Open in the iToim app
avatarIcon

Үйл явдал | 4 мин уншина

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч Ч.Гантулга: Нэмэлт хүч дуудсан, Увсын зарим иргэн санаатай турхирч байна

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч Ч.Гантулга: Нэмэлт хүч дуудсан, Увсын зарим иргэн санаатай турхирч байна
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 5

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Увс аймгийн Өмнөговь сумын зарим иргэн өчигдөр/2022.10.04/ эсэргүүцэж байгаа бичлэг цахим орчинд тархсан билээ. Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Увс аймагт нэлээд асуудал гараад байх шиг байна. Одоогоор нөхцөл байдал ямархуу байгаа юм бэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажил нь дуусаж, газар дээрх гүний өрөмдлөгийн ажил эхлээд явж байна. Томоохон төслийг хийхэд нэг талаасаа санхүүжилт, нөгөө талаасаа бэлтгэл ажлыг бүрэн хангах, барилга угсралтын ажлыг хийхэд техник эдийн засгийн үндэслэлийн/ТЭЗҮ/ дагуу зураг төслийг боловсруулж, ямар нэг алдаагүй хийж гүйцэтгэх ёстой. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумд өнгөрсөн 45 хоногийн хугацаанд есөн байрлалд гүний өрөмдлөг хийж дууслаа. Аравдугаар сарын 3-ны өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн газар нутгаар дамжиж, УЦС-ын далангийн туннелийн ажил хийгдэх байршил дээр  өрөмдлөгийн ажил эхлүүлэх гэж байна. Тус ажлыг хийхэд том өрөмдлөгийн машин орно. Экскаватор, ковш гээд түр ашиглалтын зам тавих машин механизм орох ёстой. Харамсалтай нь, өнөөдөр Өмнөговь сумын Улиаст багийн Шижигтийн хавцал руу тухайн нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн тоног төхөөрөмж болон  мэргэжилтнүүдийг нэвтрүүлсэнгүй. Энэхүү иргэдийн хийж байгаа ажиллагаа нь хууль бус. УЦС-ыг барих газар нутгийг Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээнд авсан газар эзэмших, өмчлөх газрын гэрчилгээгүй иргэд улсын ач холбогдол бүхий, стратегийн томоохон бүтээн байгуулалтыг тодорхой зорилгоор гацааж, үймээн үүсгэх гэж оролдож байгаа нь өнөөдрийн үйлдлээр илт харагдаж байна. Төсөл хэрэгжүүлэгчид, Эрчим хүчний яам, Засгийн газар хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа. Хуулийн хүрээнд гэдэг нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үе шаттай ажиллагаанууд, иргэдтэй хийх уулзалт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, тухайн жилд хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн хүрээнд батлуулж, танилцуулж, зохих шийдвэрүүдийг гаргаж ажилладаг. Тэгэхээр Засгийн газар ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Иргэдтэй өнгөрсөн жил гаруй хугацаанд тохиролцож, уулзалтуудыг зохион байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн. Засгийн газар дөрөвдүгээр сард иргэдийн амьжиргааг доошлуулахгүй, хэвийн байлгах ажлын хүрээнд нөлөөлөлд өртөж байгаа иргэн бүрд нэг удаагийн нөхөн олговор олгох шийдвэр гаргаж, төсөв мөнгийг нь шийдвэрлэж ажиллаж байна. Нэг талаасаа Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдал, тусгаар тогтнол хувь заяаг цааш авч явах төсөл хөтөлбөр хийх гээд байдаг. Гэвч нөгөө талаас иргэд хуулиа үл хүндэтгэн, хэт амин хувийг урдаа тавьж энэ үйлдлийг гаргаж байгаа нь  харамсалтай.

-Өнөөдрийн/2022.10.04/ байдлаар үймээн болоод байна шүү дээ. Одоогоор яг ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа юм бэ?

-Тухайн газарт төслийн баг, олон улсын тендерээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит компанийн инженер техникийн ажилчид, Увс аймгийн төвийн цагдаагийн хэлтэс, Өмнөговь сумын тасгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэхдээ 12 цагдаа иргэдийн өмнө хүч хүрэхгүй байна. Тэгэхээр төрийн бодлогоор явж байгаа томоохон төсөл гэдэг утгаараа дараагийн хүчийг нэмэгдүүлж зохих арга хэмжээг авч ажиллана. Яг одоогийн байдлаар бужигнаан зогссон. Иргэдийг ямар нэг байдлаар гэмтээж, хохироохгүйн тулд машин механизмуудыг нэг хэсэгт бөөгнүүлж тавьсан байна. Ер нь иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдэг зүйлийг хэлсэн. Гэхдээ бид хуулийн хүрээнд шийдэж ажиллах болно. Энэ тал дээр иргэд буруу ташаа мэдээлэл авах ямар ч үндэс байхгүй. 2021, 2022 онд бүх мэдээллийг өгч ажилласан ч өгсөн мэдээллийг өгөөгүй, очсон хүмүүстэй уулзахгүй дарга нараа дууд гэдэг. Сайд дарга нарыг очиход Засгийн газрын даргаа дууд гэх мэтчилэн зориуд төслийг зогсоож, хойшлуулан хоёр улсын хооронд үл ойлголцол бий болгож, ажлыг унагаах вэ гэсэн л ажил явагдаж байгаа. Маргаанаас хүүхдүүдээ авчирч суулгана, хоноглуулна, гэр барьж зам хаана гэсэн зүйл ярьж байна. Энэ нь өөрөө бүгд хууль бус ажиллагаа. Улсын тусгай хэрэгцээнд авсан газар хэн нэгэн дураараа нүүн шилжиж суух эрх байхгүй.

-Томоохон бүтээн байгуулалт учир энэ мэтчилэн асуудлууд гарах байх. Өмнө нь өрөмдлөгийн ажил хийсэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт үүнтэй ижил асуудал гарсан уу?

-Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст сум дээр л энэ асуудал гарч байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумд гүний өрөмдлөгийн ажил хийгээд дууссан. Тухайн үед Эрдэнэбүрэн, Мянгад сумын иргэдийг Увс аймгийн Улиаст багийн иргэд орж ирж турхирсан. Бүх зүйл баримттай, гэрчтэй. Тэгэхээр зорилго нь ил тод болоод байгаа юм. Ховд аймаг руу орж ирж Мянгад сумын иргэдийг турхирч, өөрсдийн үндэслэлгүй, хууль зөрчсөн тэмцэлдээ уриалан дуудаж оролцуулахыг оролдож байна гэдэг нь эх орны эсрэг Эрүүгийн хуульд заалттай зөрчил. Төсөл хэрэгжүүлэгчдийн өмнө үүнд хатуу байр суурьтай байгаа. Хуулийн хүрээнд үе шаттай хийх ёстой бүх ажлыг хийж, батлуулж, танилцуулсан. Нөхөн олговрыг 100 хувь олгож байна.

-Ярилцсанд баярлалаа

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн