэл үрийн талх(2 ширхэг зүсэмд 4.4 гр)
• Бөөрөлзгөнө (1/2 аяга нь 4.0 гр)
• Хар чавга (1/2аяга нь 2 3.8 гр)
• Хатаасан илжгэн чих (1/2 аяга нь 3.7-3.8 гр)
• Овьёосны хивэг (1/2 аяга нь 3.6 гр)
• Хулуу(1/2 аяга нь 3.6 гр)
• Бууцай(1/2 аяга нь 3.5 гр )
• Бүйлс самар (30гр нь 3.3 гр)
• Хальстай алим (1 ширхэг нь 3.3 гр)
• Бүхэл үрийн хэрчсэн гурил (1/2 аяга нь 3.1 гр)
• Гадил/ Жүрж(1 ширхэг нь 3.1 гр)