Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь бидний амьдралын хамгийн чухал ажлын нэг билээ. Гэвч ихэнх маань зорилго, аргаа бодохгүйгээр энэхүү их аяныг эхлүүлдэг. Иймд хүүхдийг бага наснаас нь эхлэн эерэгээр хүмүүжүүлэхийн тулд бид юу хийх шаардлагатай вэ?
Хүүхэд тань тэвчээрийг тань барах үе зөндөө бий, энэ үед та уурлах, хүүхэддээ гар хүрэх, хүч хэрэглэхийн оронд дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй!
1. Манай хүүхэд дутуу сэрэхээрээ нойроо харамлаж уйлдаг. Заримдаа тэвчээр алдаж, загнах, бөгсөн дээр нь алгадах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?
Зөвлөмж: Хүүхэд бүр ялгаатай. Уйлах шалтгаан ч олон янз. Уйлах бол хүүхдийн хэл яриа бөгөөд өөрийгөө илэрхийлж байгаа хэрэг юм. Дутуу унтсанаас, чимээ шуугианаас, өвдсөнөөс заримдаа тунирхсанаас ч уйлдаг. Тиймээс ямар шалтгаанаас уйлж байгааг анхаараарай. Дутуу сэрээд уйлаад байвал дараагийн удаа гүйцэд унтуул. Унтуулах орчин нөхцөл боломжийг бүрдүүлж өг. Зарим томчууд нам тайван орчинд унтдаг бол нөгөө хэсэг нь чимээ шуугиантай орчинд ч тоохгүй унтдаг. Түүнтэй л адил. Энэ бол бидний зан араншингийн онцлог. Уйлж байгаа хүүхдийг тэврэх, асуух, аргадах зэргээр тайвшруулаарай. Тэврэлт бол хүүхдийг тайвшруулах шилдэг аргуудын нэг. Нойроо харамлаж уйлдаг хүүхэд томрохоороо аяндаа зүгээр болно.
2. Хуруугаа хөхдөг хүүхдийг буруу хүмүүжилтэй гэх нь бий. Хуруугаа хөхийг нь яаж болиулах вэ?
Зөвлөмж:Хуруугаа хөхөхийг хүчээр болиулахыг оролдож болохгүй. Загнах, шийтгэх нь хүүхдэд сөргөөр нөлөөлнө. Гурав хүртэл сартайдаа хүүхэд хуруугаа хөхөх дуртай байдаг. 3-4 сартайгаас хөхөх рефлекс бага багаар буурсаар, 6-7 сартайд хуруугаа хөхөхөө аяндаа больдог. Хэрвээ хүүхэд зургаан сараас хойш хуруугаа хөхсөөр байвал энэ нь хөхөх хэрэгцээ шаардлага биш харин өөрийгөө тайвшруулахын улмаас болж байж болно, мөн соосог хөхдөг бол түүнийгээ үгүйлж байж болно. Хүүхдийн сэтгэл санаа хямрах, тав тухгүй байх, аав ээж, гэр бүлийнхнээсээ холдохоос айх, ойр дотнынхондоо хоргодох гэх мэт олон шалтгаанаас хүүхэд хямарч болно.
Удаан хугацаанд хүүхэд хуруугаа хөхөх нь дээд эрүүг урагшлуулж, доод эрүүний өсөлтийг хязгаарлан, хүүхдийн шүд буруу байрлалтай ургахад нөлөөлдөг. Иймд хүүхэд чинь уйдаж байна уу, сонирхолтой тоглоом дутагдаад байна уу, танаар тэврүүлэхийг хүсэж байна уу, тэргэн дээрээ ганцаараа хэт удаан байсан уу зэргийг бодолцож үзээрэй. Хүүхэддээ баяр хөөртэй, аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай орчинг бүрдүүлж, хүүхдээ гадуур тэврэн явж, гадаад орчныг танилцуулж сонирхуулах, анхаарлыг нь илүү шинэ сонирхолтой зүйлд татах хэрэгтэй.
Та хүүхэдтэйгээ элэгсэг хандаж, хүүхэддээ цаг гарган халамжилбал хуруугаа хөхөх зуршил аяндаа л арилна.
3. Хүүхдийг хөхнөөс хэрхэн зөвөөр гаргах вэ?
Зөвлөмж: Нийтлэг тохиолдолд монголчууд хоёр ой хүргээд хөхнөөс нь гаргадаг. Юуны түрүүнд хүүхдээ хөхнөөс гаргах тал дээр аав, ээж, гэр бүлийнхэн санал нэгдэж, хөхнөөс гаргах шалтгаанаа бяцхан үртэйгээ сайн ярилцан тайлбарлаж өгөөрэй. Хүүхэд ухаантай.
Миний хүү /охин/ том болж байгаа, ээж нь ядраад байгаа, ээжийнх нь хөхний толгой өвдөөд байна гэх мэтээр ярилцаж ойлгуулах хэрэгтэй. Хамгийн дуртай, хайртай зүйлийг нь өгөхгүй болохоор хүүхэд сэтгэлээр унадаг, хямардаг. Ээждээ хаягдсан мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хүүхэдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрүүлж, хамт байгаагаа мэдрүүлээрэй. Хүүхдийг хоол сайн идүүлж сургавал хөхнөөс гарах нь илүү хурдан. Ээж та өөрийн үг үйлдлээ хянаарай. Нэг хөхөөд үзэх юм уу гэх мэтээр сануулж болохгүй.
Тэдэнд тайлбарлаж таниулаагүй байж загнах, элдэв гашуун амттай зүйл хөхөндөө түрхэх зэргээр гэнэтийн зүйл битгий хийгээрэй. Та зөөлнөөр, олон арга хэрэглэж, тууштай оролдоод үзээрэй.
4. Манай хүүхэд машины хүүхдийн суудалд суухгүй гээд уйлаад байна. Хэрхэн зөв дадлыг хэвшүүлэх вэ?
Зөвлөмж: Үнэндээ хүүхэд замын хөдөлгөөний дүрэм, гарч болох аюул эрсдэл, үр дагаврын талаар мэдэхгүй. Тиймээс насанд нь тохирсон аргаар тайлбарлаарай. Зураг ашиглах, хүүхэлдэйн кино үзүүлэх, бүр болохгүй бол замын цагдаагийн ажилтнаас тусламж авч тайлбарлуулж болох юм. Та өөрийн тавьдаг шаардлагадаа тууштай байгаарай. Нэг өдөр хамгаалалтын суудалд суулгахгүй өвөр дээрээ суулгаад, толгойгоо цонхоор гаргахад нь юу хэлэхгүй байсан хэр нь маргааш нь бүсээ бүсэл гэвэл хүүхэд үүнийг ойлгохгүй. Эхлээд хориглож байсан зүйлээ дараа нь зөвшөөрвөл хүүхдэд эргэлзээтэй байдал үүсдэг. Дүрэм бол дүрэм, шаардлага бол шаардлага гэдгийг анхнаас нь хүүхэд ойлгоод сурвал та хоёрын хооронд дахин ийм асуудал гарахгүй. Үүнийг гэр бүлийн бүх гишүүн адил дагаж, хэрэгжүүлэх ёстойг мөн сануулъя. Насанд хүрэгчдийн үлгэр дуурайл хамгийн чухал нөлөөтэй. Та өөрөө суудлын бүсээ тогтмол бүсэлж, үлгэрлээрэй.
5. Дэлгүүрт ороод хүссэнээ авахуулах гээд тийчлэн уйлдаг хүүхэдтэйгээ яаж харилцах вэ? Манай хүү хүссэнээ авч байж л салдаг боллоо. Буруу хүмүүжилтэй болж байна гэж санаа зовоод байна, яах вэ?
Зөвлөмж:“Буруу хүмүүжилтэй хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж өвөг дээдэс сургаж ирсэн. Бага насны хүүхдээ дагуулаад дэлгүүрт яваа аав ээжүүд хүүхэд нь гоё харагдсан тоглоом, чихэр авах гэж уйлахад яаж болиулахаа мэдэхгүй байгаа харагддаг.
Дэлгүүрийн маркетингийн алба хүүхдийн харааны түвшинд, гарт ойр тавиурт тэдний сонирхлыг татах өнгө бүрийн чихэр, жимс, тоглоом тавьдаг. Энэ бүгд хүүхдийг яг л соронзон мэт татна. Хүүхэд мөнгөний үнэ цэнийг сайн мэдэхгүй, бас ээж аавыгаа эдийн засгийн хувьд боломжтой, боломжгүйг ойлгохгүй. Хүүхдэд дэлгүүрээс авч болох, болохгүй зүйл, хэрэгтэй, хэрэггүйн талаар тайлбарлан таниулаагүйгээс хүүхэд хүссэнээ авах гэж уйлдаг.
Хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгч биелүүлээд байхаар мөн санасандаа хүрэх гэж
Дэлгүүрт ороод уйлалдахаас өмнө гэртээ байхдаа, тоглоомын талбайд тоглож байхдаа ярьж, ойлгуулж, биеэ хэрхэн авч явдаг талаар зааж сургаарай. Жишээ нь: Ээж нь дэлгүүрт ороод, лангуун дээрээс нь талх авлаа. Талх 1300 төгрөг гэж байна. Миний авч гарсан мөнгө яг таараад, цаана нь өөр мөнгө үлдээгүй учраас зөвхөн талх авлаа. Талхаа аваад худалдагч дээр нь очоод мөнгөө өгч бичүүлээд, мөнгө төлсөн баримтаа авлаа. Дэлгүүрт зөндөө олон хүн дугаарлаж, хүнсээ худалдан авч байна. Ээж нь дугаарын дагуу хүлээгээд, жаахан удлаа гэх мэтээр ярих нь зөв. Энэ ярианаас хүүхэд мөнгө, худалдагч, дугаарлах ёстой юм байна гэх мэт олон зүйлийг ойлгоно.
Ярихдаа дуу хоолойны өнгө, үгийн сонголтод анхаарч тэдэнд ойлгомжтой байдлаар таниулна. Гэртээ дэлгүүрийн худалдагч, худалдан авагч болж, хамтдаа тоглоод бас үзээрэй. Та өөрөө худалдан авагчийн дүрд тоглоод хүүхдийнхээ гаргадаг занг гаргаарай. Үүний дараа хүүхэд тань дэлгүүрт ороод хүссэнээ авах гэж уйлахаа болино. Бид хүүхдийнхээ амьдралын багш нь юм.
Зөвлөмжийг Хүүхдийг Ивээх сангаас бэлтгэв.